| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0068/Э |
| Дугаар | 069 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 069
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Г-ний А-т холбогдох 1913001460081 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, 47-1 тоотод оршин суудаг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Ж.х овогт Г-ний А, регистрийн дугаар БЮ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь иргэн Ө.Н-ы хамар тус газар толгойгоороо мөргөн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Андууд” хүнсний дэлгүүрийн гадаа 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед иргэн Б.Н-ыг хэрүүл маргааны улмаас түүний толгой тус газар луу мөргөж, түүний биед тархины доргилттой, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гарсан, баруун ба зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
н 11-34 дүгээр хуудас/,
- Хохирогч Ө.Н-д учирсан гэх 400.000 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулахаар тохирсон баримт /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 59, 62 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Н-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би дэлгүүр лүү орох гэж байтал миний урд залуу явахаар нь таньдаг хүн юм шиг санагдаад хөөе нааш ир гэж дуудсан. Гэтэл чи юундаа орилоод байгаа юм бэ гээд миний урд ирээд намайг толгойгоороо мөргөх үед миний хамраас цус гарсан. Тэгээд би тонгойгоод байж байтал хадам ах Ц ирээд намайг аваад явж нүүр гарыг маань угааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
- Гэрч К.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүргэн дүү Ө.Н дэлгүүрийн гадаа согтуу ирээд надад хадам ахаа би архи уучихлаа гэхээр нь би архи уусан бол гэртээ хариад амарчих гэсэн. Тэгээд байж байтал нэг залуу дэлгүүр рүү орж байхад араас дуудаад муудалцаад байсан. Нөгөө залуу толгойгоороо манай хүргэн дүү Ө.Н-ы хамар руу мөргөчихсөн. Тэгээд хамраас нь цус гарахаар нь очоод салгаад чи согтуу хүнтэй зууралдаад яах юм бэ, явчих гэж хэлэхэд тэр за гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... “Андууд” хүнсний дэлгүүрээс тамхи авахаар орох үед ардаас нэг залуу хөөе гэж дуудсан. Тэгээд би эргэж хартал чи намайг танихгүй байна уу гээд миний цамцны оосроос татаад тавихгүй байсан. Тэгээд би цамцнаас гарыг нь тавиулах гээд доош нь дараад духаараа мөргөчихсөн юм. Тэгэхэд хамраас нь цус гарах үед миний цамцыг тавихаар нь яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон “РД:БЮ................, овог:Ж.х, эцэг/эх/-ийн нэр:Г, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1990-07-30, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 9-р баг, Хөх хад, 47 гудамж, 1 тоот, хүчинтэй хугацаа:2035-07-30, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Г.А-ийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 70 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын “2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Тус багийн оршин суугч Г овогтой А нь 1990 онд төрсөн, БЮ................. регистрийн дугаартай, эцэг, эхийн хамт амьдардаг. Иргэн Г.А-ийн өмчлөл болон эзэмшилд ямар нэгэн хашаа, байшин, машин техник бүртгэлд байхгүй. Г.А нь хүнд тусархаг, төлөв даруу зантай, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, санаачилгатай залуучуудын нэг бөгөөд урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ө.Н-ны биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 59, 62 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Н-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ө.Н-д учирсан хохирол болох 400.000 төгрөгийг шүүгдэгч З.А нь 1 сарын дотор төлж өгөхөөр болж баримт бичиж өгснийг үндэслэн Г.А-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Н-д олгох нь зүйтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.х овогт Г-ний А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Н-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-ийн гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК