| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00989/И |
| Дугаар | 181/ШШ2016/00838 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2016/00838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 14 дүгээр байр, 22 тоотод оршин суух, Насан овогт Чулуунбатын Түвшинбаяр /РД:ЦД56102079/-ын хүсэлттэй
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Түвшинбаяр миний бие нь 1981 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын ПДС-ийг ил уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, тэр үеийн ГУУҮЯамны харъяа Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институт /ГУУҮШИ/-д 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилтнаар орсон бөгөөд Уул уурхайн зураг төслийн товчоо болон Уул уурхайн секторт зураг төслийн инженер, эрдэм шинжилгээний ажилтнаар уг байгууллагыг хуучнаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 346 дугаар тогтоолоор өөрчлөгдөх хүртэл 6 жил гаруй ажилласан болно. Миний бие нь өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох болтол анх ажилд авсан ГУУҮШИ-ийн захирлын 1981 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 91 дүгээр тоот тушаалыг 1986 онд шинээр хэвлэгдсэн хөдөлмөрийн дэвтэр дээр нөхөн бичсэн байх юм. Энэхүү албан тоот тушаалыг тодруулахаар Улсын төв архив болон Нийслэлийн архив мөн холбогдох газруудаар шүүлгэсэн боловч уг тушаалын эх байтугай ГУУҮШИ-тэй холбоотой ямар ч баримт олдсонгүй. Иймд намайг 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институтэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Түвшинбаяр нь ажилласан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ч.Түвшинбаярын ажиллаж байсан талаарх баримтууд архивт хадгалагдаагүй болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-7 тал/, Архивын газарын тодорхойлолт /хх-8 тал/-оор тус тус тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтуудыг өөрөөр олж авах боломжгүй болжээ.
Ч.Түвшинбаяр нь 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Чулуунбатын Түвшинбаяр нэртэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5 тал/, 1985 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн огноотой дипломын хуулбар /хх-2 тал/, Техник технологийн мэдээ сэтгүүлийн 1988 оны дугаарт нийтлэгдсэн Ч.Түвшинбаярын бичсэн “Хайлуур жоншны жижиг ордын иехник-эдийн засгийн үндэслэл” нэртэй нийтлэл /хх-3,4 тал/, гэрч Ч.Тэгшсайхан, Б.Балжинноров нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ч.Түвшинбаярын ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Насан овогт Чулуунбатын Түвшинбаяр нь 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР