| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0101/Э |
| Дугаар | 097 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 097
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч Ж.А,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,
Хохирогч К.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт М-ийн Т-д холбогдох 19130022390146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, С овогт М-ийн Т нь 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тоосгоны үйлдвэрт шавар зуурагч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн 27- 14 тоотод оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар Б3...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь эхнэр К.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багт иргэн Холганатын хашаанд барьсан өөрийн эсгийн гэрт 2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 00 цаг 30 минутын үед хэрүүл маргааны улмаас эхнэр К.А-ийг зодож, хамрын нуруунд хавдартай, хамрын таславч мурийлттай, хамраар битүүрнэ, хамрын нуруунд цус хуралттай гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Х гэх хүн надтай байнга тоглоод байдаг бөгөөд миний бие ерөөсөө тоглоом дааж чаддаггүй тул байнга надаар тоглоод байдаг юм. Тэр өдөр бас надад нэг аяга авч ирээд өг гэхээр нь би зарах хүнээ олсон байна гэж уурлаад хүүхдээ аваад эсгий гэр руу явчихсан юм. Гэрт очоод байж байхад 23 цаг 50 минутын орчимд Е-ын эхнэр Акау /хоч нэр нь/ болон Ногооннуур сумаас ирсэн эгч хоёр орж ирээд бялуу идээрэй гэж дуудсан. Би очихгүй гэхэд дагуулаад Х-ын гэрт дахин орсон. Тэр үед ойролцоогоор 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минут орчим болсон байсан. Тэрээр Х-ын гэрт ороод байж байхад миний хүүхдийг Е аваад урдаа суулгаж байсан ба нэг харсан чинь ууж байсан шар айрганаас нь амсуулсан юм шиг харагдсан. Тэрээр би Е-д уурлаад та хүүхдэд шар айраг өгсөн юм уу, битгий өгөөрэй гэхэд тоглоод энэ миний хүүхэд гэсэн үг, би өөрийн хүүхдэд юугаа өгнө, өөрөө мэднэ гэж тоглосон. Тэгвэл би цагдаа дуудна шүү гэж хэлээд өөрийн гэр лүү явсан. Гэрт очоод цагдаа руу залгах гэж байхад гаднаас нөхөр Т хүүхдийг аваад орж ирсэн ба Т-ын араас гэрт сууж байсан бүх хүмүүс дагаад ирсэн. Тэр үед Т чи цагдаа руу яах гэж залгаж байгаа юм вэ гэж миний утсыг аваад улмаар хамар орчимд гараараа нэн удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад ухаан балартсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-34 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн ах болох Х гэх хүний хүү болох Х-ын хүүхдийн төрсөн өдөр нь болсон. Би тэр өдөр өвдөж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд шөнө 23 цагийн үед эхнэр болох А, өөрийн төрсөн эгч Т нарын хамт Х-ын гэрт очсон. Бид очих үед Х-ын хашаанд эсгий гэрт амьдарч байгаа Т, эхнэр нь болох А нар Х-ын гэрт сууж байсан. Тэрээр Х-ын эхнэр Ж хоол хийсэн бөгөөд хоол идээд дуусаад бялуу авч ирсэн байсан. Тэрээр бялуу зүсэж байхад Х А-тэй тоглоод чи аяга аваад ирээд бялуу идээрэй гэхэд чи зарах хүнээ олсон байна гэж хэлээд хүүхдээ аваад гараад явсан. Тэрээр араас нь эгч Т, Ж нар очиж дагуулаад ирсэн. Тэрээр хүүхдээ тэврээд ирэхээр нь би А-ээс хүүхдээ надад өгчих гэж хэлсэн. Учир нь би Т-ыг анх гэр бүл болохдоо бүх хурим, найрыг нь хийж өгсөн. Анх бэр гуйх үед би өөрөө очиж гуйж байсан. Дараа нь хүүхэдтэй болох үед нь Т-ын хүүхдэд би нэр хайрлаж байсан. Би өөрөө 5 хүүхдийн эцэг. Тэрээр би Т-ын хүүхдийг өөрийн хүүхэдтэй адил үздэг. Тэрээр би Т-ын хүүхдийг аваад сууж байгаад өөрийн ууж байсан сүүтэй цайнаас 2-3 удаа уулгасан. Тэр үед Т-ын эхнэр болох А надад та хүүхдэд юу өгч байгаа юм вэ? гэхэд Х наргиж чиний хүүхдэд шар айраг өгч байна гэж хэлэх үед А над руу уурлаад яагаад шар айраг өгөөд байгаа юм вэ гэж маргаан гаргасан. Би А-д чи юу яриад байгаа юм вэ, би 5 хүүхдийн эцэг, 11 сартай хүүхдэд юу гэж шар айраг өгөх юм вэ, чи боль гэж хэлсэн. Тэр үед би цагдаад хэлнэ гэж хэлээд гараад явсан. Араас нь Т хүүхдээ аваад яваад өгсөн. Т-ын араас эгч Т юу болж байгаа бол би яваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би араас нь очсон чинь А уйлаад сууж байсан ба юу болсон вэ гэхэд Т А-ийг зодчихсон байна гэж Х-ын эхнэр хэлсэн. Тэрээр тэнд сууж байсан эхнэр болох А-ийг явъя гэж дагуулж аваад юу болсон вэ гэхэд араас нь очсон чинь Т А-ийн хамар руу цохиж хамраас нь цус гарчихлаа, тэгээд салгаж авлаа гэсэн. Тэгээд би эхнэрээ дагуулаад яваад өгсөн ба Т-ын гэрт Х, Ж, эгч Т нар үлдсэн. Намайг очих үед А нүүрээ дараад уйлаад сууж байсан ба хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэрээр А Е-д хүүхдэд юу өгөөд байгаа юм вэ гэхээр нь би А-тэй тоглох санаатай танай хүүхдэд шар айраг өгч байна гэж хэлсэн чинь А уурлаад цагдаа дуудна гэж гараад явсан. Уг нь Е цай өгсөн байсан. Би тухайн өдөр орой хүн ирж магадгүй гэж бодоод 2.5 литрийн 1 ширхэг шар айргийг бялуутай цуг авсан байсан. Тэр шар айргийг задалсан боловч хэн ч уугаагүй. Аяганд байж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т гэр лүүгээ явсан бөгөөд араас нь эгч Т, бэр эгч А бид гурав очсон чинь Т-тай А маргалдаж байсан. Тэрээр Е ирээд А-д явъя гэхэд А би цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэр үед Т яах гэж дуудсан вэ? гэж уурлаад А-ийг баруун гарын гадна талаараа нэг удаа хамар орчимд цохих үед А-ийн хамраас цус гараад уйлаад суучихсан. Тэр үед миний эхнэр ч гэсэн ирчихсэн байсан. Тэрээр Е буцаж ирээд эхнэрээ дагуулаад явчихсан ба бид ч гэсэн гэр руу явчихсан. Маргааш нь А төрхөм руу явсан гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би хоол хийж байсан бөгөөд тэд ирсний дараа сууж хоол идсэн. Тэрээр хүүхдэд зориулж бялуу авсан байсан ба тухайн бялууг аваад нөхөр Х-д өгсөн. Х ерөөл хэлж бялууг зүсэж байгаад А-д бялуу идэх бол аяга аваад ир, би бялуу хийж өгье гэхэд А уурлаад хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Тэрээр араас нь Т эгч болон А нар очиж дагуулаад ирсэн. Тэр үед цаг 00 цаг өнгөрсөн байсан. Тэгээд буцаж ирээд бялуугаа идээд сууж байхад Т-ын хүүхдийг Е ах урдаа аваад суулгаж байсан ба ууж байсан аяганаас цай өгч байсан. Тэрнийг А хараад хүүхдэд юу өгч байгаа юм бэ? гэхэд манай нөхөр Х тоглоод шар айраг өгч байна гэж хэлсэн чинь та нар миний хүүхдэд шар айраг өглөө, та нарыг цагдаад өгнө гэж гараад явсан. Араас нь Т хүүхдээ аваад бас гараад явсан. Тэрээр Т-ын гэр нь манай хашаанд эсгий гэрт байдаг бөгөөд маргалдсан дуу гарахаар нь араас нь Т, А бид гурав очсон. Х бие засахаар явсан ба гэрт нь орсон чинь Т, А нар маргалдаж байсан. Удалгүй бидний араас Х орж ирсэн ба тэрний араас Е ирж А-д явъя гэхэд А та нар байж бай, би цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэр үед чи яах гэж цагдаа дуудсан вэ гэж Т А-ийн хамар руу баруун гарын гадна талаар нь нэг удаа цохих үед хамраас нь цус гарчихсан. Тэр үед Х салгаж авсан. Эгч Т бид хоёр очиж А-ийг аргадсан. Тэрээр Е эхнэрээ дагуулаад яваад өгөхөөр нь Т, А нарт унтаж амраарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Иргэн К.А”ийн хамрын нуруунд хавдартай, хамрын таславч мурийлттай, хамраар битүүрнэ, хамрын нуруунд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-7 хоногт үүссэн, гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. Иргэн К.А-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно" гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авга ах Х-ын хүүхдийн төрсөн өдөр нь болсон. Тэрээр Х-ын гэрт 23 цагийн үед эхнэр болох А бид хоёр очиж сууж байхад гаднаас авга ах болох Е эхнэрт, эгч Т нарыг дагуулаад орж ирсэн. Тэрээр Х-ын эхнэр Ж хоол хийж бид хэд сууж байгаад хоол идсэн. Х миний эхнэр А-тэй нас чацуу, үеийн хүмүүс учир байнга тоглоод байдаг тул бялуу зүсэж байхад аяга авч ирээд бялуу идээрэй гэхэд А чи надад аяга аваад ир гэж хэллээ гэж уурлаад хүүхдийг аваад гэр руу явчихсан. Тэрээр эгч Т А-ийн араас явж буцаад Х-ын гэрт аваад ирсэн. Тэгээд бялуу идээд сууж байхад миний хүүхдийг Е надад өгчих би барьж сууя гэж аваад өөрийн ууж байсан аяганаас цай өгч байсан. Би анх гэр бүл болох үед Е миний эхнэрийг очиж гуйж байсан, бидний хуримыг хийж өгсөн, миний хүүхдэд нэр хайрлаж байсан. Тэр үед А Е-д хандаж хүүхдэд юу өгөөд байна гэхэд Е-аас түрүүлээд Х тоглоод шар айраг өгч байна гэхэд А уурлаад би цагдаа дуудна, чи хүүхдэд шар айраг өглөө гэж уурлаад гараад явсан. Араас нь би хүүхдээ аваад гэрт очсон чинь гар утсаараа цагдаа руу залгаж байхаар нь би гар утсыг нь булааж авч ширээн дээр тавьсан. Тэр үед бэр эгч Ж, А, эгч Т нар хүрч ирсэн ба тэр хүмүүсийг хараад дахин уурлаад байсан. Тэрээр Е ирээд А-д явъя гэхэд А Е-ыг хараад би цагдаа дуудсан, чи байж бай гэсэн. Тэр үед би яах гээд байгаа юм вэ? гэхэд над руу дайрахаар нь би баруун гарын гадна талаараа А-ийн хамар орчимд нэг удаа цохих үед хамраас нь цус гарчихсан. Тэр үед А уйлаад суучихсан ба Е дахин орж ирээд эхнэрээ дагуулаад яваад өгсөн. Манай гэрт эгч Т, Ж нар больцгоо, унтаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэрээр унтчихсан бөгөөд маргааш нь өглөө би ажил руу явсан чинь А өөрийнхөө аав, ээжийнхээ гэр руу явчихсан байсан. Орой нь гэрт нь очиж үзсэн чинь хамар нь мурийсан байхаар нь дагуулаад хувийн эмнэлэгт очиж хамрын рентген зураг авхуулаад явсан. Тэгээд 1 дэх өдөр нь эмчлүүлээд өгье гэж бодож байхад цагдаад гомдол гаргасан байна. Улмаар Ховд аймагт байдаг хамаатны ах нас бараад Ногооннуур суманд оршуулахаар болсон тул тийшээ явж байгаад ирж К.А руу залгасан чинь “НурАлтайМэд” гэх эмнэлэгт хэвтэж хамраа янзлуулах гэж байна гэхээр нь тухайн эмнэлэгт очсон чинь эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмч нартай уулзаад нийт төлбөр нь 186.000 төгрөг болно гэсэн. Тэр мөнгийг эмнэлгээс гарах үед нь төлж өгөхөөр болсон байсан ба 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цалингаасаа урьдчилан авч тухайн эмнэлэгт очиж тооцоо хийхэд нийт 150.000 төгрөгийн төлбөр гарсан. Би уг төлбөрийг бүрэн төлж өгсөн. Эхнэр К.А намайг уучилсан.Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын “2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Тус багийн иргэн М овогтой Т нь БЗ.......... регистрийн дугаартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 27-13 тоотод оршин суудаг, урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Регистрийн №:БЗ............, овог: С, эцэг /эх/-ийн нэр:М..............., нэр:Т.............., хүйс:Эрэгтэй, төрсөн огноо:1996 оны 4-р сарын 14 өдөр, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 4-р баг, Их булан, 27 гудамж, 13 тоот, үндэс:Казах, аймаг, дүүрэг:Баян-Өлгий, Өлгий” гэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч К.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Т-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч К.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч К.А-д учирсан хохирол болох 150.000 төгрөгийг шүүгдэгч М.Т төлж өгсөн учир түүнд төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болно.
Шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт М-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.Т-ын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК