Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 092

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

Шүүгдэгч П.И нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П-ны И-д холбогдох 1913002020123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, С овогт П-ны И нь 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БА.................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.И нь иргэн Б.М-ийг  зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.И нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн зүүн талын авто замд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Б.М-ийг тээврийн хэрэгслийн араас дагалаа гэх шалтгаанаар зодож, түүний биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, хацарт, нүүрэнд хавдартай, цус хуралттай, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие “ЖЭМ” трейд ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын түгээгч, жолооч ажилтай. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 40 минутын орчимд Өлгий сумын 11 дүгээр баг, Ах-дам захын баруун талд байрлалтай “ЕНДА” хүнсний дэлгүүрийн хажуу талын агуулахаас ачаа ачаад зогсоолоос компани 3196 УБЛ улсын дугаартай “Бонго” маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслээр худалдааны төлөөлөгч Е гэх залуугийн хамт хөдлөөд зам руу орох үед зүүн талаас хар өнгийн Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл дуут дохио өгч тулаад ирсэн. Замын хөдөлгөөний дүрмээр тухайн “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэл явах учир би зогсож зам тавьж өгч улмаар араас нь хөдлөөд Нэгдсэн эмнэлгийн зүүн талын “Самгау” нэртэй дэлгүүрт ачаа хүргэж өгөхөөр явж байсан. Тухайн “Верна” маркийн тээврийн хэрэгсэл миний урд явж байсан ба Юнител ХХК-ны салбарын 3 замын уулзвараар зүүн тийшээ буюу 1 дүгээр сургууль руу эргэсэн. Би бас тэр замаар явах учир араас нь эргээд явж байхад Юнител ХХК-ны салбарын үүдэнд очих үед гэнэт тоормосоо гишгэж зогссон. Би араас нь мөргөх шахам зогсох үед “Верна аксент” машины жолооч машинаасаа бууж ирээд надад чи үхсэндээ томроод байгаа юм вэ? гэж намайг заамдаж авахаар нь би тухайн залууд миний ч гэсэн явж байгаа зам энэ, чи юундаа хэрүүл, маргаан гаргаад байгаа юм вэ? гэж хэлээд машин руу нь суулгаад явуулсан. Тэр залуу машинаа асаагаад 1 дүгээр сургуулийн буланг тойроод төрөх эмнэлгийн доод талын замаар урагшаа явж байсан ба би араас нь явж байхад гэнэт эргээд миний машины өөдөөс машинаа харуулаад зогсож, машинаасаа бууж ирсэн. Би ч гэсэн машинаас буусан чинь миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний хамраас цус гарчихсан ба хамраа барьж байхад баруун талын нүд руу гараараа дахин нэг удаа цохисон. Тэр үед худалдааны төлөөлөгч гэх Е машинаас буугаад тэр залууг барьж авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг тэр залуу зодож байхад бидний өөдөөс Фургон маркийн тээврийн хэрэгслээр аав, ээж нь ирээд зогсож намайг зодсон залууг салгаж авсан. Аав, ээж нь надаас уучлаарай гэж уучлалт гуйсан. Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүх эмнэлэгт үзүүлсэн 8500 төгрөг, рентген зураг авхуулсан 15000 төгрөг, эм авсан 25.000 төгрөг, нийт 48.500 төгрөг нэхэмжлэх болно гэж хэлсэн ба тэрнээс хойш П.И-ыг дагуулж Нур-Алтай-Мэд эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын мурий засахад 700.000 төгрөг, 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд ор, хоногийн мөнгө 150.000 төгрөг болно гэсэн. Надад өнөөдрийн байдлаар нийт учирсан хохирол 898.500 төгрөг шаардагдаж байгаа юм. Би П.И-д эдгээр мөнгөнөөс зөвхөн хамрын мурий эмчлүүлэх 700.000 төгрөг өг, бусад мөнгийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн ба П.И надад 700.000 төгрөг өгсөн. Надад одоогийн байдлаар хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Учир нь эмчилгээгээ өнөөдрийг хүртэл хийлгээгүй. Хэд хоногоос хийлгэнэ. П.И-аас дахиж хохирол нэхэмжлэхгүй. П.И надаас уучлалт гуйж эмчилгээний 700.000 төгрөгийг өгсөн тул надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Би П.И-ыг уучилсан. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар хуудас/,

- Гэрч Ү.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний бие “ЖЭМ” трейд ХХК-ны тус аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд аймгийн төв болон сумдын худалдаачдын захиалгыг авч, бараа нийлүүлдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн зүүн талын “Самгау” нэртэй дэлгүүрийн захиалгыг авч улмаар Ах-дам захын баруун талд байрлалтай агуулахаас жолооч, түгээгч ажилтай Б.М-ийн хамт ачаа ачиж, хөдлөөд зогсоолоос гол зам руу орох гэж байхад хар өнгийн “Верна” маркийн тээврийн хэрэгсэл хойноос манай урд орж ирээд сигнал дарсан. Тэр үед Б.М машинаа зогсоож, тухайн машиныг явуулсан ба араас нь хөдлөөд явсан. Тэрээр тухайн хар өнгийн “Верна” маркийн тээврийн хэрэгсэл бидний машины урд явж байгаад Юнител ХХК-ны салбарын урд замд гэнэт зогсож, машинаасаа буугаад Б.М руу та нар миний араас дагаад байгаа юм уу гэж дайрсан. Тэр үед би машинаас буугаад тухайн жолоочийг барьж аваад машин руу нь суулгаад чи битгий зодоон үүсгэх гээд бай, бидний очих гэж байгаа чиглэл энэ замаар явдаг, чиний араас дагасан хүн байхгүй гэж явуулсан. Тэрээр яваад өгсөн ба араас нь дахиж бид хөдлөөд явсан. 1 дүгээр бүрэн дунд сургуулийг тойроод төрөх эмнэлгийн доод талын замд явж байхад гэнэт эргээд хар өнгийн “Верна” маркийн машиныг бидний машины өөдөөс харуулаад зогсоож, машинаасаа дахиж бууж ирсэн ба жолооч Б.М машинаас буух үед хамар руу нь нэг удаа цохисон. Тэр үед Б.М-ийн хамраас цус гарчихсан ба тэрээр баруун талын нүд орчимд нэг удаа дахин гараараа цохиж нүдийг нь хөхрүүлсэн. Тэр үед би “Верна” машины жолоочийг дахиж барьж авсан. Б.М-ийг зодож байхад бидний хажууд фургон маркийн машин ирж зогссон ба тэр машин Б.М-ийг зодсон залуугийн аав нь гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... “Самгау” хүнсний дэлгүүрийн эзэн нь өөрөө бараагаа захиалдаг. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “ЖЭМ трейд” ХХК-д ус, ундаа, архи захиалсан байгаа ирэхээр нь тоолоод хүлээгээд аваарай гэж хэлсэн. Тэрээр өдөр 15 цагийн үед авч ирээд өгнө гэсэн боловч цагтаа ирээгүй. Миний бие 18 цагийн үед дэлгүүрээс буугаад явдаг бөгөөд 5 дугаар сарын 16-ны өдөр 18 цагт яг ажлаас буух гэж байхад “ЖЭМ трейд” ХХК-ны худалдааны төлөөлөгч Е гэх залуу танай дэлгүүрийн захиалсан архи, ундаа гэж авч ирээд өгөхөөр нь тоолоод хүлээгээд авсан. Та нар яагаад цагтаа ирээгүй юм вэ? гэхэд Е гэх залуу танай дэлгүүрийн ачааг аваад ирж байхад замд төрөх тасгийн хажууд нэг залуу жолооч Б.М-ийг зодоод улмаар цагдаад байж байгаад ирлээ. Б.М цагдаад байна тэгээд удчихлаа гэж хэлсэн. Чухам юунаас болж хэнд зодуулсан талаар мэдэхүй. Тэрнээс хойш Б.М огт ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт “Иргэн Б.М-ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, хацарт, нүүрэнд хавдартай, цус хуралттай, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Б.М-ийн дээр гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Иргэн Б.М-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” /хх-ийн 36 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.И-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг өнгөрөөд ээж болох Ж-ны даралт нь ихэссэн байх тул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч, шингэн залгуулахаар ахын нэр дээр байдаг 5183 бөа улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгслээр гэрээс гараад Ах-дам захын баруун талын замаар урагшаа явж байхад “ЕНДА" гэх дэлгүүрийн зогсоолоос цагаан өнгийн портер маркийн машин гол зам руу орох гэж байсан. Нэгэнт уг замаар би явж, портер машин зам тавьж өгөх учир сигнал дарж анхааруулаад урдуур нь яваад өгсөн. Тэгээд би “Монос” эмийн сангаас эм авахаар болж Юнител ХХК-ны аймаг дахь салбарын ертөнцийн зүгээр хойд талын замд зам дээр зогссон. Тэр үед хойноос тухайн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл мөргөх шахам болж зогссон. Тэрээр би тухайн сигнал дарж явсан цагаан өнгийн Портер маркийн машин араас дагаж байгаа юм байна гэж уурлаад би машинаасаа буугаад тухайн портерын жолооч Б.М руу яах гэж дагаад байгаа юм вэ? юундаа томроод байгаа юм вэ? гэж очиж бид хоёр маргалдсан. Тэрээр Б.М намайг барьж аваад машинд минь суулгаж өгөөд чамайг дагасан хүн байхгүй, бид ч гэсэн энэ замаар яваад ачаа буулгах гэж байна, би нэгдсэн эмнэлгийн тийшээ явах ёстой гэж хэлсэн. Тэгээд би эмийн сангаас эм авалгүй хөдлөөд явсан ба 1 дүгээр бүрэн дунд сургуулийн зүүн талаар тойроод урагшаа сайжруулсан шороон замаар явж байхад аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх төрх тасгийн зүүн талын шороон замаар явж байхад цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дахин миний араас дагаад байсан. Тэрээр би дотроо анх зам тавьж өгөлгүй яваад өгснөөс болж намайг дагаж байгаа юм байна гэж бодож явж байтал өөдөөс аав болох План өөрийнхөө Фургон маркийн тээврийн хэрэгслээр гараад ирэхээр нь би машинаа бүтэн эргүүлээд араас ирж байсан Портер маркийн машины өөдөөс харуулж зогсож яах гэж дагаад байгаа юм вэ? гэж уурлаад жолооч болох Б.М машинаас бууж байхад хамар руу нь нэг удаа дараа нь баруун талын нүд орчимд нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед портерын дотор явж байсан нэг залуу намайг барьж авсан. Б.М намайг газраас чулуу аваад цохих гэж байхад аав Б.М-ийн гарыг барьж авсан. Тэрээр Б.М-ийг би цохисноос болж хамраас нь цус гараад баруун талын нүд нь хөхөрчихсөн. Тэгээд аав План бас намайг загнасан. Миний бие тухайн өдөр Б.М-ийг миний араас машинтай дагаж байна гэж ойлгоод улмаар аймгийн гэдсэн эмнэлгийн төрөх тасгийн зүүн тал, Бай-булган эмийн сангийн баруун талд 2 удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.М-ийг зодсоноос болж хамар нь мурийсан байсан ба “Нур-Алтай-Мэд” эмнэлэгт дагуулж очиж үзүүлэхэд Улаанбаатар хотоос эмч нар хамар эмчлэх эмч нар ирсэн бөгөөд тухайн эмч нар Б.М-ийн хамрын мурийлтыг 700.000 төгрөгөөр эмчилж өгнө, ор хоногийн мөнгө 150.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэрээр Б.М надад 700.000 төгрөг өг, эмнэлэгт хэвтэх зардлыг өөрөө гаргая гэж миний бие Б.М-д 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 700.000 төгрөг өгсөн. Б.М-ээс уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 8-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосон “РД:БА................., овог:С, эцэг/эх/-ийн нэр:П, нэр:И, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1992-11-20, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 1-р баг, Хуст арал, 17 гудамж, 27 тоот, хүчинтэй хугацаа:2037-11-20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр багийн Засаг даргын “2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Тус багийн оршин суугч П овогтой И нь БА92112016 регистрийн дугаартай, ам бүл 3” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/,

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “улсын бүртгэлийн дугаар:r0213005902, хаяг:Баян-Өлгий, Өлгий сум, 3-р баг, Бөхөн Уул, Зам гүүр-300 гудамж, 3012 тоот, Талбайн хэмжээ m2, Хөрөнгийн төрөл:Газар, эрхийн төрөл:бэлэглэсэн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо:2015-05-29, үндэслэл:төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулах, өмчлөгчийн тоо 1, шилжүүлсэн огноо:201-03-25, үндэслэл:бэлэглэсэн” гэх лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.М-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.И-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Б.М-д учирсан хохирол болох 700.000 төгрөгийг шүүгдэгч П.И төлж өгсөн учир түүнд төлөх төлбөргүй байна. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-ны шүүх хуралдаанд гаргасан “Торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.И нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болно. 

Шүүгдэгч П.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт П-ны И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.И-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.И-ыг нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч П.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч П.И-ын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК