Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 089

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч М.О,

Шүүгдэгч бөгөөд хохирогч П.Н, Б.Е нарын өмгөөлөгчид С.А, С.Т,

Шүүгдэгч бөгөөд хохирогч П.Н, Б.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н, Б.Е нарт холбогдох 1913002080124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Н.с овогт Б-ийн Е нь 1986 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ................

2. Х овогт П-ын Н нь 1990 оны 10 дугаар сарын 20- ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ..................

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н, Б.Е нар нь харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч П.Н, Б.Е нар нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан арал гэдэг газарт Б.Е-ын байшингийн эгц хойшоо 150 метр газарт 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед бэлчээрт байсан Б.Е-ын хурга, ишигтэй П.Н-ын мал ирж нийлсэн гэх асуудлаар хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Е-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан арал гэх газарт амьдардаг. Би өөрийн 100 толгой мал, аав Б-ийн 200 толгой малыг нийлүүлж малладаг юм. Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8 цагийн үед хурга, ишгийг хашаанаас гаргаад голын эргийн зүлэгт эргүүлээд байсан ба 9 цагийн үед хөрш болох П.Н хонио эзгүй туугаад явуулсан бөгөөд манай хурга, ишиг П.Н-ын малтай нийлчихсэн. Улмаар би хурга, ишгийг хувааж аваад П.Н-ын малыг цаашаагаа туугаад явуулсан. Тэр үед П.Н 1 цагийн дараа буюу 10 цагийн үед П.Н мотоциклоор мал руу очиж эргүүлээд буцаад гэр лүүгээ явсан. Тэр үед би малын хашаан дотор ямаа самнаж байсан. Удалгүй 12 цагийн үед П.Н дахин мотоциклтой мал руу явсан ба эргүүлээд туусан ба мал нь эргээд миний хурга, ишигтэй нийлчихсэн. Миний хурга, ишиг манай хашаанаас 50-аад метр газар байсан ба мал нийлсэн учир би мал руу очиж тэдний малыг тууж өөрийн хашаа руу оруулж хурга, ишгийг хувааж авах санаатай тууж байхад П.Н мотоциклоор давхиж ирээд малын урд гараад зогсоосон. Тэрээр би чи малыг битгий зогсоо, би хашаандаа оруулаад хурга, ишгийг хуваагаад авъя гэхэд П.Н чи хашаандаа оруулдаг хэн юм вэ?, хувааж авах бол энд хувааж ав, үгүй бол боль гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэрээр мотоциклоосоо буугаад намайг ирээд заамдаж аваад миний аман тус газар 2-3 удаа цохисон. Тэр үед би зөрүүлээд нүүр хэсэгт нь цохих үед П.Н-ын хамраас нь цус гарсан. Тэр үед голын эрэгт явж байсан Ж, С нар хүрч ирэх үед П.Н та нар цаашаа яв гэж хэлээд намайг шууд газар унагаасан бөгөөд бид хоёр ноцолдож байхад миний өмсөж байсан куртик /хүрэм/ миний толгой руу углагдсан бөгөөд тэр үед гартаа чулуу барьж тухайн чулуугаар толгойн зүүн талын дагз хэсэг руу нэг удаа, дараа нь баруун талын нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. Хоёр дахь цохилт нь намайг аймаар ихээр өвтгөсөн тул нүд гэж хашхирсан чин намайг зодохоо зогсоосон. Тэрээр босоод мотоциклоо унаад яваад өгсөн. Миний толгой, баруун талын нүд орчмоос цус гарчихсан. Тэр үед манай гэрийн хажууд явж байсан. Ж, С нар байсан ба тэд намайг П.Н-аас айсан юм уу салгалгүй зогсож байсан ба сүүлд П.Н явсны дараа чамайг чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тэрээр гэрт ороод нүүр гараа угаагаад аймаг руу хүрч ирээд нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь баруун талын нүдний дээд хэсэгт 3 ширхэг оёдол тавьж, эмч бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38- 39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч П.Н-ын  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өглөө эхнэр Ж.Г-ын хамт ямаа самнахаар болсон тул хонь хариулах хүнгүй болж малаа хашаанаас өглөө 09 цагийн орчимд гаргаж явуулсан. Тэгээд эхнэр Г-ын хамт малын хашаанд ямаа самнаж байсан ба ойролцоогоор 11 цагийн үед малаа очиж нэг эргэчхээд буцсан. Тэгээд дахин малын хашаанд ямаа самнаж байгаад 12 цагийн үед өөрийн ногоон өнгийн Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклоор дахин мал руу очсон чинь манай дээд айл болох Б.Е-ын хурга манай малтай нийлчихсэн байсан. Тэгээд малын цаад тал руу мотоциклтой гараад эргүүлээд ирэхийн хооронд эхний мал Б.Е-ын гэрийн хажууд ирчихсэн бөгөөд Б.Е миний малыг туугаад явж байсан тул мотоциклтой очоод малын урд зогсож буухын даваанд Б.Е чи малаа хариулахгүй орхисноос болж манай хурга, ишиг нийлчихлээ гэж гартаа барьсан суран үзүүртэй шилбүүрээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэр үед би мотоциклтойгоо газар унасан Тэрээр бид хоёр бие биеэ заамдаж барилцаж авч бие биетэйгээ маргалдсан. Тэрээр бие биенийгээ тавьж дахин би мотоциклоо унаад явах гэж байхад чи малаа хариулгагүй үлдээгээд, миний хурга, ишиг нийлчихлээ гэж дахин маргаан эхлээд гараараа гэдсэн тус газар 2 удаа цохихоор нь би ч гэсэн мотоциклоос буугаад бид хоёр зодолдож байсан ба миний хамар тус газар гараараа цохих үед хамраас цус гарчихсан ба тэр үед би Б.Е-ыг барьж аваад хэд хэдэн удаа толгой нүүр хэсэгт нь цохиж ноцолдох байхад өмсөж явсан хүрэм нь толгой руу нь углагдсан байсан. Тэр үед би Б.Е-ыг чухам юугаар цохисныг мэдэхгүй, өөрийгөө барьж чадахгүй толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Нэг мэдэхэд бидний хажууд Ж, С нар ирчихсэн байсан. Тэгээд зодооноо зогсоогоод голын эрэгт очиж би нүүр амаа угааж, хамраас гарсан цусаа тогтоож авсан. Би нүүр гараа угааж байхад Б.Е ч гэсэн гол руу ирээд нүүр гараа угааж байсан. Би Б.Е-ыг зодоод босох үед Б.Е-ын баруун талын хөмсөг хэсгээс цус гарсан байсан. Би аймагт ирээд эмчид үзүүлсэн чинь хамрын яс хугарсан тул “НурАлтай мэд” гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Б.Е бид хоёр шалихгүй зүйлээс бие биетэйгээ зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байсан тул бие биеийнхээ мууг үзэхгүй эвлэрье гэж бодоод Б.Е-тай уулзаж уучлалт гуйсан. Б.Е ч гэсэн надаас уучлалт гуйсан" гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ....2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд хамаатны ах болох Ж гэх хүний хамт голын усны түвшинг үзээд ирж байхад Б.Е-ын байшингийн хойд талд 150 метр зайд 2 хүн ноцолдож байсан ба Ж бид хоёр мотоциклтой ойртож очсон чинь хөрш Б.Е, П.Н нар бие биесээ заамдаж аваад бие биеэ цохиж байсан. Тэрээр Ж бид хоёр очиж салгах гэхээр Н битгий ойрт гэхээр нь Ж очиж салгаж авсан. Тэр үед П.Н-ын хамраас нь цус гарсан байсан ба Б.Е-ын баруун талын хөмсөг хэсгээр цус гарсан байдалтай байсан. Тэгээд П.Н мотоциклоо унаад гол руу явсан ба араас нь Б.Е ч гэсэн гол руу явсан. Б.Е-ын гарт мал туухад байнга авч явдаг урт модон иштэй суран үзүүртэй шилбүүр басан ба зодооны дараа аваад явсан. Бид очих үед шилбүүрээр цохиж, ямар нэгэн эд зүйлээр бие биеэ цохисон асуудал байгаагүй. Тэд бие биеэ барьж байхад шилбүүр нь газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өдрийн 12 цагийн орчимд хамаатны дүү болох С бид хоёр голын усны түвшинг үзэхээр миний мотоциклоор уруудаад явж байхад Б.Е-ын байшингийн хойд талд зүлгийн хажууд Б.Е, П.Н нар бие бие рүүгээ хараад зогсож байсан ба зөрж өнгөрөөд 10-аад минутын дараа буцаж эргээд явж байхад Б.Е, П.Н нар бие биесээ цохиж зодолдож байсан. Бид дөхөж очих үед бие биеэ зодохоо больсон.  Н-ын хамраас, Б.Е-ын баруун хөмсөгнөөс цус гарсан байсан. Бид очих үед тэд дахин бие биесээ барьж аваад цохилцож байхаар нь би очиж салгаж авсан. Тэр үед тэдний мал нийлснээс болж зодолдсон гэж мэдсэн. Би салгасны дараа П.Н мотоциклоо унаад гол руу чиглээд явсан ба араас нь Б.Е яваад өгсөн. Тэдний гарт ямар нэгэн зүйл байгаагүй, зөвхөн гараараа зодолдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт “Иргэн П.Н-ын биед гархины доргилт, хамрын яс хугарсан хамрын нурууны мурийлттай, олон тооны зөөлөн эд шалбаралт, хамраас цус гарсан, хамрын нурууны зүүн талд шарх, духанд шарх, хэвлийн баруун талд хавантай, улайлт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн П.Н-ын биед үүссэн хатуу мохоо зүйлээр үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн П.Н-ын биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт. “..Иргэн Б.Е-ын биед баруун талын нүдний дээд доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, духны баруун талд зулгарсан зулгаралт, баруун талын хөмсөг, толгойн орой хэсгүүдэд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Е, П.Н нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62, 66 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, сэтгэлзүй, зан төлөв, малын бэлчээрийн маргаан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

- Хохирогч П.Н-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь  Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Е-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ны 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Е, П.Н нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Е, П.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь бие биедээ төлөх төлбөргүй байна. 

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Е, П.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Е, П.Н нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Е, П.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.  

Шүүгдэгч Б.Е, П.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Н.с овогт Б-ийн Е, Х овогт П-ын Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, П.Н нарын тус бүрийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, П.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Е, П.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Б.Е, П.Н нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧА.ДАУРЕНБЕК