Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01055

 

                                                                                                      

2025 06 18 210/МА2025/01055

 

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч******* ТӨХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 42,651,527 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.******* нь *******-ийн захирлаар ажилладаг ба Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах өөрийн эзэмшил газарт 6 айлын амины орон сууцны хотхоны барилгын ажлыг 2019 онд эхлүүлж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр загварын байр болох 130 м.кв нэг байшингийн халаалт, цэвэр, бохир усны шугам, заслын ажлыг бүрэн хийж дуусгаж, 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиаторыг тогонд залгаж байнгын ажиллагаанд оруулсан.

 

1.2. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшиндаа тавилга хийлгэхээр мэргэжлийн хүмүүсийн хамт хэмжээ авахаар очиход байшингийн 2 ариун цэврийн өрөө усаар дүүрсэн, 3 унтлагын өрөө, коридорын шал усаар дүүрсэн, том өрөөний шалан доогуур явж байгаа усны шугамыг дагаад ус нэвчсэн, өрөө тусгаарласан 5 хаалга хөлдөж хагарсан, бүх өрөөний хананы доод хэсгээр 40 орчим см усанд норж, хананы обой норж, хөндийрсөн байсан.

 

1.3. Тухайн үед халаалтын зуухнаас боллоо гэж бодоод халаалтын зуух авсан Акуатерм дэлгүүрт очиж үзүүлэхэд манай зуух хэвийн ажиллагаатай байна гэсэн хариу өгч, та тогны хүчдэлээ шалгуулаарай гэж зөвлөсөн.******* нь төлөвлөсөн хотхоноо цахилгаан үүсгүүрээр хангахын тулд 10/0,4кВ-ын 1*250 кВ хүчин чадал бүхий цахилгаан хангамжийн дэд өртөө /КТПН/-г өөрийн хөрөнгөөр барьж байгуулан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвд гомдол гаргаж 807744 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирлын акт үйлдэхийг хүссэн боловч уг газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариу ирүүлэхдээ нөөц дизель цахилгаан үүсгэвэр, автомат сэлгэн залгагч болон хэд гүйдэл фазын хамгаалалт тавихыг зөвлөж, хамтран ажиллахад бэлэн гэсэн хариу ирүүлсэн.

 

1.4. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан ба уг газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09/125 дугаартай албан бичгээр*******тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан хохирол барагдуулах журмаар хохирлыг барагдуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хороонд хариу ирүүлнэ үү гэх мэдэгдлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/288 дугаартай албан бичгээр учирсан хохирлыг манай компанийн зүгээс барагдуулах боломжгүй байна гэсэн хариуг Эрчим хүчний зохицуулах хороонд буцааж хүргүүлсэн.

 

1.5. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хохирлын акт үйлдэхгүй чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Хотхоны загварын байшинд учирсан хохирлыг Гэрэлт хаш ХХК-аар үнэлүүлсэн ба энэхүү хохирлыг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31/03 дугаартай албан бичгийн хавсралтаар цахилгааны хүчдэл нь стандарт хэмжээндээ байгаагүй болохыг горимын инженер нь тодорхойлсон.

 

1.6.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас гэм хорын хохирол болох 36,898,327 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,753,200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь үнэлгээний Гэрэлт хаш ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 924 дугаар дүгнэлтээр гэм хорын улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг цалингийн зардал, материалын зардал, тээврийн зардал гэж тодорхойлсон. Үүнд буулгалтын зардлыг тооцоогүй.

 

Иймд буулгалтын зардал болох 5,753,200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 42,651,527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ашиглалтын 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцад 35 кВ-ын Рашаант гаргалгын 300/5 A хүчин чадал бүхий гүйдлийн трансформатор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 15 минутад 308 А хүрч хэт ачаалагдсан тул тус компанийн хүсэлтээр ачаалал хөнгөлөх ажил хийгдсэн. Үүнд: 35/10 кВ-ын Гэрэл д/ст-с 10 кВ-ын Нефты, Тахилт шугамуудын ачааллыг 110/35/10 кВ-ын Найрамдал, 110/10 кВ-ын Толгойт дэд станц руу тус тус шилжүүлж 260 A болж буурсан.

 

2.2.******* ТӨХК-аас хэт ачаалагдаад буй 35 кВ-ын Рашаант ЦДАШ-ын 300/5А гүйдлийн трансформаторыг солих талаар шуурхай ажиллагааны журмаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбарт мэдэгдсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг, 28 минутад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформатор 320 А хүрч дахин хэт ачаалагдсан тул 35/10 кВ-ын Партизан дэд станцаас 10 кВ-ын Аргунт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцаас 10 кВ-ын Гүнт шугам руу ачаалал шилжүүлж хөнгөлөх ажил хийгдсэн. Тухайн 10 кВ-ын Гүнт шугамын хэрэглэгчдээс хүчдэлийн уналт үүсэж байгаа талаар гомдол манай компанид ирүүлэх болсон тул 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагт 35/10 кВ-ын Яргайт дэд станцад трансформаторын РПН-ийг хөдөлгөж хүчдэл нэмж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д нэгдсэн сүлжээний дүрмийн 2.2.2.5 дах заалтын дагуу 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцад хүчдэлийн тохируулга хийж нэмэх, 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформаторыг өргөтгөн солих талаар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.

 

2.3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах КТПН-10055 дугаартай хувийн эзэмшлийн дэд станцаас танай зуслангийн байшин цахилгаан эрчим хүчээр тэжээгдэж байгаа 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцаас 35 кВ-ын Рашаант цахилгаан дамжуулах агаарын шугам хэт ачаалагдаж аваарын байдал гарсан учраас 35/10 кВ-ын Партизан дэд станцын Ар гүнт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцын Гүнт фидер лүү түр шилжүүлсэн байсныг хэвийн схемд оруулсан байдаг. Танай зусланг тэжээж байгаа КТПН-10055 дэд өртөө нь Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журамд зааснаар 3 дугаар зэрэглэлийн хэрэглэгчийн ангиллын шугам тоноглолоос тэжээгддэг.

 

2.4. Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаартай тушаалаар батлагдсан цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журмын 3.3-т хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаллын шугам сүлжээнээс хоёр талын тэжээлтэй байхаас гадна аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах, өөрийн эзэмшлийн аваарын эх үүсвэртэй байна. Энэ зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаагаар тодорхойлогдоно гэж заасан байдаг. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.4 заалтад Хэрэглэгч нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх гэж заасан байна.

 

Иймд өөрийн байранд нөөц дизель цахилгаан үүсгэвэр, автомат сэлгэн залгагч болон хэт хүчдэл, гүйдэл фазын хамгаалалт тавихыг техникийн нөхцөлд заасан байдаг. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн тоноглол хэт ачаалсны улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК барагдуулах боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгч*******, ******* нарын хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан гаргасан 42,651,527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,452 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: ...Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг зөрчиж, тогны хэлбэлзэл үүсч, хохирол учруулсан тул******* ТӨХК гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх 15/03375/19 дугаартай техникийн нөхцөлийн 4.6 дахь заалтад цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсгүүр /дизель генератор/ суурилуулах талаар заасныг үндэслэсэн. Гэтэл цахилгаан эрчим хүч тасрах, цахилгаан эрчим хүчний хүчдэл хэлбэлзэх нь хоорондоо өөр өөр ойлголт байх ба цахилгаан эрчим хүч тасрахад цахилгаан эрчим хүчний хүчдэл үгүй болж тэг болох, харин цахилгаан эрчим хүчний хүчдэл хэлбэлзэхэд цахилгааны хүчдэл байх ба цахилгааны хүчдэл ихэссэн, багассан тохиолдолд Олон улсын стандартын шаардлага хангасан, алдагдал багатай 250 кВА чадалтай, 10/0.4 кВ-ын хүчдэлийн, хүчдэл тохируулгын 5 шатлалтай трансформатор бүхий КТПН нь уг хэлбэлзлийг тогтворжуулж цахилгааны хүчдэлийг тогтвортой барих зориулалттай болох нь 15/03375/19 дугаартай техникийн нөхцөлийн 4.1-д Олон улсын стандартын шаардлага хангасан, алдагдал багатай 250 кВА чадалтай 10/0.4 кВ-ын хүчдэлийн, хүчдэл тохируулгын 5 шатлалтай трансформатор бүхий дэд өртөөг /КТПН/ өөрийн эзэмшлийн газарт шинээр барих гэж заасан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Цах-011/2020 дугаартай дүгнэлтийн 3.1-д ...ДҮГНЭСЭН нь: Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв гэж тусгаснаас харж болно.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгосон 15/03375/19 дугаартай техникийн цахилгаан хангамжийн 3 дугаар зэрэглэлийн шугамаас холбогдож байгаа хэрэглэгч нь цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсгүүр буюу дизель генераторыг КТПН-нд суурилуулсан байсан ч тухайн нөхцөлд буюу цахилгааны хүчдэл хэлбэлзэж байгаа үед нэмэлт эх үүсгүүр буюу дизель генератор ажиллахгүй бөгөөд тог тасарсан үед л ажиллах юм. Харин цахилгааны хүчдэл хэлбэлзэхэд КТПН нь 5 шатлалаар хүчдэлээ тохируулах зориулалттай болох нь техникийн нөхцөлөөс харагдана. Иймд илт зөрүүтэй ойлголтыг анхан шатны шүүх ялгаж дүгнээгүй.

 

5.2. 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжид хамаарах эсэх талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад шүүх эдгээр тоног төхөөрөмжийг ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Зуслан гэр хорооллын дотроо бохир, цэвэр усны асуудлаа шийдсэн айл бүр эдгээр төхөөрөмжийг ашигладаг бөгөөд халаалтын зуух, хөлдөлтөөс хамгаалах утас, цахилгаан радиатор нь нарийн мэдрэмжтэй төхөөрөмжид хамаарахгүй, энгийн хэрэглээний төхөөрөмжүүд юм.

 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч******* нь өөрийн хувийн эзэмшлийн дэд станц болох КТПН-10055-д техникийн нөхцөлд заасан нөөц эх үүсвэр суурилуулаагүй, гэрээнд заасан гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нөөц эх үүсвэр тавих нь цахилгаан эрчим хүчний хэлбэлзэлд хамааралгүй ба гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавих нь энгийн хэрэглээний тоног төхөөрөмж ашиглаж байгаа үед шаардлагагүй болно. Нэхэмжлэгч нь нөөц эх үүсвэр болон гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавих үүрэггүй байхад нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг, 28 минутад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформатор 320А хүрч ачаалагдсан, уг ачааллыг 35/10кВ-ын Партизан дэд станцаас 10кВ-ын Ар гүнт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцаас 10 кВ-ын Гүнт шугам руу ачаалал шилжүүлж хөнгөлөх ажил хийгдсэн талаар хариуцагч тал нотлох баримттай тайлбарладаг ба цахилгааны хэт ачааллыг хөнгөлөх ажлын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэх, буурах нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой асуудал юм.

Нэхэмжлэгчийн өмч болох 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор нь стандартын шаардлагад нийцсэн цахилгаан хүчдэл ирээгүйгээс болж хөлдөж, ажиллагаагүй болсон нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон, хохирол, гэм хор, түүнийг учруулсан үйлдэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой болох нь хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Цахилгаан дамжуулах агаарын шугам хэт ачаалагдаж аваарын байдал гарсан нь цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нэхэмжлэгчид хохирол учирсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч байгууллага нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д хандаж ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...цахилгаан эрчим хүчээр хангаж буй 35/10/6 кВ дэд станцуудын хүчдэлийн түвшин хоногийн их ачааллын цагуудад 10 кВ талдаа 9,6 кВ, 6 кВ талдаа 5,9 кВ байгаа тул, ....дэд станцуудад хүчдэлийн тохируулга хийж өсгөж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг, 28 минутад цахилгааны хүчдэл хэлбэлзэж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулснаас даруй 6 хоногийн дараа хариуцагч байгууллага нь хүчдэлийн тохируулга хийлгэх албан бичгээ холбогдох байгууллагад нь гаргасан байдаг.

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.2-т зааснаар хариуцагч байгууллага нь чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй, чанарын стандартын шаардлага хангаагүй цахилгаан эрчим хүчээр хангасан болох нь тогтоогдоно.

 

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1.******* ТӨХК нь нэхэмжлэгчид 2019 онд техникийн нөхцөл олгосон. Уг техникийн нөхцөлийн хүчин чадал нь 200 кВА буюу трансформатортай байна. Техникийн нөхцөлийн 4.6-д нөөц их үүсгүүр буюу дизель генератор суурилуулна гэж заасан. Учир нэхэмжлэгч нь гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгч бөгөөд гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь иргэн аж ахуй нэгж, байгууллагууд ордог бөгөөд цахилгаан тасралтын хугацаа нь сэлгэн залгах хугацаагаар тодорхойлогддог.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн трансформатор төхөөрөмж эвдэрсэн талаар мэдэх боломжгүй. Учир нь тухайн трансформатор нь хариуцагч байгууллагад бүртгэлгүй буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь өмч байна. Мөн тогны хэлбэлзэл нь Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн агаарын шугамд цахилгааны хэлбэлзэл үүссэнээс болж Ар гүнтийг хангадаг цахилгааны сүлжээнд хэлбэлзэл үүссэн. Уг хэлбэлзэл нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тэжээж байсан буюу бүр мөсөн тасраагүй байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн цахилгаан шугам сүлжээг тэжээдэг трансформатор нь өөрөө тохируулга хийдэг байсан бол уг нөхцөл байдал үүсэхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 42,651,527 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Манай өмчлөлийн шугамд хэт хэлбэлзэл үүсээгүй, хэрэглэгч нь КТПН-10065 дугаартай хувийн эзэмшлийн дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг, уг хувийн эзэмшлийн дэд станц нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журамд зааснаар гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгчид хамаардаг тул техникийн нөхцөлд нь нөөц дизель цахилгаан үүсгэвэртэй байхаар олгогдсон байдаг... гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

4. *******,******* нар Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах амины орон сууцны хотхоны 130.93 м.кв талбайтай загварын байшинг ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх-20-76/

 

4.1.******* нь өөрийн хөрөнгөөр 10/0,4кВ-ын 1*250 кВА хүчин чадал бүхий цахилгаан хангамжийн дэд өртөө КТПН-ийг барьж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ЦАХ-011/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан болох нь тогтоогджээ. /хх-14-17/

4.2. Хэргийн 13 дахь талд авагдсан******* ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/288 дугаартай албан бичигт ...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг, 28 минутад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформатор 320 А хүрч хэт ачаалагдсанаас 35/10 кВ-ын Партизан дэд станцаас 10 кВ-ын Ар гүнт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцаас 10 кВ-ын Гүнт шугам руу ачаалал шилжүүлж хөнгөлөх ажил хийгдсэн... гэж, 10 дахь талд авагдсан горимын инженер Г.Баттүвшиний гарын үсэгтэй Хавсралт гэх баримтад ...иргэн******* КТПН-10055-д хүчдэл хэмжиж 169, 173, 175 В байсныг тр-ын анцаф 3-с 5-рүү шилжүүлж 185, 181, 184 В болгосон байна. гэж тус тус тусгагдсан бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах амны орон сууцанд цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл үүссэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-10,13/

 

4.3. Дээрх цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 130.93 м.кв талбайтай загварын байшин 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220 В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор ажиллаагүйгээс ус хөлдөж хохирол учирсан болох нь Гэрэлт хаш ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09/24 тоот дүгнэлт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-18/

 

5.******* ТӨХК,******* нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 807744 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.4-т хэрэглэгч нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх гэж заасан. Улмаар нэхэмжлэгч******* нь өөрийн хувийн эзэмшлийн дэд станц болох КТПН-10055-д техникийн нөхцөлд заасан нөөц, эх үүсвэр суурилуулаагүй, гэрээний 2.2.4-т заасан гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Иймээс хариуцагч******* ТӨХК-ийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч*******, ******* нарт гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 42,651,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч тал 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжид хамаарах эсэх талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх эдгээр тоног төхөөрөмжийг ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр давж заалдах гаргасан боловч уг гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7.1. Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул дээрх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах тухай Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт тус тус заасан журмыг зөрчөөгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН