Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2025/00015

 

 

  

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Т.А.н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2025/00193 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч: Уб. хот, ........ дүүрэг, .......... хороо, ........ .р хэсэг, ... тоотод оршин суух ... овогт Т.н А.н нэхэмжлэлтэй,

хариуцагч: .... аймаг, .... сум, ... баг, ... тоотод оршин суух, .. овогт Б.н Б.т холбогдох

... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э. /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч Т.А.н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэгч Т.А. миний бие нь хариуцагч Б.Б.с 2021 оны 04 сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ланд крүзер 200 маркийн авто машиныг худалдан авч, урьдчилгаанд Лексус 250 маркийн авто машиныг 20,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Уг автомашинд 22,000,000 төгрөгийн засвар хийсэн. Тухайн Ланд крүзер 200 машин эрхийн доголдолтой, эвдрэл гэмттэл ихтэй байсан учир тухайн автомашиныг хариуцагч Б.т 2021 оны 12 сарын 21-ний өдөр буцаан өгч урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, үл маргах журмаар хариуцагч Б.Б. нь төлөх үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Иймд хариуцагч Б.Б.с 35,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

2.Хариуцагч Б.Б. хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Б.Б.с 2021 оны 04 сарын 25-нд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Ланд Крузейр 200 маркийн автомашиныг худалдан авч урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөгт тооцож Лексус 250 маркийн автомашиныг өгсөн, уг автомашинд 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн засвар хийсэн, гэмтэл ихтэй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 21-нд буцаан өгч урьдчилгаанд өгсөн 20,000,000 /хорин сая/ төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөг, нийт 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг 2022 оны 03 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад буй Ланд Крузейр 200 маркийн автомашиныг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөөс хойш бүтэн 8 сар Т.А.тус автомашиныг унаж хэрэглэсэн. Машин хүлээж авсан өдрөөс хойш автомашиныг эвдрэл гэмтэлтэй байна гэх үг нэг ч удаа надад хэлж байгаагүй. Харин энэ хугацаанд унаж хэрэглэхдээ тус автомашины доторх эд ангийг гэмтээж эвдэлсэн байсан. Нэхэмжлэлд хавсаргасан 15,550,000 төгрөгөөр автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэх нотлох баримт нь тамга тэмдэггүй, төлбөр төлсөн баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.А нь тус автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй...” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б.с 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А.т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар Т.А.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.А.нь Б.Б.тай 2021 оны 04 сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Ланд Курзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 65.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг өгч, үлдэх төлбөрийг 2 хуваан төлөх нөхцөлөөр тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Тухайн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймагт хөдөө ажил хийх явцад 1 сарын дараа буюу 2021 оны 05 сарын сүүлээр эвдэрсэн тул энэ тухай Б.Б.т мэдэгдэж, Улаанбаатар хотод авчран засварт өгч, 15.550.000 төгрөгийн засвар үйлчилгээг хийн 2021 оны 12 сарын 21-ны өдөр Б.Б.т тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэл тайлбартаа дурдаж, засварт зарцуулсан 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нотлох дарааллаар эхлээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх ёстой атал шүүхээс зөвхөн хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан “машин буцаасан баримт”-ыг дангаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

Хавтаст хэргийн 9-р хуудсанд авагдсан Ланд Засвар ХХК-ний баримт нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, татвар төлөгчийн тамга тэмдэг байхгүй, тухайн баримтыг үндэслэн Т.А. нь Г.ын баримтад дурдсан ХААН банкны данс руу 15.550.000 төгрөгийг шилжүүлсэн гэх НӨТ-н баримт эсхүл санхүүгийн баримт буюу дансны хуулга хэрэгт авагдаагүй, төлбөр төлсөн эсэх нь эргэлзээтэй байгааг шүүх анхаараагүй, дүгнэлт хийгээгүй. Мөн Засвар хийсэн гэх гэрч Ганбаатар нь зөвхөн засвар үйлчилгээ хийдэг юм уу эсхүл засварын сэлбэг зардаг юм уу, тухайн тээврийн хэрэгсэл нь яг ямар шалтгаанаас болж эвдэрсэн эсэх нь тодорхойгүй, засвар хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Т.А.нь хуульд заасан ... доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардах эрхээ алдсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, засвар үйлчилгээ хийсэн гэх 15.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгч Т.А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр бид хоёр энэ хүнийг сайн мэддэг, өөрөө засварчин учраас машин нь гайгүй байх гээд тухайн машиныг аваад явсан. Авч яваад өглөө нь асаах гэсэн асаагүй. Тухайн үед ийм асуудал боллоо яах вэ гэсэн чинь ингэ, тэг гээд хэлээд л яваад байсан. Тэгээд шинэ мотор авахгүй бол энэ машин найдваргүй болж байна гэсэн чинь дахиж утсаа аваагүй. Машины доторх мотор хаадаг таг нь үлдсэн байна гээд хэлж байсан. Өөрөө машин эвдрэх үед нь авч яваад аваачиж засуулсан. ...Ах нь машинаа аваад явчихъя тэгээд энэ мөнгийг чинь хоёр хуваагаад өгье гэж байсан. Өөрөө бие даасан, эрүүл саруул, хүний үгийг ойлгох чадвартай, борлуулалт хийгээд явж байгаа хүн юу гэж надад дарамтлуулаад гарын үсэг зурах вэ дээ, тийм зүйл байхгүй...”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э.н гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.   

1.Нэхэмжлэгч Т.А., хариуцагч Б.Б.т холбогдуулан автомашин худалдан авахад урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага/1хх-ийн 1-2х/ гаргаж,  шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэж огноолсон зарлагын баримт, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан Ланд 200 маркийн тээврийн  хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ болон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тэдгээрийн хооронд байгуулагдсан “машин буцаасан” баримтад үндэслэсэн байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б.г эс зөвшөөрч “...Ланд Крузейр 200 маркийн автомашиныг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөөс хойш бүтэн 8 сар Т.А. тус автомашиныг унаж хэрэглэсэн. Машин хүлээж авсан өдрөөс хойш автомашиныг эвдрэл гэмтэлтэй байна гэх үг нэг ч удаа хэлж байгаагүй. Харин энэ хугацаанд унаж хэрэглэхдээ тус автомашины доторх эд ангийг гэмтээж эвдэлсэн байсан, нэхэмжлэлд хавсаргасан 15,550,000 төгрөгөөр автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэх нотлох баримт нь тамга тэмдэггүй, төлбөр төлсөн баримт байхгүй, тус автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж татгалзжээ. /1хх-ийн 35х/

2.Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б.с 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А.т олгохоор” шийдвэрлэсэн.  

3.Энэ шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн С.Э. эс зөвшөөрч “...засварын баримт нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, тамга тэмдэг байхгүй, 15,550,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт, дансны хуулга хэрэгт авагдаагүй, төлбөр төлсөн нь эргэлзээтэй  байх тул засвар үйлчилгээ хийсэн гэх 15,000, 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчийн гарсан зардлыг хохиролд тооцохоор заасан. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийг 264.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар зохигчид эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Гэхдээ худалдан авагчийн  хохирол, зардлын баримт нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, хууль ёсны баримтад үндэслэх учиртай.

5.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үзвэл зохигчийн хооронд тээврийн хэрэгсэл /Toyota Land cruiser 200/ худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талууд гэрээнээсээ татгалзан, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байх ба энэ талаар маргаагүй байна.

Харин талууд уг тээврийн хэрэгсэлд мотор, бусад сэлбэг хэрэгслийг солиулсан, засварын зардалд 15,000,000 төгрөгийг гаргуулах, худалдан авагч  хэлэлцэн тохирсон үнийг  төлөх үүргээ биелүүлээгүй гэж  маргасан ба энэхүү нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад болон хэргийн бодит байдалд нийцсэнгүй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т зааснаар шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ”    байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагч Б.Б.с тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр сарын 25-нд хүлээн авч, LEXUS.HS25 маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт тооцож өгсөн, үлдэх төлбөрийг хувааж төлөх үүрэг хүлээсэн байна.

Хэдийгээр Анхан шатны шүүхийн, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч Б.Б.г нэхэмжлэгч Т.А.т худалдсан тээврийн хэрэгслийг авч явснаар гэрээ цуцлагдсан талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй ч нэхэмжлэгч Т.А. тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш доголдлыг арилгахтай холбоотой гаргасан засварын зардал 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэсэн зарлагын баримт /1хх-ийн 9/-ыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчжээ.

            Түүнчлэн засварын зардал 15,000,000 төгрөгийг засварчинд төлсөн, шилжүүлсэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч Т.А. өөрөө шүүхэд гаргаж өгөөгүйг, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.А “...засварт зарцуулсан 15,000,000 төгрөг гаргуулах” шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар энэ үндэслэл тогтоогдсонгүй.

6.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний буюу “254 дүгээр зүйлийн 254.6” гэж нэмж, хариуцагч Б.Б.с 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.А.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, хариуцагчийн гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж түүнд олгох, энэ үндэслэлээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг буцаан олгосугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2025/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Б.Б.с 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А.т олгож, засварын зардал 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.с 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А.т олгосугай.” тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдлыг хангасугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС         

        ДАР     Н.БАДАОЛОРМААДАР