Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 096

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,

Шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.с овогт Т-ий Е-д холбогдох 1913001310122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1976 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян- Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.с овогт Т-ий Е, регистрийн дугаар БД......................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Е нь байнга архидан согтуурч, харгис хэрцгийгээр догшин авирлаж охин Е.М, эхнэр М.Х-г жирэмсэн байхад нь удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Е Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт орших гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг ба 2014 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл охин Е.М, эхнэр М.Х нарыг байнга зодож гэрээс хөөж байсан, өвлийн хүйтэнд хөл нүцгэн, гадуур хувцасгүй гэрээс хөөж гаргадаг, охин Е.М-г унтаж байхад үснээс нь татаж босгож ирээд хамарнаас нь цус гартал нь зодож, ам руу нь өшиглөснөөс болж уруул нь гэмтэж байсан зэргээр харгис хэрцгийгээр догшин авирладаг, охин Е.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-нд 18 нас хүрсэн ба 18 нас хүрсний дараа болон өмнө нь зодож байсан, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө охин Е.М-г гэмтэл учруулахгүйгээр зодсон, эхнэр М.Х-г жирэмсэн байхад нь зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Е.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрийнхэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 4-5 жил болж байна. Яагаад гэвэл аав маань хэрцгий догшин зан авиртай тул ээж маань маш их айгаад нуугдмал далд хэлбэрээр хүчирхийлэл үйлдэгдээд их удсан. Эцэс сүүлдээ гэрээс хүчээр зодож, чирч гаргадаг болсон. Ээж Х нь бие давхар 8 сартай, өнөө маргаашдаа төрөх дөхсөн эх хүний эсрэг хүчирхийлэл үйлдсэнд маш их эмзэглэж, цаашид нэг гэрт аавтайгаа хамт амьдрахаас ихэд айж байна... Гэр бүлийнхээ гишүүдийг хөөж гэрээс гаргах болгонд дүү нартайгаа хичээлээ тасалдаг, ангийн болон үе тэнгийн хүүхдүүдээс маш ихээр ичиж, санаа зовдог. Намайг анх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрт цай ууж байхад гаднаас орж ирсэн. Тэр үед нь би гар утсаа барьж байхад намайг гар утсаараа байнга оролддог гэж загнаад доод уруул руу гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Уруул руу өшиглөсний улмаас амнаас их хэмжээний цус гарч уруулын шалбархайнаас шүдний хэлтэрхий гарч ирсэн. Тухайн үед аль шүд үүрсэн талаар мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын эхээр байх ангийнхаа Б, Ж хоёртой хичээл хийж байхад аав гаднаас орж ирэхэд манай тэр хоёр хүүхэд ааваас айдаг болохоор аавыг хараад шууд гараад явчихсан. Тэр хоёрыг гараад явсны дараа гэрт хүүхэд цуглууллаа гээд үснээс минь зулгааж цохисон. ...Ээжийг болохоор 2016 оны 2 дугаар сард нагац эгч С хот явах гээд манайд ирсэн. Тэр үед манай хаалга дотор талаасаа цоожтой байхад С эгч хаалга цохиход аав хаалга битгий тайлж өг гэж хэлэхэд би хүчээр хаалга онгойлгоод өгчихсөн. Тухайн үед аав согтуу байсан. Тэр үед С эгч аавыг архи уусан байна гэж загнасанд аав ахиж архи уухгүй амарлаа гэж хэлсэн. С эгчийг гараад явсны дараа чи яагаад хаалга онгойлгож өгсөн бэ гэж их загнасан. Та нарт миний архи уух ямар хамаатай юм бэ, би хэнийг хэзээ зодох нь хамаагүй шүү гэж хэлээд ээжийг үснээс нь татаж, гараас нь чимхэж зодох үед Е аав та унтаач гэж загнахад унтчихсан... архи уухаараа зүгээр байдаггүй. Бид нарт янз бүрийн шалтаг тоочиж цохиж зоддог, гэрээс хүртэл хөөж гаргадаг. Энэ бүрт ээж бид хоёр таньдаг айлуудаараа очиж хонож өнжөөд хэнд ч мэдэгдэхгүйгээр чимээгүй яваад байсан. Гэвч сүүлийн үед ээж бид хоёрыг бүүр их зоддог болсон. Иймээс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн цагдаа И.Э-д аав маань байнга архи ууж бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байна, та тэр хүнтэй уулзаад яриад өгөөч гэж хэлсэн. Тэр өдөр хэсгийн цагдаа И.Э нь аавтай маань уулзаж та яагаад байнга архи ууж эхнэр хүүхдүүдээ зовоогоод байгаа юм бэ, архи уухаа болиорой гэж хэлсэн байна. Тэгж хэлснээс болоод 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр оройн 21 цагийн үед согтуу ирчхээд та нар намайг цагдаад хэлдэг болсон юм уу, гичийнүүд минь гээд намайг орноос үсдэж татаж буулгаад цохиход зүүн хамраас цус гарсан. Би хашхирч уйлж байхад ээж маань гүйж ирээд аавыг надаас салгах гэхэд ээжийг гараараа шанаа тус газар 2 удаа цохиход ээж газарт унасан. Энэ үед ээжийн нуруу тус газарт нь 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд ээж бид хоёрт та нар зайлцгаа гэж хэлэхээр нь ээж хувцасгүй зугтааж гарсан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой бас л согтуу ирээд надад хандаад чи утсаа өгч байгаарай, би бичлэг үзнэ гэхээр нь би утсаа өгсөн. Тэгэхэд бичлэг үзэж байгаад гичий минь энэ чинь гацчихлаа шүү, чи утас эвдсэн юм уу гэж хэлээд хэвтэж байснаа босож ирээд намайг үсдэж дарж аваад гэдэс, хавирга тус газруудаар хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Тэр асуудлын талаар би 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн цагдаад хэлснээс болж тэр орой нь ээж бид хоёрыг дахиад зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 71-73 дугаар хуудас/,

- Хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Хүчирхийлэлд миний бие тоолж баршгүй өртсөн. Тухайлбал, гадаа хонож хөл гараа хөлдөөх шахсан зэргийг санаад зарим нэг зүйлсийг санахгүй байна. 2014 юм уу 2015 оны хавар 3 дугаар сарын үед байсан байх. Мөн намайг зодоод байхаар нь гэрээс зугтаж гараад дүү К-ны гэрт очиход миний хойноос ирж бэр А бид хоёрыг айлган сүрдүүлж хэл амаар доромжилсноос болж дүүгийнхээ гэрт очихоо байсан. 2016 оны 1 дүгээр сард намайг зодож хөл нүцгэн гэрээс хөөж гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бага охин А-ын төрсөн өдрөөр нэг бус удаа цохисон. 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, 13-ны орой 2 удаа зодож хамгийн сүүлд гэрээс хөл нүцгэн зугтан гарч цагдаагийн байгууллагад мэдэгдэж дулаан эмнэлэгт амарсан. Харин том охин М-г сүүлийн 2 жилд толгойн үснээс нь зулгааж, нүүр нүдгүй зодож эхэлж байна. Энэ үйлдлийг нь таслан зогсоохгүй бол охин М над шиг хохирогч болсоор байх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Е.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Гэрээс гараад архидан согтуурч ирээд ээжийг маань зодож, хэл амаар доромжилдог. Аав согтуу ирсэн үед ээж, эгч бид нар аавд хандаж эрт амар, яагаад архи уусан бэ гэхээр шууд хэрүүл хийдэг. Улмаар ээж Х-г айлган сүрдүүлж зоддог. Зодохдоо ихэвчлэн гараараа зоддог, биеийн аль нэг хэсэг рүү өшиглөдөг. Ээж маань аав Е-ны догшин хэрцгий ааш араншингаас айгаад гэр орноосоо зугтааж, мөн өмсөж байсан хувцастайгаа гэрээс гарч байсан удаа зөндөө бий. Манай бага дүү гарахаас өмнө эгч М-г их загнадаг төдийгүй хааяа зоддог байсан. ... 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой аав согтуу ирээд эгчийн утсыг нь аваад бичлэг үзэж байхад уг утас нь гацсан тул чи утсыг албаар гацаалаа гээд эгчийн үснээс нь зулгааж зодсон. Маргааш нь дахиад орой бид нар хэвтэж байхад аав гаднаас орж ирээд л эгчийг орноос татаж буулгаад үсдэж зодсоноос болж эгчийн хамраас цус гарчихсан байсан. Тэр үед ээж ирж аавыг болиулах гэсэн боловч ээжийг ч гэсэн зодсон. Тэгээд гэрээс хөөж гаргасан юм. Тэгээд гаднаас эгч М надад чи ээжийн хувцсыг аваад өг гэхээр нь өгөх гэхэд намайг загнаад хувцсыг өгүүлээгүй. Тэгээд ээж эгч хоёр тэр өдөр гэрт ирээгүй, өглөө бид нар хичээлдээ явах гэж байх үед ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Е.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2018 оны 08 дугаар сард байсан болов уу эгч М-г архи уусан үедээ зодож уруулаас нь цус гараад, гэртээ агсам тавьж аяга, таваг авч шидэж байсан. Мөн маргааш нь бас л архи ууж ирээд агсам тавих үед аавын төрсөн дүү Т.А ирээд хөдөө авч явсан. Зарим зүйлийг сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сүүлийн жилүүдэд тэдний гэр бүлийн хүрээнд хэрүүл уруулгүйгээр суудаггүй болсон. Бид нарыг очих толонд эхнэр нөхрийн хооронд маргаантай зүйл их тохиолдож, ажиглагддаг байсан. Цохиж зодсон асуудлын талаар тэдний хөрш айлууд, ах, дүү, нараасаа сонсдог... гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/,

- Гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Х, Т.Е нарын гэр бүлийн хоорондын харилцаа гэвэл тийм ч сайнгүй. Т.Е нь архины хамааралтай гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл өдөр бүр архи согтууруулах ундааны зүйлийг Булган сумын төв Жаргалант багт таних танихгүй хүмүүстэй архи ууж гудамж, олон нийтийн газарт танхайрах төрлийн зөрчилд холбогдож болзошгүй. Тухайлбал өрхийн тогтмол орлого гэж байхгүй, дээр нь архи уудаг. Үүнээс үүдэлтэй, хэрүүл, маргаанаас үүдэлтэй зөрчилдөөн үүсч гэр бүлийн хүрээнд нөхөр Т.Е нь эхнэр Х, охин М нарыг зодож амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэж хэлж болно. Т.Е нь гэр бүлийн хүрээнд төдийгүй, ойр дотнын хөрш айлын хүмүүс, гудамж талбайд тааралдсан хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ийм үедээ бусдыг хэл амаар доромжилдог. Эхнэр М.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргавал намайг болон үр хүүхдүүдээ орой үдэш согтуу, хөлчүү ирээд гэрээс хөөж зодож, нүдэх болов уу гэсэн айдас хүйдэстэй амьдардаг талаар албан ёсны гомдол, мэдээлэл гаргахгүйгээр ойр дотнын хүмүүст мөн адил хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,

- Гэрч Х.К-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Т.Е нь архи ууж гэртээ, гэр бүлдээ агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж ойлгож болно. Тэднийхэнтэй хөрш болоод жил болоход манайд 4 удаа ирж хонож байсан. Хэдэн оны хэддүгээр сард гэдгийг нь сайн санахгүй байна. Манайд М.Х нь нэг удаа хөл нүцгэн өвлийн хүйтэнд ирсэн. Тэр үед хувцас, куртика өмсгөөд явуулсан... Миний санаанд тодхон үлдсэн нь ямартай ч өвлийн маш хүйтэнд шөнийн 00 цагийн орчим байсан. М.Х их даарсан харагдсан. Золтой л хөл, гараа хөлдөөгөөгүй бололтой. Хэдэн он, хэдэн сард гэдгийг үнэндээ санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,

- Гэрч Д.З-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний бие М.Х-н авга ах, Т.Е нь миний хүргэн хүү юм. Энэ хоёрыг би их сайн мэднэ. 4,5 жилийн өмнөөс Т.Е согтуугаар ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж эхнэр М.Х-г гэрээсээ хөөж гаргаж гадаа хонуулсан байна гэж манай хүүхдүүд хэлж л байсан. Заримдаа манай гэрт ирж сууж байгаад яваад өгдөг, заримдаа манайд хоноод явдаг байсан. Тэгээд нэг удаа миний бие М.Х-д чи тийм асуудал болохоор манайд битгий ирж бай гэж хэлснээс хойш М.Х манайд ирэхээ больсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа гэрээс хөөсөн байна гэж манай хөршүүд О, М нар надад хэлж байсан. ...Т.Е бол их залхуу хойрго, архи их уудаг, дандаа худал хэлдэг тийм хүн байгаа юм. Миний бие за хүргэн минь чи хүн шиг амьдралаа авч яваа, архи дарс битгий уу, чамд боломж байна, ажил хий гэж ахмад хүний хувьд ч хадам ахын хувиар ч зөндөө хэлсэн, хэзээ ч ухаарахааргүй хүн юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,

- Гэрч К.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Х 2018 оны 11 дүгээр сард 4 хүүхдийн хамтаар ирж хоносон. Тэр үед ил харагдах шарх сорив байхгүй. Манай нөхөр архи ууж ирээд агсам тавиад хүүхдүүдтэй минь зодох гээд байхаар нь айгаад гараад зугтчихлаа, танайд хонож болох уу гэж хэлэхээр нь бүгдийг нь хонуулсан. Яг хэдэнд байсныг нь санахгүй байна....Мөн 2019 он гараад 1 дүгээр сард Х нь бага хүүтэйгээ ирж хоносон. Тухайн үед ирээд хонохдоо нөхөр Е нь согтуу ирээд гэр гэртээ агсам тавьж зодох гээд дайраад байхаар нь бага хүүгээ аваад зугтаад ирлээ, танайд хоноод явъя гэж гуйхаар нь хонуулаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,

- Гэрч Б.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. М.Х нь 2018 оны 12 дугаар сарын эхээр 2 хүүхдийн хамт, 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр бүх хүүхдүүдээ дагуулж ирж манай гэрт тус тус хоносон ба ямар нэгэн зүйл яриагүй. Хоол цай идэж уугаад унтаж амраад маргааш нь явдаг байсан. Тэгээд манай эхнэр К.М нь Т.Е зодож хөөж гаргасан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг ./хх-ийн 128 дугаар хуудас/,

- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд иргэн Т.Е-ны гэрт очиж хохирогч М.Х-д сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан. Мөн хохирогчид нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Тухайн нөхцөл байдлын үнэлгээг тогтооход гэр бүлд хүүхдийг эрх маш ихээр зөрчигдөж байна гэж үзэж байна. М.Х нь 2014 оноос хүчирхийлэлд өртөж эхэлсэн гэж ярьж байв” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,

- Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Е-ыг гэр бүлдээ агсам, согтуу тавьж байхыг өөрийн биеэр хараагүй. Гэр бүлдээ агсам тавьдаг, эхнэр хүүхдээ зоддог гэж Е-ны хадам талын өндөр настан Д.З, Б.О нараас удаа дараа сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

- Гэрч Е.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын үед М.Х нь нөхөр болох Т.Е согтуу ирээд олон юм ярьж хэрүүл гаргах гээд байхаар нь би гэрээсээ гараад явчихлаа гэж хэлээд манайд ирж хоноод явсан. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр үед бас том охин М-ийн хамт манайд ирсэн Т.Е нь согтуу ирж агсам тавьж болохгүй болохоор зугтаж ирлээ, танайд хонох гэсэн юм гэхээр нь би гэртээ 2 удаа хонуулаад явуулсан маань үнэн” гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг өнгөрсөн манайхан унтах гэж байсан ба миний бие, бие засахаар гадагш гартал М.Х, охин Е.М нар хоёулаа хөл нүцгэн, дээгүүрээ пудволник, өмдтэй манай хашааны үүдэнд зогсож байсан, намайг дуудсан. Тэдний хажууд очиход Т.Е бид нарыг зодоод гэрээс хөөж гаргалаа, хувцас байвал бидэнд өгөөч, бид нар цагдаад очих гэсэн юм гэхээр нь тэднийг гэртээ оруулж нэг, нэг гутал, куртик өмсгөөд гар чийдэнгээ өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-дугаар хуудас/,

- Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Миний бие хохирогч Е.М-ийн 7 дугаар ангиас нь ангийн багш нь болсон. М хичээлээ тасалдаггүй байсан. Гэвч сүүлийн 2 жилд хичээлээ их тасалдаг болсон. Түүнээс яагаад хичээлээ таслаад байгааг тодруулж асуухад түүний ээж М.Х хэлэхдээ нөхөр Т.Е нь байнга архи уудаг, охин М гэрийн бүх ажлыг хийдэг учраас тасалдаг гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Гэрч М.К-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Одоогоос 4-5 жилийн өмнө эгч М.Х нь нөхөр агсам тавьж байна гэж манайд нэг удаа ирсэн гэж манай эхнэр хэлж байсан. Тэр үед эхнэр маань эгч М.Х-д танай нөхөр чинь агсам тавих юм бол манайд битгий ирж байгаарай, миний нөхөр М.К байхгүй хойгуур Т.Е ирж агсам тавихаас айж байна гэж хэлж байхад нь Т.Е манайд гаднаас ирээд эгч Х, эхнэр А нарыг айлгаж чанга ширүүн дуугаар цагдаагаа дууд, тэр цагдаа нар чинь яадаг юм бэ гэж хэлж айлгасан талаар эхнэрээсээ сонссон. Тухайн үед өөрөө гэртээ байгаагүй” гэх мэдүүлэг /хх- ийн 87 дугаар хуудас/,

- Гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. Одоогоос 2 жилийн өмнө байх охин М.Х-г хөхүүл хүүхэдтэй байхад нь хүргэн Т.Е хөл нүцгэн хөөж гаргаад өвлийн хүйтэнд хөл нь хөлдөх дөхсөн байсан. Хөл нүцгэн хөөж гаргасан явдал нь нэг бус удаа тохиож байна. 2 жилийн өмнө гэрээсээ хөл нүцгэн хөөж гаргах үед хөхүүл хүүхдийг нь гэрт нь орхиод М.Х-г хөдөө байх өөрийнхөө гэртээ 2 хонуулсан. Улмаар хөхүүл хүүхэдтэй байсан болохоор хөхний сүү нь чинэрээд гэртээ явсан. Тэр үед Булган сумын Цагдаагийн хэсэгт нөхөр М бид нар хандаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

- Гэрч Д.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Е-ны талаар сонсоход өдөр бүр архи уудаг, эхнэр хүүхдүүдээ зовоодог гэж ойр хавьд нь байгаа айлуудаас сонссон. Охин Х нь бид бүгдэд хүнд хэцүү орчинд амьдраад байна гэж хэлдэг боловч нөхрөөсөө салаад гэртээ ир гэхэд ирдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №226 дугаартай “Иргэн М.Х-н биед Булган сумын эмчийн 219 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор зүүн талын бугалганы арьс хөхөрсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн давтамжаар үүссэн болно. Иргэн М.Х-н биед Булган сумын эмчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор зүүн талын бугалганы арьс хөхөрсөн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6 заалтыг агуулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 136 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №227 дугаартай “Иргэн Е.М-ийн биед дээд уруулын зүүн талд өөхөн сорвитой хуучин гэмтэл тогтоогдлоо. Ямар нэгэн шинэ гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 134 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Т.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний энхэр М.Х-тай гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Гэр бүл болсноос хойш эрүүл, согтуугаар муудалцах үе зөндөө тохиолдож байсан. Тухайн үед загнадаг, зандардаг байж байгаад 2015 оноос эхэлж эхнэр М.Х-г гэрээс хөөж гаргадаг, зоддог үйлдлээ нэг бус удаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Том охин Мерекег архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс болж хэрцгий догшин зан авиртай болж улмаар загнаж, зоддог хууль бус үйлдэл гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх үйлдэл маань архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж чадаагүйн улмаас архинд хэтэрхий ихээр шунаж, өөрийгөө хянах чадвараа алдах хүртлээ хэрэглэдгээс болж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, энхэр хүүхдүүдээ хүчирхийллийн хохирогч болгоход нөлөөлсөн гэж үзэж байна... Зарим нэг үйлдлүүдээ мартсан байх. Одоогоос 2 жилийн өмнө 2 дугаар сард байсан болов уу архидан согтуурч гэртээ очоод эхнэр М.Хуантайг зодож гэрээс хөөж гаргасан. 2019 оны 03 дугаар сард мөн согтуурсан үедээ гэр бүлийн гишүүд болох М.Х, охин М нарыг зодож гэрээс хөөсөн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хариуцсан мэргэжилтэн Н.Д-ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /эрсдэлийн үнэлгээний дүгнэлт/ хүүхэд удаан хугацааны нуугдмал хэлбэрийн гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдөж ирсэн тул эрсдэлийн үнэлгээг өндрөөр үнэлэв” /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Х.А-ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн хохирогч /үйлчлүүлэгч/-той ярилцсан ярилцлагын тэмдэглэл: нөхөр Т.Е-тай 1999 онд гэр бүл болсон, 7 хүүхэдтэй /2 хүүхэд нас барсан/ одоо нөхөр..., 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин 19 настай, 12 дугаар ангийн сурагч нөхөр Т.Е нь өдөр бүр архи уудаг, өдөр болгон агсам тавьдаг, зоддог, 3 сарын 13-нд архи ууж ирээд зодсон тэр үед жирэмсэн байсан, бүх бие хөхөрч, 2 гар, 2 хөл мөн хөхөрсөн... /ярилцлага хийх явцад нийгмийн ажилтны сэтгэгдэл хэсгээс/ нөхөр Е-тай гэр бүл болсноос хойш 10 жил гаруй хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Тухайн жилүүдэд хэнд ч хэлэхгүй нууж ирсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал 2018 оноос ил гаргаж холбогдох хүмүүст мэдэгдэж эхэлсэн” /хх-ийн 115-116 дугаар хуудас/,

- Т.Е, М.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 109- дүгээр хуудас/,

- Хохирогч Е.М-ийн төрсний гэрчилгээний хуулбараар хохирогч Е.М-ийн эцэг Т.Е-д зодуулсан үед насанд хүрээгүй байсныг нотолно. /хх-ийн 113 дугаар хуудас/,

- Т.Е, М.Х нарын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүүхдийн гэрчилгээний хуулбараар хохирогч М.Х нь нөхөр Т.Е-д зодуулах үед жирэмсэн байсныг нотолно /хх-ийн 111 дүгээр хуудас/,

- Булган сумын Эрүүл мэндийн төвийн эх баригчийн тодорхойлолтоор хохирогч М.Х нь нөхөр Т.Е-д зодуулах үед жирэмсэн  байсныг  нотолно. /хх-ийн 119 дүгээр хуудас/ болон бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүхээс хохирогчийн өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгч буй байдал, гэрч нарын мэдүүлэг, 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдаж байх тул үнэн зөв мэдүүлсэн гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохих байгууллагууд хангалтгүй зохион байгуулсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Мөн шүүгдэгч Т.Е-ны үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүүхэд”, “жирэмсэн эмэгтэй”-н эсрэг үйлдсэн байна. Учир нь 18 насанд хүрээгүй хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчинд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэн өөрийн төрсөн охин болох Е.М, эхнэр болох М.Х нарын эсрэг дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхэд хамгааллын хуулиар хамгаалагдсан хүүхдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчин үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний журамт үүргээ үл биелүүлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, “хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулсан”, мөн эхнэрийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчсөн нь тогтоогдож байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3-т заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг” тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэж, 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 40-рт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Үүгээр М.Х нь шүүгдэгч Т.Е-ны эхнэр нь, мөн хохирогч Е.М нь шүүгдэгч Т.Е-ны төрсөн охин тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа нөхөр нь болох шүүгдэгч Т.Е нь өөрийн төрсөн охин, эхнэр гэх хүмүүсийн сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, бие махбодод халдсан буюу цохиж зодсон, агсам тавьж биед нь гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Е-ны үйлдэл нь эхнэрээ удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сард 2 удаа, 11 сард 2 удаа, 12 дугаар сард 2 удаа, 2019 оны 01 дүгээр сард 1 удаа тус тус гэр бүлдээ агсам тавьж зодож хөөснөөс болж айлуудад хонож байсан” болох нь гэрч К.М, К, Ж, Б, О нарын мэдүүлгээр, охин Е.М-г байнга зоддог байсан нь хохирогч Е.М-ийн мэдүүлэг, гэрч Х.М-ийн мэдүүлгээр, ийнхүү зодсоноороо гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, эхнэр, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүмүүжил, төлөвшлийн эсрэг “бие махбод, сэтгэл санааны хэлбэрээр” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Т.Е-ны хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Х, Е.М нарын биед гэмтэл учраагүй болох нь шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Хохирогч Е.М нь 2000 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, одоогийн байдлаар 19 настай болох нь түүний хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 113/, хохирогч М.Х нь тухайн үедээ жирэмсэн байсан нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвийн эмч Е.З-ийн тодорхойлолт /хх-ийн 1118, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Е.А-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 119/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хүүхэд гэдэгт Хүүхдийн эрхийн конвенцод зааснаар 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж ойлгоно гэж тунхагласан байдаг. Хохирогч Е.М нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эхлэх үед буюу 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүүхэд байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” байх гол шинж нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8-д зааснаар “хүүхдийн эсрэг хүчирхийлэл” буюу “санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт”-д оруулах явдал юм.

Иймд шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учраагүй ба  хохирогч нар нь мөнгө төгрөг нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Е-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Е-ны үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь удаа дараа, санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр, согтуурлын хэмжээг тогтоосон тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүх хуралдаанд прокуророос шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоохоор санал гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субьектив шинжүүдээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Т.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Е-ны шүүх хуралдаан дээр “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, шүүгдэгч Т.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нартай эвлэрсэн гэх нөхцөл байдал байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, энэ хэргийг хүүхэд, өсвөр насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.с овогт Т-ний Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Е-г 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-д оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.Е нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Т.Е-ы иргэний үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК