| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох 1922000700042 тоот хэргийг 2019 оны 4 сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1994.11.02-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, Дундговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв синоптикийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 4-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗП94110217/ Хурганыхан овогт Болдмөнхийн Өнөрхүү нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1/ Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 3 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр театрын урд талын замын хашлагыг 53-01 ДУЭ улсын дугаартай “Тоёота приус-10” маркийн автомашинаар мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд зорчиж явсан М.Угийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, өөрийнх нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд : Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Төв халхын дуулалт жүжгийн театрын ертөнцийн зүгээр урд талд байх 3 замын уулзвар байлаа. Уг засмал зам нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зүүнээс баруун тийш, урдаас хойш чиглэлтэй зам байв. Уг засмал замын урдаас хойш чиглэлтэй Тоёота Приус маркийн 53-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явсан байх ба ТХДЖТ-ын урд талын цагаан өнгийн хашлагыг мөргөсөн байв. Уг Тоёота Приус маркийн 53-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талын хэсгээр хашлага мөргөж машины хойд хэсэг нь ертөнцийн зүгээр зүүүн урагш харсан байв. Үл хөдлөх цэгийг замын урд талд байх суудлын тэрэг явахыг зөвшөөрсөн тэмдэглэлээр авав. Тоёота Приус маркийн 53-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуйнаас “В” цаг хүртэл 14.10*3.80 метр баруун талын хойд дугуйнаас “В” цэг хүртэл 12х3х80 м байлаа. Уг осол болсон засмал замын зүүнээс баруун тийш чиглэлтэй явсан замын нийт өргөн 8.80 м урдаас хойш чиглэлтэй явсан замын өргөн 7.10м байлаа. Анх осол болсон цэгийг “А” үсгээр тэмдэглэн үл хөдлөх цэг хүртэл хэмжихэд 14.60х1.40 м байлаа” гэжээ /хх-3-4/
- Шүүгдэгч Б.Ө нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь 2014.07.04-ний өдрийн 973496 тоот жолоочийн үнэмлэхээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ө нь согтуурсан үедээ суудлын хөнгөн тэрэг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13.2.1-йн “замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэх заалт; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно гэх заалт, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Жолооч Б.Ө нь 2014 онд “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон байх бөгөөд жолооч хүний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог гэдгийг болон ийм үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байна.
Ийнхүү өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэний улмаас М.Угийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өөрийнх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Өгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас иргэн М.Угийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогч М.У нь “эм тариа, эмчилгээ хийлгэсэн төлбөрөө шүүгдэгч Б.Өгээр бүрэн төлүүлсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Миний хагалгаанд орсон зардал мөнгийг Б.Ө бүрэн гаргаж өгсөн байгаа” гэж мэдүүлсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Ө нь хариуцан арилгах үүрэгтэй ба хохирогч М.У нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Б.Өгээс нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогч М.У нь хуульд зааснаар өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэл гаргаагүй, баримт өгөөгүй тул шүүх иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаар хохирогч М.Угийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа, хохирогч “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн боловч Ц.Урангоогийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг “хүндэвтэр” байгааг харгалзан үзэж, цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Өгээс нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс өмнөх шатанд өөрийн санаачилгаар баримтаар нотлогдсон бодит зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж хохирогч мэдүүлсэн тул өнөөдрийн байдлаар Б.Ө нь бусад төлөх төлбөргүй байна.
3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байсан боловч түүнд холбогдох хэрэгт ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан болно.
Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 сарын 3-ны өдрийн 95 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
Шүүхээс шүүх хуралдаан товлосон хугацаанд хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн баталгааг бичгээр гаргасан байх ба улсын яллагч Б.Өд Эрүүгийн хуулийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, мөн хугацаагаар тэнсэх санал гаргасныг шүүгдэгч Б.Ө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь прокурорын 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 02 дугаартай баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ө нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэдгээ мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Ө нь шүүхээс өмнөх шатанд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Өг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэг, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хурганыхан овогт Болдмөнхийн Өнөрхүүг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хурганыхан овогт Болдмөнхийн Өнөрхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Хурганыхан овогт Болдмөнхийн Өнөрхүүд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар шүүгдэгч Хурганыхан овогт Болдмөнхийн Өнөрхүүг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсугай.
5. Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Б.Өд анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч М.У нь шаардлагатай гэж үзвэл өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, өөрийн болон шүүгдэгч Б.Өгийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.С