Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 073

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.А, А.Б нарын өмгөөлөгчид К.Е, С.Т,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.А, А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А, А.Б нарт холбогдох 1913001510101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Өлгий сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, Дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 6 дугаар баг, Хөх хадын 9-14 тоотод оршин суудаг, ам бүл-2, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.а овгийн Х-ны А, регистрийн дугаар БЮ..............

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, ам бүл-8, аав, ээж, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.ж овгийн А-ийн Б, регистрийн дугаар ББ...............

 

         Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А, А.Б нар нь харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч  Х.А, А.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг шилжих шөнө 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Думан бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүжгийн талбайд бүжиглэж байгаад хоорондоо маргалдаж, улмаар гадаа гараад харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд миний бие найз болох Д-ийн хамт Думан бааранд очсон. Д бид хоёр бааранд очихоос өмнө гүрийн хойд талын эрэгт суугаад 2.5 литрийн 1 ширхэг шар айргийг хувааж уусан байсан. Улмаар Думан бааранд ирээд бүжиглэж байсан. Хэсэг хугацааны дараа Д бүжиглэж байсан нэг залуугийн хамт гараад явсан бөгөөд араас нь би ч гэсэн гарсан. Тэрээр гадаа гарсан чинь 00-ын хажууд Д тухайн залуутай маргалдаж байсан ба би хажууд нь очиж улмаар Б-тай маргаж Б-ын нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед Б ч гэсэн намайг цохисон. Бид хоёр бие бие рүү дайрч байх үед Б-ын найзууд нь гэх А, Б нар ирээд салгаж аваад Б-ыг баар луу аваад орчихсон. Тэр үед би буцаад баар руу орох гэж байхад Д явъя гэж яваад өгсөн. Би Б-д цохиулсандаа уурлаад араас нь баар руу орсон чинь Б ширээн дээр сууж байсан ба очиж аман тус газар руу нэг удаа гараараа цохих үед Б газар унасан. Тэр үед би гараад явсан. Тэгээд Б цагдаа дуудсан байна. Би баарны үүдэнд зогсож байхад цагдаа хүрч ирээд биднийг аваад явсан. Миний бие Б-ыг зодож Б намайг зодож хөнгөн хохирол учруулсан. Бид хоёр бие биеэсээ уучлалт гуйсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

- Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Думан нэртэй бааранд бүжиглэж байхад хажууд бүжиглэж байсан Д гэх залуу бүжиглэж байсан ба тэнд бид хоёр жоохон маргасан. Улмаар Д намайг дагуулаад баарны гадаа гарсан юм. Д бид хоёр баарны гадна талын бие засах газрын орчимд маргаж зогсож байхад баарны дотор бүжиглэж байсан А гэх залуу согтуу гарч ирээд над руу дайраад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед би уурлаад нүд руу нь цохисон. Тэр үед баарны дотор надтай цуг явж байсан А түүний найз Б болон А-ийн найз Д нар салгаж авсан. Тэгээд би баар руу орчихсон. Тэгээд би баарны дотор орж ширэндээ сууж байхад А дахиж миний араас орж ирээд миний аман тус газар нэг удаа цохисон.Тэр үед би шууд газар унасан. Тэр үед А гараад яваад өгсөн. Тухайн үед миний үүдэн нэг хугарсан. Тэр үед миний хажууд явж байсан А цагдаад дуудлага өгсөн байна. А бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд маргааш нь бид уулзаад бие биеэсээ уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн: “Иргэн Х.А-ийн биед зүүн талын нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны хэсгийг хамарсан хүзүүний урд болон хажуугийн хэсгүүдэд хөндлөн байрлалтай хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Бусдад зодуулснаас үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн: “Иргэн А.Б-ын биед доод эрүүний баруун талын үүдэн нэгдүгээр шүд уг хэсгээр хугарч унасан, хугарсан шүдний гол /зөөлц/ хэсгээс бага зэрэг цус шүүрч гарна, хамрын нуруу болон зүүн талын чихний дэлбэн, хүзүүний зүүн талын гарын буглаг нурууны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх үүдэн нэг шүд уг хэсгээр хугарсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Бусдад зодуулснаас үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед миний найзууд болох Х.А, А.Б нарын хамт Думан бааранд очиж пиво ууж бүжиглэж байгаад Б нэг залуутай муудалцаад тэр хоёр гараад явсан. Тэр хоёр Думан баарны гадаа гараад 00-ын хажууд очиж хэрэлдэж, зууралдаад     явж байхад Т гэх найз       охины хамт очиж салгаж   авсан. Тэгээд бид   нар дахин Думан бааранд очиж сууж байхад Б-ыг зодсон залуу орж ирээд Б-ын ам руу гараараа нэг удаа цохиход Б-ын нэг шүд нь хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд найзууд болох А, Б нарын хамт бүжиглэхээр очиж пиво захиалаад ууж сууж байгаад талбайд бүжиглээд явж байхад Д гэх залуутай Б бага зэрэг үйл ойлголцоод түүнтэй хамт цуг гарсан. Тухайн үед Т гэх найзтайгаа таараад бүжиглэж байхад А Б нар зодоон хийгээд байна гэхээр нь бид гадаа гарахад Б болон А нар хоорондоо зууралдаад түлхэлцэж байхад боль гэж хэлээд салгаж аваад бааранд ирээд суусан. Орж ирээд сууж байхад А орж ирээд Б-ыг цохисон бөгөөд яг хаана цохисон болохыг харж чадаагүй" гэх мэдүүлэг /хх- ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б бид хоёр харилцан тохиролцож бие биеэсээ уучлалт гуйсан. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Б надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би ч гэсэн хохирогчийн хувьд Б-аас нэхэмжлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие А-г бие засах газрын хажууд нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Б-н биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Х.А-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.А, А.Б нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.А, А.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь бие биедээ төлөх төлбөргүй байна. 

 

1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.А, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.  

Шүүгдэгч Х.А, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш.а овгийн Х-ны А, Ш.ж овгийн А-ийн Б  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, А.Б нарын тус бүрийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.А, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Х.А, А.Б нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.  
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧА.ДАУРЕНБЕК