| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/05487/И |
| Дугаар | 210/МА2025/01208 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01208
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******т Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3864 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 159,546,864 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах, 63.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 225,599,814 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд тус ******* хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 159,546,864 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж, гомдолтой байна.
Учир нь, манай зүгээс уг үл хөдлөх хөрөнгийн талаар үнэлгээгээ өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээч томилон үндэслэлгүйгээр үнэлгээ гаргуулсан байна.
ХХК-ийн үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийг маань дээрх үнээр үнэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, бодит үнэлгээг бууруулж, цаашлаад дуудлага худалдаанд уг үнийн дүнгийн 70 болон 50 хувиар үнэлэгдэн дуудлага худалдаагаар худалдан борлогдож, хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгож байна.
...Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч ХХК-ийн дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах, 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 159,546,864 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгуулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ХХК нь үнэлгээ хийлгэхдээ Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах 63.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 225,599,814 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой тул шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний зүгээс уг орон сууцны талаар өгсөн үнийн саналаас болон зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлэгдсэн байна.
Иймд, уг орон сууцыг 225,599,814 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
...барьцаа хөрөнгүүд нь ХХК, ******* нарын хөрөнгө биш бөгөөд төлбөр төлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6******* зүйлийн 62.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бичгээр өгсөн болно.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 159,546,864 төгрөгөөр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 225,599,814 төгрөгөөр тус тус үнэлсэн Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгуулах *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Тухай үед шүүхүүд шинэчлэгдэн тойргийн шүүх байгуулан бужигнаж шүүхээс и-мэйл хаягаа өгөөч гэхээр туслах нь мэдэхгүй, мэдээлэл хаяг нь тодорхой сайтдаа байршаагүй байсан ба өмнөх шүүхийн хаягаар нь баримтаа явуулсан болно. Гэтэл өмгөөлөгчийн хүсэлтийг толгой буруу байна гэсэн утгаар буцаасан байх ба тухайн үед нь өмгөөлөгч хуралдаантай байсан тул мэдэх боломжгүй байжээ.
Ингээд шүүхэд миний бие өөрийн өмгөөлөгчтэй хуралдаанд оруулж өгнө үү гэх хүсэлтийг тавьсан боловч хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж эрх зүйн туслалцаа авах боломжгүй байдалд шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Дээрх нөхцөл байдал нь шүүх шинэчлэн зохион байгуулагдах үеийн зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой байсан тул хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож өгнө үү.
Мөн шүүх хуралдаанд миний бие дахин шинжээч томилуулах үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахад хүлээж авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнэн зөвийг нотлоход нотлох баримт нь хууль ёсны биш байсан бол шүүх шинжээч томилон хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох нотлох баримт гаргуулах үндэслэлтэй байсныг хэрэглээгүйд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, шинжээч томилох тухай тогтоол зэрэг баримтууд авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.
3.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох ******* нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ гээд 156.1.1-д шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол гэж зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарна.
Энэ тохиолдолд ямар шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шинжээч томилон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд хариуцагч талд байгаа учир хариуцагч нь эдгээр баримтуудыг гаргаж өгөх үүргийг хүлээнэ.
3.2. Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогч нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлах, маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийн дагуу талуудыг чиглүүлэх үүрэгтэй байдаг.
Анхан шатны шүүх талуудыг барьцаа хөрөнгийн үнэлгээнээс бусад шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар маргаагүй гэж үзэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг бүрдүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шат дараалсан ажиллагааны дагуу явагддаг шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй, эдгээр ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоодог байхад үүнийг хянан шалгахгүйгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
3.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулахад зайлшгүй хийх арга хэмжээний талаар зохицуулсан бөгөөд уг үйл ажиллагааны үр дүнд төлбөр авагчийн төлбөрийг төлүүлэх боловч нөгөө талаар төлбөр төлөгчийн хуулиар тогтоосон эрх зөрчигдөөгүй байх ёстой.
Тиймээс хуулиар тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг шат дараатай явуулсан болон барьцаа хөрөнгийг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн энэхүү ажиллагаанууд зохих ёсоор явагдсан эсэх /шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах, шинжээч томилох үндэслэл бүрдсэн эсэх, хэзээ ямар эрх зүйн акт үйлдэж шинжээч томилсон, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, түүнд дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл бий эсэх гэх зэрэг/-ийг тогтооход шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт зайлшгүй хэрэгтэй.
Гэвч анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс үүнийг нөхөн гүйцээх боломжгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай байна.
4. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05764 тоот захирамжаар ...нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өөрөө нотлох баримт бүрдүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. /х.х-ийн 124-125/
Учир нь, хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүргийг тухайн маргасан нэхэмжлэгч нь хүлээх учиртай.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр дахин шинжээч томилуулан хөрөнгийн үнэлгээг тогтоох боломжтой байсан гэх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал тул энэ талаарх гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/04357 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх 109, 113-115/
Улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
6. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР