| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/05622/И |
| Дугаар | 210/МА2025/01174 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01174
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03675 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
5,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2020 оны 02 сарын 13-ны өдөр *******, ******* нарт 3,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлийн нийт дүн 5,880,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нар хамгийн сүүлд 2024 оны 03 сарын 07-ны өдөр 200,000 төгрөг өгснөөр нийт 2,240,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй ба зээлийн үлдэгдэл 3,640,000 төгрөг, алданги 1,820,000 төгрөг, нийт 5,460,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: *******аас 2020 оны 02 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг зээлсэн. Манай дэлгүүрийн ард сууж байгаад гэрээ байгуулахад нөхөр ******* байгаагүй. Гэрээг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон. 3,000,000 төгрөгөөс 2,440,000 төгрөгийг төлснийг хасаж 560,000 төгрөгийг төлнө. Гэрээн дээрх гарын үсэг бол миний гарын үсэг мөн, гэхдээ ******* хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 3,457,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 2,002,800 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гээс 70,265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга: *******аас 3 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө гэсэн гэрээг бичгээр байгуулаагүй. Харин хоосон цаасан дээр зөвхөн миний гарын үсгийг зуруулж байсан. Шүүхэд үндэслэлгүйгээр олон сарын зээлийн хүү авахын тулд тэрхүү цаасыг ашиглан урт хугацаатай зээл авсан мэтээр нэхэмжлэл гаргасан. Би 12 сарын хугацаатай зээл аваагүй гэж маргаж байхад шүүх хуурамч зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлж хүү, алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх зөвхөн гэрээг биш 45 хоногийн хугацаатай зээл авахдаа буцааж төлж байсан төлбөрийн баримтуудыг харьцуулж үнэлэлт, дүгнэлт өгсөн бол би *******ын зээлийг төлж дуусгасан тооцоо гарахаар байсан.
Би Хаан банкнаас хаасан дансны хуулгаа авах гэсэн ч банк надад гаргаж өгөөгүй, ингээд шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй ба энэ дансны хуулгаар миний төлсөн мөнгөн дүн нэмэгдэх байсан ч шүүх хангахаас үндэслэлгүй татгалзсанд гомдолтой байгаа.
******* нь зээл олгох эрх бүхий этгээд биш атлаа хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдүүлдэг. Нэг сарын 8 хувиар мөнгө зээлж байсан нь хууль зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцон миний хаагдсан Хаан банкны дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан маргааныг дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлээс 560,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх шаардлага болон хариуцагч ******* зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан гэж тайлбарлан маргажээ.
4. Талуудын хооронд 2020 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* 3,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүү тооцон 12 сарын хугацаагаар хариуцагч *******, ******* нарт зээлдүүлжээ. Мөн гэрээгээр зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй бол өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Нэхэмжлэгч зээлийг хариуцагчид олгосон болон тус зээлээс 2,240,000 төгрөгийг хариуцагч ******* буцаан төлсөн талаар зохигч хэн аль нь тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болохыг, харин хариуцагч *******ы хувьд зээлийн гэрээний оролцогч биш болохыг хэргийн баримтад үндэслэн анхан шатны шүүх тус тус зөв тодорхойлж, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ *******аас 3,000,000 төгрөгийг, 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй гэж амаар тохиролцож авсан, ******* хоосон цаасанд гарын үсэг зуруулсан гэж илэрхийлсэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 сарын 20-ны өдрийн ЕГ/0125/995 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар талууд зээлийн гэрээ байгуулахдаа хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн 2020 оны 02 сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан гэж дүгнэнэ. Хариуцагч давж заалдах гомдолдоо зээлдэгч нь зээл олгох эрх бүхий этгээд биш гэсэн нь энэхүү хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэхийг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч ******* хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүрэгт нийт 5,880,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2020 оны 03 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 сарын 07-ны өдрийн хугацаанд 2,440,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг шүүх хасаж тооцон, зээлийн төлөгдөөгүй үүрэг 3,440,000 төгрөг дээр, талуудын тохиролцсон алданги 17,200 төгрөгийг нэмж 3,457,200 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд зээлийг төлж дуусгасан, шүүх хуурамч зээлийн гэрээг үндэслэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******гийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Хариуцагч ******* 1969 онд төрсөн ба гэрээ байгуулах үедээ 51 настай байсан нь эрх зүйн бүрэн чадамжтай байна. Тэрээр гэрээ байгуулах үедээ сэтгэцийн өвчин, согтуурах, мансуурах бодис хэрэглэсэн болон өөрийгөө хянаж удирдах чадваргүй байх үедээ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир түүний хоосон цаасанд гарын үсэг зурсан гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй, мөн ямар баримтад гарын үсэг зурж буй үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах учиртай.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 4944 дугаартай захирамжаар Хаан банк ХК-аас дансны хуулга гаргуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгахгүй. Энэ хугацаанаас хойш хариуцагч тал уг хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 281.1 ... гэсний ард 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,266 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ