| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2017/0166/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Хатанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 364
Э.Галбадрах, Д.Очирсүх нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Г.Хатанцэцэг,
Хохирогч Д.Мөнхбазар,
Ялтан Д.Очирсүх, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Ялтан Э.Галбадрах, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Мөнхбазарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Очирсүх, Э.Галбадрах нарт холбогдох 201626022977 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Харачу овогт Эрдэнэбатын Галбадрах, 1993 оны 7 дугаар сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бэлон” ХХК-нд барабаны операторчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 64 тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ПЮ93071036/,
Боржигон овогт Дэмбэрэлийн Очирсүх, 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 33 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК92050435/,
Э.Галбадрах, Д.Очирсүх нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” баарны буйдан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байсан иргэн Д.Мөнхбазар руу харсан хяналтын камерыг Д.Очирсүх нь гараараа халхлах үед Э.Галбадрах Д.Мөнхбазарын (125.000 төгрөг, 670 юань, бичиг баримт бүхий) хэтэвчийг нь хулгайлж 533.446 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Галбадрахад холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Очирсүхэд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх: Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс эд хөрөнгө хураахгүйгээр Э.Галбадрахыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Очирсүхийг 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Э.Галбадрах, Д.Очирсүх нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хохирогч Д.Мөнхбазар бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Галбадрах, Д.Очирсүх нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс эд хөрөнгө хураахгүйгээр Э.Галбадрахыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Д.Очирсүхийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Галбадрахыг 2 жил, Д.Очирсүхийг 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзаж тэдгээрт хяналт тавихыг Хан-Уул, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Галбадрах, Д.Очирсүх нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Мөнхбазар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бус шүүгдэгч нар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд учируулсан хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулах ямар нэг үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй, үг хэлээр доромжилж, утасны дуудлага авахгүй байгаа үйлдэлд нь гомдолтой байна. Миний бие эд зүйлсээ алдаж, зодуулан хөдөө орон нутгаас 5 удаа Улаанбаатар хотод ирж цаг заваа алдан бие болон эд зүйлс, хөрөнгө мөнгөөрөө хохирсон. Шүүгдэгч нарыг алдаа дутагдлаа ойлгож, гэмшинэ гэж ирээдүйг нь бодоод эр хүний зан гарган шүүх хуралд аль болох өмгөөлж, нэмэлт нотлох баримт болох камерын бичлэгийг гаргаж өгөөгүй, тэдгээр залуусыг ялгүй үлдээсэн. Гэвч өнөөдөр тэдний хандлагаас харахад гэмшиж ухаарсан зүйл огт харагдахгүй, шалтаг тоочин хохирол барагдуулахгүй байгаа нь цаашид гэмт хэрэг хийж бусдад хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэж байна...” гэв.
Ялтан Д.Очирсүхийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг зүйлчилсэн, өмгөөлөгчийн зүгээс ч зүйлчлэл дээр маргаагүй. Д.Очирсүх нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд ялтан нар хохирогчид учруулсан 533.446 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч өөрөө ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлж барагдуулсан гэж мэдүүлдэг. Өнөөдрийн шүүх хурал дээр хохирогч 2.800.000 төгрөгийн шууд бус хохирол учирсан гэж мэдүүлж байгаа боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгч 2.406.000 төгрөгийн (тухайн үед гар утсаа хаясан, унааны зардал гэх мэт) хохирол нэхэмжилдэг бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Д.Очирсүх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо сайн дуруураараа нөхөн төлсөн...” гэв.
Ялтан Э.Галбадрахын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцож, тухайн үеийн нөхцөл байдал, өөрийнхөө байр сууриа бүрэн тодорхойлсон. Шүүхээс шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шийтгэх тогтоолд бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна...” гэв.
Ялтан Д.Очирсүх тус шүүх хуралдаанд: “Тайлбаргүй” гэв.
Ялтан Э.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Мөнхбазар шүүх хуралдаанаас дараа огт холбоо бариагүй, түүнийг хэл амаар доромжлоогүй. Шүүх хуралдааны орой Д.Очирсүхийн хамт түүнтэй уулзахад тэрээр “залуу хүн дахиж ийм алдаа битгий гаргаарай” гэхээр нь “дахиж ийм алдаа гаргахгүй” гээд бусад хохирлыг төлөхөөр болоод салсан. Анхан шатны шүүхээр тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хурлаас хойш бусад зардал гэж нэхэмжилсэн хохирлыг төлөхөөр Замын-Үүдэд ажил хийж байгаа, удахгүй төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.
Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Очирсүх, Э.Галбадрах нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тэдний гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч Д.Мөнхбазар нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын баримтаа гаргаж өгөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “бусад хохирлоо нэхэмжилнэ, баримтаа гаргаж өгнө” гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр байдалд үндэслэн шүүх хохирогчийн эрх ашгийг хамгаалж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ялтан Э.Галбадрах, Д.Очирсүх нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” баарны буйдан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байсан иргэн Д.Мөнхбазар руу харсан хяналтын камерыг Д.Очирсүх гараараа халхалж Э.Галбадрах (125.000 төгрөг, 670 юань, бичиг баримт бүхий) хэтэвчийг нь хулгайлж 533.446 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогч Д.Мөнхбазарын “... 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 23 цагийн орчим найз Батзориг, түүний найз эмэгтэй, Мөнхбат нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байх “Castle” гэх бааранд орсон. Энэ үед Мөнхбат дуудлагын жолооч дуудаж машинаа авахаар түрүүлээд гарсан. Батзоригийг хүлээж байхдаа баарны буйдан дээр хэсэг унтсан байсан. Намайг сэрэхэд манай найзуудаас хэн нь ч байгаагүй, би ганцаараа унтаж байсан. Тухайн үед 04 цаг болж байсан ба халаасанд байсан хэтэвч байхгүй болсон байхаар нь цагдаад хандсан. Миний хэтэвчинд 125.000 төгрөг, 670 юань, иргэний үнэмлэх, виза картууд байсан. Миний хэтэвчийг авсан залуучууд хэтэвч, бичиг баримтуудыг буцааж өгсөн, мөнгийг өгөөгүй...” /хх-19/,
Гэрч Э.Ишдоржийн “...Э.Галбадрах, Б.Мөнгөншагай хоёр бааранд танилцсан 3 охинтойгоо хамт буудалд орж хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр манай найз залгаад “цагдаа дээр хүрээд ир” гэхээр очиход бид нарыг хулгай хийсэн байна гэсэн. Бид нар “мэдэхгүй, тийм зүйл болоогүй” гээд байж байтал Э.Галбадрах ирээд согтуу унтаж байсан хүний хэтэвчийг авсан талаар цагдаад хэлсэн. Тухайн үед хулгай хийсэн талаар мэдээгүй, цагдаа дээр ирээд л мэдсэн...” /хх-20-21/,
Гэрч Б.Мөнгөншагайгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба төрсөн өдрөө найз нартайгаа хорооллын “Castle” нэртэй бааранд тэмдэглэхээр 23 цагийн үед бааранд орсон. Бааранд орох үед Э.Ишдорж, Э.Галбадрах, Д.Очирсүх, Э.Түвшинтөгс, Б.Оргилболд байсан. Араас манай найз нар нэг нэгээрээ нэмэгдэж ирсэн. Тэгээд шөнийн 03-04 цагийн үед баарнаас гараад бааранд танилцсан 2 охинтой хамт Э.Галбадрах бид хоёр буудалд хоносон. Харин маргааш нь цагдаа дээр дуудахаар нь очиход бид нарыг хулгай хийсэн байна гэсэн. Ингээд хулгай хийсэн хүн байгаа талаар найз нараасаа асуухад бүгд мэдэхгүй гэж байсан ба Э.Галбадрах тухайн өдөр ирээгүй харин маргааш нь дуудахад ирээд хэлэхдээ бааранд байх үедээ согтуу тасраад унасан байсан хүний эд зүйлийг хулгайлсан талаараа хэлсэн...” /хх-22-23/,
Гэрч Б.Оргилболдын “... 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 10 жилийн найз Б.Мөнгөншагайгийн төрсөн өдөр болж, хорооллын “Castle” нэртэй бааранд тэмдэглэхээр болсон. Ингээд 00 цагийн орчим хороололд найз охиныхоо гэрт байж байгаад бааранд очиход Б.Мөнгөншагай, А.Дамбадагва, Э.Галбадрах, Э.Түвшинтөгс, Д.Очирсүх нар сууж байсан. Баарнаас 03-04 цагийн орчим гарцгааж гэр гэртээ харьсан. Харин тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа намайг цагдаа дээр дуудаж бид нарыг бааранд байх үедээ хүний эд зүйлийг хулгайлсан гэж хэлсэн. Тэр үед Э.Галбадрах ирээд хүний хэтэвчийг хулгайлсан талаараа хэлсэн...” /хх-24-25/,
Гэрч А.Дамбадагвын “...2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр манай 10 жилийн найз Б.Мөнгөншагайгийн төрсөн өдөр болж хорооллын “Castle” нэртэй бааранд тэмдэглэхээр найз нарын хамт 23 цагийн үед бааранд орсон. Тэр үед Б.Мөнгөншагай, Э.Галбадрах, Э.Түвшинтөгс, Д.Очирсүх, Б.Оргилболд, түүний найз охин, Э.Ишдорж нарын хамт орж баарны зүүн хойд хэсэгт байх буйдантай ширээнд сууж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Хоёр хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан. Найз нараасаа асуухад Э.Галбадрах бааранд байх үедээ согтуу хүний хэтэвчийг хулгайлсан талаараа хэлсэн. Бид нарын сууж байсан ширээний баруун талын ширээн дээр 3 охин сууж байх шиг байсан. Харин зүүн талын ширээн дээр нэг залуу ганцаараа унтаж байсан. Ширээн дээр нь ямар нэгэн захиалсан зүйл байхгүй хоосон байсан ба бид нарын баруун талд сууж байсан 3 охинтой хамт орж ирээд тасраад унтсан байсан юм шиг байна лээ...” /хх-26-27/,
Д.Очирсүхийн сэжигтнээр өгсөн: “...Миний бие хяналтын камерын бичлэгийг гараараа дарсан нь үнэн боловч Э.Галбадрах уг камерыг “гараараа дарж бай” гэж хэлсэн. Би тэр үед Э.Галбадрахыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэж байгааг мэдээгүй, бүлэглэж хулгай хийсэн зүйл байхгүй. Намайг камер гараараа дарж байх үед ширээн дээр Э.Галбадрах, Э.Түвшинтөгс хоёр байсан. Бусад нь бүжгийн талбай дээр байсан. Тухайн эд хөрөнгө, мөнгөнөөс огт аваагүй, хэтэвчинд хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна...” /хх-39-40/,
Э.Галбадрахын сэжигтнээр өгсөн: “...Д.Мөнхбазар гэх залууг согтууруулах ундааны зүйл хэрэглэж баарны буйдан дээр унтаж байх үед нь өмднийх нь халаасны хажууд байсан бор өнгийн арьсан хэтэвчийг хулгайлан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ хэн нэгэнтэй бүлэглэн үйлдээгүй. Хэтэвчийг Д.Очирсүх, Э.Түвшинтөгс нарт мэдэгдэлгүй авсан. Унтаж байсан залуугийн ширээ рүү харсан хяналтын камер байхаар нь Д.Очирсүхэд “камерыг дарж бай” гэж хэлээд цаашаа хараад камер дарах хооронд нь хэнд ч мэдэгдэлгүй хэтэвчийг нь аваад өмднийхөө халаасанд хийгээд бүжгийн талбай руу гарсан. Хэсэг бүжиглэж байгаад хэтэвчин дотор ямар зүйл байгаа талаар үзэхээр бие засах өрөө рүү ороод хэтэвчин доторх мөнгийг тоолж байтал Э.Түвшинтөгс араас орж ирээд тамхи байна уу гэсэн...” /хх-45-47/,
Э.Түвшинтөгсийн сэжигтнээр өгсөн: “...Э.Галбадрах бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад бие засах өрөө рүү явахаар нь түүнээс тамхи асуухаар араас нь ороход Э.Галбадрах гартаа хэтэвч барьчихсан мөнгө тоолоод зогсож байсан. Тухайн үед бага зэрэг сандарсан байдалтай байсан бөгөөд тамхи байхгүй гэхээр нь гараад найз нарынхаа бүжиглэхийг хараад суусан. Э.Галбадрах цагдаа дээр ирээд хохирогчийн хэтэвчийг хулгайлсан талаараа мэдүүлж, эд зүйлийг нь буцааж өгсөн. Түүнийг хэтэвч хулгайлж байхыг нь мэдээгүй, харин бие засах өрөөнд мөнгө тоолоод байж байхад нь орсон, өөр зүйл мэдэхгүй. Эд зүйлээ алдсан гэх залуу бид нарын хажуу талын буйдан дээр тасраад унтсан байдалтай хэвтэж байсан...” /хх-52-53/ гэх мэдүүлгүүд, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-28/, 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ханшийн мэдээлэл /хх-131/ болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Хохирогч Д.Мөнхбазар “...шүүгдэгч нар учруулсан хохирлоо барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулах ямар нэг үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй үг хэлээр доромжилж байгаад гомдолтой байна...” гэсэн гомдол гаргажээ.
Хохирогч Д.Мөнхбазар хэргийн улмаас цагдаа, шүүхийн байгууллагад удаа дараа дуудагдан Орхон аймгаас ирсэн зардал болон бусад шууд бус зардлыг ялтан Э.Галбадрах, Д.Очирсүх нар өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Мөнхбазар шүүхийн хэлэлцүүлэгт “Баримтаар гаргаж өгсөн хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэлээр гаргаж өгөх баримт байгаа ч одоо байхгүй байна.” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүх уг хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд хохирогч Д.Мөнхбазарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Мөнхбазарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Н.БАТСАЙХАН