Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2025/0052

 

 

 

Д.Э****-ийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх Захиргааны

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

 Шүүгчид:                                                Г.Банзрагч

                Х.Батсүрэн

                                                                            П.Соёл-Эрдэнэ

 Илтгэгч шүүгч:                                  М.Батсуурь

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2024/0087 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0170 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Д.Э****, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А***, А.С****нарыг (цахимаар) оролцуулан,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0207 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Д.Э*****-ээс Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Тамгын газрын даргад холбогдуулан “шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос, мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос хариуцагч нар татгалзсан нь хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Тамгын газрын даргад тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Д.Э**** нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны ***  дугаар зарлигаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ***  дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгч Д.Э****-ийг шүүгчээр томилоогүй орхисон байна.

2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр: Д.Э****-ийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Э****-ийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналын дагуу Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ***  дугаар зарлигаар Д.Э****-ийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ.

2.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр: “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Д.Э****-ийг шүүгчээр ажиллаагүй 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан Д.Э****-т олгож, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 8 жил 5 сар 29 хоногийн цалин хөлс болох 304,299,661 төгрөгийг Д.Э****-т олгож, түүний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгажээ.

3.Нэхэмжлэгч Д.Э****-ээс “ … Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж, мөн зүйлийн 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэж тус тус заасан нь “шүүгчийн үндэслэлгүйгээр албан тушаалдаа томилогдоогүй орхигдсон нь хууль бус байсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосноор шүүгчийн хөдөлмөрийн харилцаа бүрэн сэргэж, түүний шүүгчид эдлүүлэх нийгэм, эдийн засгийн бүх баталгаануудыг сэргээн эдлүүлэх, эрх олгосон заалт юм. ... Миний шүүгчээр ажиллаж байсан буюу шүүгчээр томилогдсон, чөлөөлөгдсөн баримтуудыг шүүх үнэлсэн учир дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Би ажилгүй байсан хугацааны цалингаа авсан, яагаад шүүгчээр ажилласанд тооцуулах гээд байгаа үндэслэл нь би залуу шүүгч нараас бага амралтын хоног бодуулж авдаг, мөн шүүгч нарт байрны квот ирсэн, ажилласан жилийг манай шүүх жагсааж байгаад хэнд өгөх вэ гэдгийг шийдсэн. Би нийгмийн баталгаанаас хоцроод байна гэхэд манай шүүхийн Тамгын газрын дарга шүүхээр тогтоолгочих гэж хэлсэн ...” гэж маргажээ.

4.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ***  дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Д.Э****-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ***  дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгдсэн олгосныг маргаангүй авсан байна ... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э****-ийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э****-ийг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байна. Иймд дээрх хугацааг шүүгчээр ажилласан жилд тооцох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж маргажээ.

5.Хариуцагч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Шүүхийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтын нэмэгдэл дээр шүүгчийн 8 жил 4 сар 28 хоног тооцоологдохгүй явж байгаа. Шүүхийн Тамгын газар шүүгчтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрхтэй эрх бүхий албан тушаалтан биш учир шүүгчээр ажилласан жилийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь манайд хамааралгүй” гэж маргажээ.

6.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс: Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4, 47 дугаар зүйлийн 47.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, “нэхэмжлэгч төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас 8 жил 4 сар 28 хоногийн хугацаанд шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсныг тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч Д.Э****-ийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, түүний шүүгчээр ажиллаагүй хугацааны цалин хөлсийг хариуцагчаас олгосон байх тул хариуцагч нар нь түүний шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан хугацаанд тус тус оруулан тооцож, нэмэгдэл амралтыг олгох, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох үүрэгтэй” гэж дүгнэжээ.

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “… нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацаанд улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох, улмаар нэмэгдэл болон амралтын нэмэгдэл олгох тухай асуудал” хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрхлэн хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй буюу нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг аль нэгэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцан хэрэгжүүлж, улсад болон шүүгчээр ажилласан байдлыг тогтоосон шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн    133.1-д “Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:”, 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж тус тус заасны дагуу иргэний хэргийн шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Нэхэмжлэгч Д.Э****-ээс магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах агуулга бүхий гомдлыг гаргажээ. Үүнд:

8.1.Иргэний хэргийн шүүх уг хэргийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын гэж дүгнэж, татгалзсаныг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Тодруулбал, миний бие “Д.Э****-ийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцох, эдлээгүй үлдсэн холбогдох нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгуулах” нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02022 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Гэвч нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01476 дугаар магадлалаар хэргийг шүүхийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн, хариуцагч нь төрийн захиргааны байгууллага байгаа тул иргэний шүүхийн харьяалал биш гэж үзэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

8.2.Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хянаад “хэргийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх иргэний хэргийн маргаан” гэж дүгнэсэн нь нэгдүгээрт, хэргийн харьяаллын талаар шүүхүүд маргаагүй, хоёрдугаарт, хариуцагч нар огт маргаагүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудыг буруу ойлгож хэрэглэсэн, уг заалтыг хэрэглэх ёсгүй байсан, эрх хэмжээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзнэ ... дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хариуцагч нар нь шүүгч миний 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг “үл маргах журмаар” шүүгчээр ажилласан жилд буюу төрийн албанд ажилласан жилд оруулан шууд тооцох үүрэгтэй байсан.

8.3.Миний маргаж байгаа асуудал давж заалдах шатны шүүгч нарын ойлгож байгаагаас огт өөр буюу “намайг буцаан шүүгчээр томилж ажиллуулахгүй байсан 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан гэж үзэх хугацаанд оруулах тооцуулах”-ыг захиргааны байгууллагад даалгуулахаар маргаж байгаа ба уг хугацааг тооцож өгөхгүй байгаагийн үр дагавар нь албан тушаалдаа 2013 онд томилогдон үлдсэн бусад шүүгч нараас доогуур нийгмийн баталгаагаар хангагдаж, энэ хэмжээгээр цалин хөлс буурч хохирч байгаа гэж маргаж байгаа.

8.4.“Шүүгчээр ажиллаж байснаа тогтоолгох”, “шүүгчээр томилж ажиллуулаагүй хугацааг шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцуулах” гэдэг ойлголтууд утга агуулгын хувьд ч, хууль зүйн үр дагаврын хувьд ч илт өөр байхад давж заалдах шатны шүүх “онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг буюу ажилласан байдал тогтоолгох хэрэг” гэж үзсэн нь Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гаргасан тайлбараас өөрөөр хэрэглэсэн, үйл баримтыг буруу үнэлсэнд тооцогдоно.

8.5.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0170 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар бичгээр ирүүлээгүй, харин шүүх хуралдаанд оролцож тайлбараа гаргасан байна.

ХЯНАВАЛ:

10.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч Д.Э**** нь 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ***  дугаар зарлигаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны *** дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны нийт 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч эдгээр шүүгч нарыг буцаан томилсон 2013 оны ***  дугаар зарлигаар нэхэмжлэгч Д.Э****-ийг томилолгүй үлдээжээ. Ийнхүү шүүгчээр томилохоор дахин өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг нэхэмжлэгч Д.Э**** эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Д.Э****-ийг шүүгчээр буцаан томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

12.Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр Д.Э****-ийн шүүгчээр үндэслэлгүйгээр буцаан томилогдоогүй нийт хугацааны буюу 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан Д.Э****-т олгон, Д.Э**** болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ. Эдгээр шүүхийн шийдвэрийн биелэлт бүрэн хангагдаж Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ***  дугаар зарлигаар Д.Э****-ийг шүүгчээр буцаан томилж, мөн шүүгчээр үндэслэлгүйгээр томилогдоогүй хугацааны цалинг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Д.Э****-т олгож, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгасан” үйл баримт тогтоогдож байна.

13.Дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос дүгнэвэл нэхэмжлэгч Д.Э****-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “шүүгчээр ажиллаж байсныг тогтоолгох” бус, харин “үндэслэлгүйгээр шүүгчийн албан тушаалд томилогдоогүй байсан хугацааг шүүгчээр ажилласан хугацаанд тооцож өгөхийг даалгах” агуулгатай байна.

14.Онцгой ажиллагааны журмаар зарим хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлын тухай Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар зөвлөмжийн 1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны нийтлэг үндэслэлийн талаар тайлбарласан ба 1.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай … Нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд материаллаг эрх зүйн маргаан заавал байдаг. Харин онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг нь эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох нөхцөл, үйл явдлыг тогтоох зорилготой байдаг тул нэгдүгээрт, материаллаг эрх зүйн маргаан үүсэхгүй, хоёрдугаарт, маргалдагч эсрэг талын оролцоо шаардлагагүй байдаг онцлогтой байна.

15.Шүүгчийн албан тушаалд томилогдоогүй байсан хугацааг шүүгчээр ажилласан хугацаанд тооцож өгөхийг эрх бүхий захиргааны байгууллагад даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийн тохиолдолд, маргалдагч эсрэг тал буюу Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын оролцоогүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, мөн шүүгчээр ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэл байгаа эсэх тухай материаллаг эрх зүйн маргаан хөндөгдөж буй тул онцгой ажиллагааны журмаар иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэгдэх маргаан бус, харин захиргааны хэргийн шүүхийн маргаан болно.

16.Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэн уг хэргийг иргэний хэргийн шүүхийн харьяаллын онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацаанд улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох, улмаар нэмэгдэл болон амралтын нэмэгдэл олгох тухай асуудал нь хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрхлэн хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй буюу нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг аль нэгэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцан хэрэгжүүлж, улсад болон шүүгчээр ажилласан байдлыг тогтоосон шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцэхгүй байна. 

17.Иймд давж заалдах шатны шүүх тухайн маргааны агуулгад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлээгүй энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0170 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн      127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                            Х.БАТСҮРЭН

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                            М.БАТСУУРЬ