Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/261

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Схолбогдох эрүүгийн 1938005720310 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Эдель Вайс зочид буудалд 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой Б.Аийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Т.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Эдель Вайс зочид буудалд Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938005720310 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогч Б.Аийн биед шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс уучлалт гуйж, түүний хохирлыг барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан. …Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.С надруу гэнэт л уурлаж зүүн талын шанааруу маань гараараа 2 цохисон. Тэгээд намайг газарт унахад Т.С өрөөнөөс гарч явсан. Т.С удалгүй буцаж орж ирэхээр нь чи одоо яаж байнаа хөгшөөн гэж хэлэхэд намайг шууд өшиглөж унагаасан. Би унангуутаа нүүрээ гараараа хамгаалаад хэвтэхэд толгой дээрээс 2-3 удаа дэвсээд, мөн нүүрлүү маань гараараа цохиод байсан...Би гомдолгүй байна. Т.С надад эмчилгээний зардал 400.000 төгрөг өгсөн. Би түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.А, Т.С хоёр маргалдаад Т.С Б.Аийн нүүрлүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би Т.Сг Б.Аээс түлхэж холдуулахад Т.С гараад явчихсан. Тэгэхээр нь би ерөөсөө харьяа гэж бодоод шууд буудлаас гарсан. Намайг гарах гээд үүдэнд явж байхад Т.С надтай зөрөөд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 424 дугаартай:

      1. Б.Абиед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний ар тал, баруун тохой, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун дээд 6-р шүд хөдөлгөөнтэй, 7-р шүдний цогц хэсэг эмтэрсэн, баруун зүүн буйланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5. Цаашид хөдөлмөрийн чадвар 5%-аар тогтонги алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хорооны  Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-38 дугаар хуудас/,

       Хохирогч Б.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938005720310 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Эдель Вайс зочид буудалд Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.А/хх-ийн 10-11-р хуудас/, гэрч Б.Мөнгөнцэцэгийн /хх-ийн 15-16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,  Б.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 39-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.С нь хохирогч Б.Аэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Т.С бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчдод учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.С нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938005720310 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938005720310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР