| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2022/03760/И |
| Дугаар | 210/МА2025/01133 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01133
|
|
|
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* болон *******анд тус тус холбогдох
Хохиролд 1,276,153,685 төгрөгийг *******наас гаргуулж, тус 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт тусгаж батлуулахыг *******т даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******аас 2020 оны 03 сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ******* тогтоолыг гаргаж, ноолуур бэлтгэхэд зориулан 300 хүртэлх тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч жилийн 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг *******, *******, ******* нарт тус тус даалгасан.
Тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг хүлээсэн ******* нь Бодлогын гэрээг ******* ХХК-тай байгуулахдаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч *******ны 2020 оны 04 сарын 20-ны өдрийн ******* дугаар Бодлогын гэрээний илт хууль бус байх тул нэхэмжлэгчийг учирсан хохирлоо иргэний шүүхээр жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.
Бодлогын гэрээний улмаас одоогийн байдлаар 1,276,153,685 төгрөгийн хохирол учраад байгаа тул хариуцагч *******наас уг хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Харин хариуцагч *******аас Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар *******т төсөв батлах эрх байхгүй тул 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч *******т даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ны тайлбар, татгалзлын агуулга: Манай яамнаас *******ын ******* тогтоолын хэрэгжилтийг хангахаар 2020 оны 04 сард нэр бүхий 5 аж ахуйн нэгжтэй Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах тухай Бодлогын гэрээ байгуулсны нэг нь ******* ХХК ба талууд 2020 оны 04 сарын 20-ны өдөр ******* дугаартай Бодлогын гэрээ байгуулсан.
Гэрээний хавсралтад ноолуурын үнийг аймаг тус бүрийн ноолуурын чанараас хамааруулан ялгаатай тогтоосон. Хариуцагчийн зүгээс үнэ тулгаагүй ба бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь зүүн аймгаас өрсөлдөөн ихтэй, чанар сайтай ноолуур бэлтгэсэн. Бодлогын гэрээний 4.2-т зааснаар зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох аливаа эрсдэлийг яам хариуцахгүй гэж тодорхой заасан. Захиргааны шүүхээс гэрээний холбогдох үнэ тогтоосон заалтуудыг илт хууль бус байна гэж тогтоосон ба дээрх 4.2 заалт хүчинтэй хэвээрээ байх тул ******* ХК-аас зээлсэн хүүгийн төлбөр болох 697,088,946 төгрөгийн хохирол нь хариуцагчид хамааралгүй.
Нэхэмжлэгч 76,000 кг ноолуур авахад 2,300,000,000 төгрөг хүрэлцэхгүй тул авсан зээлээсээ их хэмжээний ноолуур худалдан авч алдагдал хүлээсэн байна. Хэргийн баримтаар ******* гэсэн компаниар БНХАУ руу ноолуур гаргахаар гэрээ байгуулсан учир бодит хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д улсын төсөв гэж *******аас баталсан, ******* болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж заасан. Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудаас харахад улсын төсвийг Засгийн газар биш, Улсын Их Хурал баталдаг гэдэг нь тодорхой байгаа ба Засгийн газарт төсөв батлах эрх байхгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төсвийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг ба энд заасан бүрэн эрх дотор ******* төсөв батлах эрхтэй гэсэн агуулга мөн байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ******* хариуцагч биш юм. Түүнчлэн манайд холбогдуулан гаргасан шаардлага нь иргэний хэргийн шүүхэд хамааралгүй. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******наас 601,797,774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674,355,911 төгрөг болон хариуцагч *******т холбогдох 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******наас улсын тэмдэгтийн хураамжид 3,166,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аар улсын тэмдэгтийн хураамж 4,538,719 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ны давж заалдах гомдлын агуулга:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ******* шийдвэрийн 19-т "Харин нэхэмжлэгч нь өөрийн бэлтгэсэн 76,000 кг ноолуураас 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээлээр үнэ нь төлөгдөөгүй үлдсэн 36,311 кг ноолуурыг ******* Улс руу экспортлох" гэж тодорхой дүгнэсэн бөгөөд хүүгийн хөнгөлөлтийн зээлээр төлөгдөөгүй буюу нэхэмжлэгчтэй байгуулсан Бодлогын гэрээнд хамааралгүй ноолуурын алдагдлыг хариуцан төлөх нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс (шүүхийн шийдвэрийн 14 дэх тал) "... нийт 1 кг тутамд 10,530 төгрөгийн бодит хохирол учирсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотолсонгүй" гэж дүгнэсэн боловч 76,000 кг 1 кг тутмын үнийн зөрүү 5,000 төгрөгөөр тооцож 380,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
*******, *******, Монгол Улсын ******* хооронд 2020 оны 04 сарын 03-ны өдрийн "Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ", 2020 оны 05 сарын 13-ны өдрийн "Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ"-ний дагуу *******ын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн ******* тушаалаар 4,539,280,270.04 төгрөгийг, 2021 оны 12 сарын 16-ны ******* тушаалаар 103,927,000,000 төгрөгийг тус тус ******* руу тус тус шилжүүлсэн. ******* нь *******ны ******* тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнд (51-52 дугаар хуудас) ******* ын 2020 оны ******* тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан ******* дугаартай Бодлогын гэрээний дагуу үндсэн төлбөрөөс чөлөөлсөн нь 2020 оны 12 сарын 22-ны хүртэл зээлийн үндсэн төлөлтөөс харагдаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2,300,000,000 төгрөгийн зээлийн үүргээс 24 сарын хугацаатай 9 хувийн хүүг тооцож үзсэн 221,797,774 төгрөг (шүүхийн шийдвэрийн 16 дахь тал) гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь боловсруулаагүй 40,000 кг ноолуурыг биржээр худалдаалан малчдын данс руу шууд шилжүүлсэн гэж нэхэмжлэл болон шүүхийн хурлын шатанд тайлбар өгсөөр байхад тухайн ноолуурт хамаарах зардлыг *******наас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, угаасан болон боловсруулаагүй ноолуурыг адилтган үзэж *******наас 601,797,774 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч *******ны давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдсон үнийн дүнгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үнэ тогтоож буй гэрээний заалт илт хууль бус, бодлогын гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч ******* ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох зэрэг 2 агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан. Бодлогын гэрээний 2.2-т худалдаж авсан бүх зээлд нь ноолуурын үнэд дүйцэхүйц зээл олгоно гэж зохицуулсан. Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2,300,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд бусад байдлаар хөнгөлөлт эдлэх боломжгүй гэж тайлбарладаг.
******* ХХК-ийн зүгээс 76,000 кг ноолуур худалдаж авсан боловч зөвхөн 2,300,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг ******* наас шийдвэрлэж өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ******* наас тухайн зах зээлд нөлөөлж, ноолуурын зах зээлийн үнийг хууль бусаар тогтоосон учраас үнийн зөрүү төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэж үзэж байна гэв.
7. Хариуцагч *******ны давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн тул тухайлан нэмж хэлэх тайлбаргүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч *******ны гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* болон *******д тус тус холбогдуулан хохирол 1,276,153,685 төгрөгийг *******наас гаргуулах, мөн 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт тусгуулж батлуулахыг *******т даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******ны хувьд нэхэмжлэгчид өндөр үнээр ноолуур авахыг тулгаагүй, зээлийн хэмжээнээс хэтрүүлэн худалдан авалт хийсэн, бодит хохирол учраагүй гэж, хариуцагч *******ын хувьд уг хэргийн хариуцагч биш гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. ******* ХХК, *******ны хооронд 2020 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан ******* дугаартай Бодлогын гэрээ-г ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор байгуулжээ. Энэ хүрээнд нэхэмжлэгчийг ноолуур бэлтгэхэд нь зориулан *******ны эх үүсвэрээр олгогдох жилийн 12 хувийн хүүтэй зээлийн хүүгийн 9 хувийг санхүүжүүлэх, ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд нь хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангах үүргийг хариуцагч *******, харин тухайн зээлийн үлдэх 3 хувийг нэхэмжлэгч өөрөө хариуцаж, зээлийн санхүүжилтээр ноолуур бэлтгэсэн тайлангаа яаманд ирүүлэх үүргийг нэхэмжлэгч ******* ХХК харилцан хүлээжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь *******, ******* аймгуудаас 1 кг ноолуурыг 85,000 төгрөгөөр худалдан авч, нийт 76,000 кг ноолуур бэлтгэсэн. Тухайн ноолуураас 40,000 кг ноолуурыг дотоодын зах зээлд 1 кг тутмыг 80,000 төгрөгөөр худалдаж кг тутмаас 5,000 төгрөгийн, мөн 36,311 кг ноолуурыг биржээр арилжин экспортод гаргаж 2,220,019,999 төгрөгөөр борлуулсныг нэхэмжлэгч талаас нэмүү өртөг шингэсэн 1 кг ноолуурын үнэ 78,000 төгрөгөөр тооцогдсон ба кг тутмаас 10,529 төгрөгийн алдагдлыг тус тус хүлээсэн гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч 76,000 кг ноолуур бэлтгэсэн болон ноолуурыг анх авсан үнээс бага үнээр худалдсан талаархи үйл баримтад зохигч маргаагүй, харин 1 кг ноолуур тутамд 5,000-10,529 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх хэмжээний талаар маргажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг нь өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тодорхойлсон үнээр малчдаас ноолуурыг худалдан авах, хариуцагч нь нэхэмжлэгчийн ноолуур худалдан авахаар банкнаас зээлсэн зээлийн хүүгийн тодорхой хувийг хариуцахаар тохиролцсоноор зохигчийн хооронд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүсчээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс заалруулна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь бэлтгэсэн 76,000 кг ноолуураа дээрх байдлаар дотоод, гадаадын зах зээлд худалдан борлуулсан нь 2-12 дахь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-аас 2020 оны 04, 05 дугаар саруудад малчидтай байгуулсан Ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ, ноолуур худалдан авсан тухай Ноолуур бэлтгэлийн баримт, ноолуурын үнийг төлсөн Төлбөрийн баримт-ууд болон 2020 оны 09 сарын 09-ний өдөр ХААН тэлмэн ХААБ ХХК брокероор зуучлуулан ХААБ ТӨХХК-аар дамжуулан ноолуур арилжсан тухай тодорхойлолт зэргээр тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Талуудын хооронд байгуулсан бодлогын гэрээний 1.5, 1.5.1-д орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг хавсралт-1д зааснаар тогтоож, 1.6-д уг үнийг баримтлаагүй бол хүүгийн хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар заажээ. Хавсралт-1д орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг ******* аймагт 105,000 төгрөг, ******* аймагт 85,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч энэ үнээр эдгээр аймгуудаас нийт 76,000 кг ноолуурыг худалдан авсныг өмнө дүгнэсэн.
Эдгээр аймгуудад 1 кг ноолуурын зах зээлийн үнэ 2020 оны байдлаар 55,200-56,000 төгрөгийн ханштай байсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр тогтоогджээ. Энэ агуулгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 1 кг ноолуурыг 85,000 төгрөгөөр худалдан авч, буцаан худалдахдаа энэ үнээс багагүй үнээр худалдан борлуулах боломжтой байсан эсэхийг дахин нотлохгүй.
Хариуцагч *******ны бодитой хохирол учирсан нь нотлогдохгүй ... зүүн аймгуудад ноолуурын үнэ 85,000-95,000 төгрөг байсан ... худалдан авсан ноолуураас 5,000 төгрөгийн зөрүү үүссэн нь манай үйлдлээс болсон гэж үзэхгүй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40,000 кг ноолуурын 1 кг тутмаас 5,000 төгрөгийн, 36,311 кг ноолуурын 1 кг тутмаас 10,529 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийт алдагдлыг 1 кг ноолуур тутамд 5,000 төгрөг гэж тооцон хариуцагчаас 380,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодоит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Иймээс энэ талаар гаргасан хариуцагч Хариуцагч *******ны давж заалдах гомдлыг хангахгүй.
6. ******* болон *******, *******ны хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ-ний 2.1-д зааснаар ******* нь ноолуур бэлтгэлийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан 12 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй байх нөхцөлөөр аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч уг зээлээс ******* ХК-аар дамжуулан 2,300,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 06 сарын 22, 07 сарын 16-ны өдрүүдэд авчээ.
Гэрээний 2.2-т зааснаар хариуцагч ******* нь тухайн зээлийн 9 хувийн хөнгөлөлтийг 12 сар хүртэлх хугацаанд олгох үүргийг хүлээжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулан олгосон зээлийн 12 сарын хугацаанд ногдох зээлийн үндсэн хүүгийн хөнгөлөлтийг 2020 онд багтаан банкинд шилжүүлэх үүргийг хүлээжээ. Энэхүү гэрээнд талууд 2020 оны 06 сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулснаар хариуцагч ******* нь 2020 онд төлөгдөх хүүгийн хөнгөлөлтийг тухайн жилд урьдчилан, 2021 оны хүүгийн хөнгөлөлтийг мөн оны 02 сарын 25-ны өдрийн дотор *******инд тус тус төлсөн байхаар заажээ.
Харин зохигчийн хооронд байгуулсан Бодлогын гэрээний 1.1-т хөнгөлөлттэй нөхцөлөөр ноолуур бэлтгэх-ээр талууд тохиролцсоны дагуу хариуцагч нь энэ гэрээний 1.4-т зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу *******наас олгох үндсэн зээлийн хүү /12 хувь/-ийн зөрүү 9 хувийн хүүг санхүүжүүлэх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн.
Нэхэмжлэгч нь бодлогын гэрээний дагуу ******* ХК-тай байгуулсан 2,300,000,000 төгрөгийн дээрх зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч *******ны хувьд тухай зээлийн жилийн 9 хувьд ногдох хүүгийн төлбөрийг банкинд төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо ******* нь 2020 онд 4,539,280,270 төгрөг, 2021 онд 103,927,000,000 төгрөгийг тус тус *******инд шилжүүлсэн гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ дүнд нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн хөнгөлөлт багтсан гэсэн тайлбарыг гаргасан ч ******* ХК-ийн Зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтад 2,300,000,000 төгрөгийн зээлийн 9 хувийн хүүнд ногдох төлбөр 2020, 2021 онуудад төлөгдсөн гэх байдал тогтоогдоогүй, төлөгдөөгүй байна.
Иймээс нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2,300,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүгийн 9 хувьд ногдох хүүг хариуцагч *******наас шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх хариуцагч *******наас тухайн зээлийн 9 хувьд ногдох хүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 221,797,774 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан тооцоолол тодорхой бус, мөн дээрх хоёр гэрээнд зээлийн хөнгөлөлтийн хугацаа 12 сараар хязгаарлагдсан байхад 24 сараар тооцсон нь хэргийн байдалд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь ******* ХК-аас 2,300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн тул тус зээлийн 9 хувьд ногдох хүүг хариуцагч ******* хариуцах үүрэгтэй бөгөөд 2,300,000,000 төгрөгийн жилийн 9 хувийн хүү нь 207,000,000 төгрөг болж байна.
Энэ үндэслэлээр хариуцагч *******ны давж заалдах гомдлын энэ хэсэгт холбогдох гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******наас 207,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дараах өөрчлөлтийг буюу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, хариуцагч *******наас 587,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******наас 587,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 689,153,685 төгрөг болон 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт тусгаж батлуулахыг *******т даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын ...3,166,939 төгрөг... гэснийг 3,092,950 төгрөг гэж тус тус өөрчилж, хариуцагч *******ны гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ