| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/06677/И |
| Дугаар | 210/МА2025/01241 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01241
|
|
|
*******гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/06704 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,586,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь үндэслэлгүйгээр цуцалсныг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоосныг хариуцагч биелүүлэх хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,586,544 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Хариуцагч хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тухай гомдлыг нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан буюу хариуцагч ******* ХК-ийн ******* салбарын харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15,922,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч *******г тус банкны харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн томилж, олговрыг нөхөн олгосноор шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 07 сарын 30-ны өдрөөс түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн 2022 оны 11 сарын 23-ны өдөр хүртэлх 15 сар 15 хоногийн хугацаанд ажилгүй байсны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч энэ хугацаанаас өмнө нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр дээрх асуудлаар анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
5. Ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ ажилтны урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгохыг мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчид хуулиар үүрэг болгосон.
Гэвч хариуцагч ******* ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шийдвэрт заасан 15,922,200 төгрөгийн олговрыг нэхэмжлэгч *******д олгож, харин шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр биелэгдэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг олгоогүй байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо гаргуулахаар ажил олгогчийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаал гарсан өдрөөс хойш 90 хоногт багтааж буюу 2023 оны 02 сарын 21-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.
Харин нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд бус 2024 оны 07 сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргаснаар 2021 оны 07 сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийн хугацаанд тооцогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхээ алдсан байна.
Иймд хариуцагч уг олговрыг нэхэмжлэгчид нөхөн төлөхөөс татгалзах эрхтэй ба энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/06704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар хариуцагч ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,586,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ