Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 653

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, РД:ОЙ69010805, Зуутраг овогт Загдын Сайнжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч З.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1969 онд төрсөн, 47 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын сургуульд сурч байгаад сургууль завсардаж 1985 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд хонь, ямаа маллан нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал багийн тоо бүртгэгч өөрчлөгдөн, “Цог” нэгдэл хувьчлагдаж тарсан. Одоо миний бие 5 хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох дөхөж байгаа бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч З.Сайнжаргал нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Загдын Сайнжаргалын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлээс 1988 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шагнуулсан “Мэнд төлчин” шагнал,

3. Гэрч Д.Намсрайгийн шүүхэд өгсөн: “Би 1980 оноос 1984 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Орлого бригадад няраваар, 1984-1988 онд Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд тракторын жолоочоор, 1988-1992 онд тус нэгдлийн харьяа “Орлого” хоршоонд тракторчнаар 1992 он хүртэл тус тус ажиллаж байсан. З.Сайнжаргал нь намайг Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд ажиллаж байхад буюу 1985 онд “Цог” нэгдэлд малчнаар ажилд орж 1990 оныг дуустал ажилласан юм. Миний санаж байгаагаар З.Сайнжаргал эх мал голдуу маллаж байсан. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

4. Гэрч Т.Загиржавын шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. З.Сайнжаргал нь 1985 онд “Цог” нэгдэлд малчнаар ажилд орж 1990 оныг дуустал ажилласан юм. Түүний нөхөр Ганхуяг нь мөн “Цог” нэгдлийн малчнаар олон жил ажилласан бөгөөд бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад хамт ажиллаж байсан эртнээс бие биенээ сайн таньж мэднэ. Миний санаж байгаагаар З.Сайнжаргал нь “Сайн төлчин” болж мөнгөн шагналаар шагнагдаж байсан юм. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Намсрай, Т.Загиржав нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

         Нэхэмжлэгч З.Сайнжаргал нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн З.Сайнжаргалын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан “Мэнд төлчин” шагнал, гэрч Д.Намсрай, Т.Загиржав нарын мэдүүлэг тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч З.Сайнжаргалын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Сайнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Загдын Сайнжаргалын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Сайнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР