Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00857

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/03112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,000,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/03407 дугаар захирамжаар хариуцагч *******ээс 42,525,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч ******* нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2024 оны 10 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2024 оны 10 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2024 оны 12 сарын 06-ны өдөр хурааж, улмаар үүрэг гүйцэтгэгч /өмчлөгч/, үүрэг гүйцэтгүүлэгч үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 12 сарын 13-ны өдөр ******* ХХК, үнэлгээчин *******ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасантай тус тус нийцжээ.

5. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 142,000,000 төгрөгөөр тогтоожээ.

6. Шинжээч ******* нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар (байршил, хэмжээ, зориулалт, бүтээц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, дотоод засал г.м)-ыг тодорхой тусгасан байх тул уг үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

7. Нэхэмжлэгч ******* нь *******т үнийн санал өгөхдөө орон сууцаа 150,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Дээрх үнийн саналыг (150,000,000 төгрөг) шинжээч *******ийн гаргасан орон сууцны зах зээлийн үнэ цэнэтэй (142,000,000 төгрөг) харьцуулан үзвэл ...орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.

8. ******* нь хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 23-ны өдөр төлбөр төлөгч *******-д мэдэгджээ.

Иймд, нэхэмжлэгч *******ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

9. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ...Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд Сонгинохайрхан дүүргийн хуучны орон сууц 1 м.кв нь 3,120,000 төгрөг байна... гэсэн байх боловч энэ агуулгаар анхан шатны шүүхэд маргаагүй учир давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. гэж тус тус заасны дагуу уг тайлбарыг үнэлэхгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/03112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР