Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 00252

 

 

 

                                

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осорбатын О.Аид холбогдох эрүүгийн 1938003010237 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газарт Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр УАЗ-2206 маркийн 76-09 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1-р зүйлүүдэд заасныг зөрчсөний улмаас замаас гаран онхолдож уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Л, Д.С, Д.Гнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын

09-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газарт Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр УАЗ-2206 маркийн 76-09 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1-р зүйлүүдэд заасныг зөрчсөний улмаас замаас гаран онхолдож уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Л, Д.С, Д.Гнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003010237 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би сумаас гарахдаа 10 том хүн, 5 хүүхэд аваад гарсан...Тэгээд Мөрөнгийн чиглэлд хужиртын даваа уруудаад явж байгаад тойроод хурдтай очоод урд байсан бор өнгийн пургоныг гүйцэт түрүүлэх гэж байгаад замаас гарч унасан...Энэ хэрэг миний буруугаас болсонд маш их гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ер нь нилээд хурдтай явсан. Тойрог дээр эргэх гээд багтахгүй яг миний сууж явсан талаар уначихсан. Би машинд сууж явахдаа удаан яваач гэж хэлсэн ч жолооч тоохгүй давхиад л байсан... Миний ахар сүүл хугарсан, сүүжний тогоо яс, аарцаг хугарсан байгаа. Одоо суга таягтай явж байгаа ч зовиур ихтэй явахад хүндрэлтэй байна...Жолооч намайг Улаанбаатар хотруу онгоцоор явах болон буцаж ирэхээр гарсан зардал, эмчилгээний мөнгө гээд нийтдээ 1.690.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний сууж явсан машин засмал зам дээр гараад ирэхээр нь би унтсан. Унтаж явтал хүмүүс шуугилдах чимээнээр хальт сэрэхэд машин унаж байсан. Би өмнө энэ жолоочийн машинд ганц нэг удаа сууж явж л байсан. Тэгэхэд зүгээр яваад байдаг байсан. Тэр өдөр яагаад осолд орж унасан гэдгийг нь мэдэхгүй байна...Би эмчилгээндээ нийтдээ 4.300.000 төгрөг зарцуулсан. Үүнээс жолооч О.А надад 3.200.000 төгрөг бэлнээр өгсөн. 1.100.000 төгрөг гаргаад өгчихвөл надад нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын ар талаас бор өнгийн Фургон машин гарч ирээд миний сууж явсан машин тэр бор өнгийн Фургон машинтай уралдаад урд хойноо ороод явсан. Засмал зам дээр гарсан ч адилхан уралдаад байсан. Тэгэж явж байгаад Хужиртын давааны цаад талын цагдаатай тойрог дээр О.А нөгөө Фургоноо гүйцэж түрүүлэх гээд шахаж байсныг санаж байна. Тэгээд л нэг мэдсэн миний толгой хүзүү хэсэг рүү шингэн зүйл урсаад би сэргэтэл машины тааз нь доошоо харчихсан, хүмүүс хашгиралдаад байсан. Би тухайн үед машин онхолдсон байна гэдгийг мэдсэн...Би эмчилгээндээ нийтдээ 3.000.000 төгрөг зарцуулсан. Үүнээс жолооч О.А надад бүгдийг нь өгсөн. Надад жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машин маань сааталгүй явсаар Хужиртын даваа уруудаад явж байхад Агваан жолооч хөгжмөө тултал чангалчихаад их хурдан давхиад байсан. Тухайн үед бид нар жолоочийг удаан яв гэж хэлээд байхад тоохгүй байсан. Тэгээд явж байгаад тойрог дээр онхолдчихсон. Машин унасны дараа би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дуудсан гэж байсан, хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд аваад явсан... намайг анх Улаанбаатар хотруу эмчилгээнд явж байхад Агваан жолооч надад 900.000 төгрөг өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний суусан машин 11 цагийн үед сумын төвөөс гараад замдаа сааталгүй явсаар байгаад засмал зам дээр гарч ирсэн. Засмал дээр гараад би унтчихсан байсан. Унтаж явтал тасхийх чимээ гарсан, сэрсэн чинь машин уначихсан байсан. Би машины хаалгаар мөлхөж гарсан, бусад хүмүүс ч гэсэн мөлхөх нь мөлхөөд гарч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүйсийн хөндий өнгөрөөд унтсан байсан. Нэг мэдсэн засмал дээр гарсан нэг тойрог байрын газар хүмүүс орилдохоор нь сэртэл машин замын хажуу талын шар эрэг мөргөөд машины 4 дугуй дээшээ харсан бололтой унасан...Миний эмчилгээнд гарсан мөнгийг жолооч ах өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засмал зам дээр гараад би хэсэг зуур унтсан байсан. Нэг мэдсэн хүмүүс хашгиралдаад явчихаар нь юу болов гээд сэртэл машин замын хажуу талын дүмбэ мөргөөд унчих шиг болсон. Би машины урд шилийг мөргөөд хэсэг хугацаанд ухаангүй болсон. Сэрээд ирэхэд машины хойд талын сандлын дунд хэсэгт орцон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ө-рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын ар талын замаас бор өнгийн Фургон машин гарч ирээд цаашаа хамт яваад тэр хоёр Фургон хоорондоо уралдаад яваад байсан. Хэсэг явж байгаад Хүрэн булгийн даваа руу уруудаж яваад миний сууж явсан машин зогсож хүмүүсээ буулгаж шээлгэсэн. Тэгээд цааш хөдлөөд Эрхэл нуурын хажуу талд нөгөө Фургоноо гүйцэж түрүүлсэн...Хужиртын даваа уруудаад цаана нь байдаг цагдаагийн зурагтай самбарны замын хажуу талын эрэг рүү миний сууж явсан машин тойрог дээр амжиж дарж чадахгүй очиж мөргөөд онхолдсон. Яг тэр тойрог дээр нөгөө бор Фургоноо гүйцэж түрүүлэх гэж байсан юм. Тэгээд машины 4 дугуй дээшээ харсан байдалтай засмал зам дээр унасан байсан. Хүмүүс орилолдоод байсан. Би урд талын том цонхоор машинаас гарсан. Тэгээд машины гадаа гараад урд сууж явсан Бямбадалай ахыг татаж гаргасан…Би бэртэж гэмтээгүй тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засмал зам дээр гараад явж байхад машин дайвалзах шиг болсон. Тэгээд машин онхолдсон хүмүүс хашгиралдаад намайг эхэлж машинаас татаж авсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд хүмүүсийг үзээд заримыг нь аваад явсан. Би ач хүүтэйгээ явсан. Тэрний маань толгойны хуйх тасарсан байсан. Надад гэмтэл учраагүй болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж Энхжаргал маань миний хүү Чингүүнийг хүргэж ирэхээр хүн тээврийн машинд суугаад Мөрөнгийн чиглэлд гарлаа гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө өдөр ээж, хүү хоёрын маань сууж явсан машин онхолдож хүмүүс нь нэгдсэн эмнэлэгт ирсэн байна гэхээр нь эмнэлэг дээр очсон. Тухайн үед ээжийн бие зүгээр хүүхдийн дух нь шалбарч тэрэндээ оёдол тавиулсан байсан. Би эмнэлгээр явж хүүхдээ эмчлүүлэхэд 100 орчим мянган төгрөг гарсан. Энэ мөнгийг жолооч төлсөн тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөрөн явж байх замд хужиртын даваа уруудаад явж байтал хоёр дахь тойрог дээр миний машиныг нэг цагаан өнгийн пургон машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн. Тэр машин миний зүүн талаар гүйцэт түрүүлж гарах гэж байгаад тойрог дээр багталгүй замаас гарсан. Би энэ үед машин унаж магадгүй гэж бодоод араагаа хүндрүүлж ургаш давхиж холдсон. Толиндоо харж байхад шороо манраад машин унаж байгаа харагдсан. Тэгэнгүүт нь би машинаа зогсоогоод унасан машин дээр гүйж очсон. Тэгээд хүмүүсийг нь машинаас гарахад нь тусалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинд суугаад унтчихсан байсан. Машинд байсан хүмүүсийн хашгиралдаанаар сэрсэн чинь машин унаж байсан. Надад эмчилгээнд 400.000 орчим төгрөг гарсан бас Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд гарсан бүх зардлыг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинд суугаад унтчихсан байсан. Машинд байсан хүмүүсийн хашгиралдаанаар сэрсэн чинь машин унаж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г-гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хоёр хүүхэд Хужиртын давааны тэнд зам тээврийн осолд орсон гэсэн мэдээ аваад газар дээр нь очиход хүүхдүүд маань гайгүй байсан. Хүүхдүүд зүгээр хэвийн байгаа надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: ....Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн явах чиглэлийн асфальтан хучилттай замд УАЗ-2206 маркийн 76-09 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч О.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1-р зүйлүүдэд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 231 дугаартай:

1. Б.Лгийн биед бүсэлхийн 2-4 нугалмуудын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун өгзөг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Б.Лгийн биед учирсан гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 294 дугаартай:

 1. Д.Сын биед умдаг ясны дээд салаа болон суудал ясны доод салаа, ахар

сүүлний 1-р нугалам, зөрөөтэй хугарал, сүүжний баруун тогоон өмнөд ханын хөндлөн цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Д.Сын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай:

1. Д.Гийн биед нурууны бүсэлхий хэсэгт сорви, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Д.Гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

      Итгэлт Эстимэйт ХХК-ний техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

      Цагдаагийн ерөнхий газрын О.Аийн эрх хасагдсан талаарх лавлагаа /хх-ийн 164 дүгээр хуудас/,

      Хохирогч Д.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163, 165, 166, 189 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003010237 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газарт Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр УАЗ-2206 маркийн 76-09 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1-р зүйлүүдэд заасныг зөрчсөний улмаас замаас гаран онхолдож уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Л, Д.С, Д.Гнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Сын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Д.Гийн /хх-ийн 21-22 дугаар хуудас/, хохирогч Б.Лгийн /хх-ийн 27 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярын /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Б.Түүхтбаярын /хх-ийн 35 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Дөлгөөний /хх-ийн 46-49 дүгээр хуудас/, гэрч Н.Бямбажавын /хх-ийн 51-52 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч А.Энхжаргалын /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Б.Цэрэнтогтохын /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Ц.Ганхуягийн /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэмбаярын /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Б.Отгонзаяагийн /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Б.Гантулгын  /хх-ийн 69 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 294 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/, Итгэлт Эстимэйт ХХК-ний техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан /хх-ийн 144-145 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын О.Аийн эрх хасагдсан талаарх лавлагаа /хх-ийн 164 дүгээр хуудас/, хохирогч Д.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч О.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч О.А нь хохирогч Д.Г, Б.Л, Д.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 189 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938003010237 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Осорбатын О.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Аид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938003010237 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР