| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0640/Э |
| Дугаар | 647 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 647
2019 8 20 2019/ШЦТ/647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ ,
шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирпүрэвийн Учралд холбогдох эрүүгийн 1911016420768 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам-бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 323 тоотод оршин суух,
-урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/39 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131, 123, 138 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай Шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт О.У................
Шүүгдэгч О.У нь Эрүүгийн хуулийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.У нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-323 тоотод Г.Ганбаатартай маргалдан улмаар баруун шуунд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг гэмтлийг Ганбаатарын биед би учруулсан. Тухайн өдөр хамт архи ууж байгаад Ганбаатар согтоод намайг тоглоом шоглоомоор ч юм уу дахин “бандиа, хошногоо” гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхээр нь би түүнд “намайг дахиж битгий тэгж хэлээрэй ” гэсэн чинь тоохгүй дахин дахин муухайгаар харааж хэлээд байхаар нь би согтуу байсан болохоор тухайн үед түрхэн зуур уур хүрээд гэрт байсан саарал эрээн иштэй хутгыг зүүн гараараа шүүрч аваад түүн рүү далайж сүрдүүлж зангасан. Би угаасаа солгой гартай. Тэгсэн чинь Ганбаатар баруун гараараа хааж түүний баруун гарт миний гарт байсан хутга зоогдох шиг болоод түүний гарын шуунаас цус гарч эхэлсэн. Тийм болохоор уг гэмтлийг би учруулсан ...” /хх-ийн 20х/,
Хохирогч Г.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... гэрт ороод хамтдаа Учралын авсан архийг хувааж уугаад байж байтал манай найз Бямбаарай ажилтай тул явлаа гээд гараад явсан. Учрал банштай цай хийж хамтдаа ууж идээд 2 шил архийг бид гурав хувааж уугаад би нэлээд согтоод тэдний орон дээр нь унтахаар хэвтсэн тэр үед Учрал болон түүний найз нар гадагшаа гарч явахаар нь би гэрт нь унтаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа хаалга онгойж Учрал найзтайгаа орж ирээд намайг сэрээх гээд байхаар нь би нойроо харамлаад босохгүй байсан чинь Учрал намайг янз бүрээр хэлээд хэрүүл хийгээд байхаар нь өөдөөс нь маргалдаж бид хоёр барьцалдаж аваад байж байтал гэнэт Учрал нэг хутга гаргаж ирээд над руу далайхаар нь би баруун гараараа хаасан чинь миний баруун гарын шуун дээр нэг удаа хутгалж миний гарнаас цус гарч эхэлсэн. Энэ үед Учралын найз гэх залуу орон дээр суугаад бид хоёрыг хараад сууж байсан. Гэрээр нь дүүрэн цус болоод би Учралд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь Учрал тухайн үед надаас уучлалт гуйгаад байсан. Би Учралыг зодож цохьсон зүйл байхгүй. Цагаан хар алаг бариултай хутга байсан. Өмнө нь уг хутгыг огт харж байгаагүй. Учрал бариад над руу далайх үед нь анх харсан ...” /хх-н 15-16х/,
Гэрч Д.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үлдэгдэл архиа бид гурав хувааж уугаад банштай сүүтэй цай уугаад сууж байсан. Ингээд сууж байтал Учрал, Ганбаатар нар согтуу байсан болохоор хоорондоо “банди, гөлөг” гэх мэтээр бие биетэйгээ тоглоом шоглоомоор ярилцаж байгаад бие биенийхээ үгийг даахгүй муудалцаад байсан. Тэр хоёр хар багын найзууд гээд байсан болохоор би гайгүй байлгүй дээ гээд зурагт үзээд сууж байсан чинь гэнэт Ганбаатар, Учрал нар орон дээр хоорондоо ноцолдоод эхлэхээр нь голоор нь орж салгасан юм. Тэгээд Ганбаатар орон дээр миний араар хэвтэж байгаад гэнэт “өө чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь харсан чинь Ганбаатарын гарын шуунаас нь цус гарч байхаар нь би гар нүүрийн цэнхэр алчуураар боож өгсөн. Тухайн үед Ганбаатар ногоон өнгийн нимгэн даавуун цамцтай байсан. Тэгээд Учрал бид хоёр Ганбаатарын цусыг тогтоох гэж оролдож тэр хавийн цусыг цэвэрлэх гэж оролдож шалыг нь алчуураар арчиж байсан...” гэх /хх-ийн 21-22х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6906 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, ажлын хэсгийн урт нь 14,5 см, хар саарал алаг өнгийн бариултай 1 ширхэг хутга, цус мэт хүрэн зүйлээс авсан дээж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Очирпүрэвийн Учралыг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Л.Учрал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, ажлын хэсгийн урт нь 14,5 см, хар саарал алаг өнгийн бариултай1 ширхэг хутга, цус мэт хүрэн зүйлээс авсан дээж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД