Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00858

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01769 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 106,921,540 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 23-ны өдөр 112/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 21 метр урттай, 3 метр өргөнтэй, ******* маркийн 150 тонны даацтай 1 ширхэг электрон автомашин жингийн суурийн ажлыг хийж гүйцэтгэх, автожинг угсарч суурилуулах, хяналтын туухайгаар баталгаажуулахаар тохирсон. Уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу заасан хугацаанд чанарын өндөр түвшинд суурийн ажлыг хийж гүйцэтгэж угсарч суурилуулан, 2023 оны 11 сарын 13-ны өдөр электрон жинг захиалагч талд хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээний 3.4-д заасны дагуу гэрээний ажлын хөлсийг электрон жинг угсарч суурилуулан захиалагч тал ******* ХХК-д хүлээлгэн өгөөд гэрээний төлбөр 71,281,100 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний 7.2-т Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэн буруутай тал нь нөгөө талдаа хоногт гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх бөгөөд алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна" гэж заасан.

Иймд, дагуу гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 71,281,100 төгрөг, гэрээний алданги 35,640,550 төгрөг, нийт 106,921,540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай компани нь ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр ******* ХХК-ийн зүүн бүсийн хашаан дотор байрлах ******* маркийн 150 тонны даацтай, 21 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй авто пүүний суурь болон угсарч суурилуулах ажлыг бүрэн гүйцэтгэн хэмжих хэрэгслийг *******ын улсын шалгагчаар баталгаажуулж хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа холбогдон ажлаа дуусгахыг шаардсан боловч гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэж бидэнд хүлээлгэн өгөхгүй хоног хугацаа алдсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ ******* ХХК бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдалд орох эрсдэл үүссэн тул арга буюу өөр этгээдээр уг ажлыг бүрэн гүйцэтгүүлж захиалагчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгээгүй, манай байгууллагад акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч гүйцэтгээгүй алга болсон бөгөөд гэнэт гэрээний үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн мэт шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлын гүйцэтгэлийг ямар нэгэн байдлаар хоёр талаас ажлын хэсэг гарч дүгнэсэн үйл баримт, нотлох баримт байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь ******* ХХК бөгөөд гэрээний гүйцэтгэлтэй холбоотой хийгдсэн ажил нь 55,000,000 төгрөг гэж тодорхойлсон.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 106,921,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 693,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 112/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г буруу үнэлсэн. Гэрээний 2.1-д Хоёр тал харилцсан тохиролцсоны дагуу гэрээт ажил эхлэх хугацаа 2023 оны 10 сарын 24-ний өдөр байх ба гэрээт ажил дуусах хугацаа хуанлийн 21 хоног байна, гэрээний 3.4-т Ажлын гүйцэтгэл хийгдээгүй байхад төлбөр нэхэмжилсэн, гэрээний 5.1-д Гүйцэтгэгч нь Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн ******* маркийн 150 тонн даацтай, 21 метр урттай, 3 метр өргөнтэй электрон 1 ширхэг автопүүний суурийн ажлыг хийж, угсарч суурилуулах ажлыг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хэмжих хэрэгслийг СХЗГ-ын улсын шалгагчаар баталгаажуулж энэхүү гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгнө, гэрээний 6.1-д Гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа 1 /нэг/ жилийн хугацаанд баталгаа гаргана гэж тус тус заасныг зөрчсөн байхад гэрээгээр зөвхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж хавтаст хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийсэн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 112/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцсэн гэж дүгнэсэн атал тус гэрээний гол нөхцөл болох ажил гүйцэтгэсэн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигч болох хариуцагчаас нэхэмжлэлийг татгалзах татгалзлаа нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар ******* ХХК-ийн зүүн үйлдвэрийн газраас тус маргааныг эцэслэн шийдвэрлэх нотлох баримт болох тус ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн болон ажил хүлээлцсэн акт, ажил дүгнэсэн акт зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг төрийн байгууллагаас гаргуулан авах талаар удаа дараа хүсэлт шүүх хурал дээр гаргасан боловч хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн зэрэг нь дээрх хуулиудыг зөрчин тухайн хэрэг маргааныг хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчид ашигтай байдлаар хууль бус шийдвэр гаргасан байдаг.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.4-т зааснаар гэрээт ажлын хөлсийг тохиролцсон бөгөөд 50 хувь буюу 35,640,550 төгрөгийг автопүүг суурилуулсны дараа төлөхөөр тохиролцсон. Дараагийн төлөлт буюу 50 хувь болох 35,640,550 төгрөгийг автопүүгийн усны баталгаажуулалтыг хийлгэхээс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн шаардсан дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй учир гэрээний 5.1-д заасны дагуу манай компани СХЗГ-т баталгаажуулах үүрэг хүлээхгүйгээр уг ажлыг хийж дуусгасан. Гэрээний 3.4-д заасан үүргийг хариуцагч тал биелүүлээгүй. Гэрээний 2.1-д заасан 2023 оны 10 сарын 23-ны өдрөөс хуанлийн 21 хоногт буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд ажлыг хийж дуусгасан нотлох баримт хэргийн 6-р талд авагдсан. Хариуцагч талаас ажлын үр дүнг анхан шатны шүүх дүгнээгүй гэж маргадаг. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт ажлын үр дүнг хэрхэн, яаж тооцсон талаар хангалттай, дэлгэрэнгүй тайлбарласан. Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах удаа дараагийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшлогдсон. 2025 оны 02 сарын 10-ны өдөр хариуцагч нь өөрийн биеэр шүүхийн байгууллагад хүрэлцэн ирж, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Түүнчлэн 2025 оны 02 сарын 27-ны өдөр буюу 17 хоногийн дараа шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн зүгээс өмнөх хүсэлттэй адил агуулга бүхий хүсэлтийг дахин гаргадаг. Гэтэл уг хүсэлт нь маргаан бүхий нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбарт дурдагдаагүй компаниас бичгийн нотлох баримтыг гаргуулах хүсэлт байдаг. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргаж өгөх эрхээр нь анхан шатны шүүх хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдоогүй, анхнаасаа нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон ба эрх үүрэгтэйгээ танилцсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажлын хөлс 71,281,100 төгрөг, алданги 35,640,550 төгрөг, нийт 106,921,540 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... ажил гүйцэтгэгчээс ажлаа дуусгахыг шаардсан боловч ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, арга буюу өөр этгээдээр ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн, захиалагч ******* ХХК нь ажлын гүйцэтгэлийг 55,000,000 төгрөг гэж үнэлсэн ... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

3. Талууд 2023 оны 10 сарын 23-ны өдөр 112/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* маркийн 150 тн даацтай, 21 метр урттай, 3 метр өргөнтэй электрон 1 ширхэг автопүүний суурийн ажлыг хийж, угсарч суурилуулах ажлыг 2023 оны 11 сарын 13-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, ******* ХХК нь автопүүг суурилуулсны дараа 35,640,550 төгрөг, автопүүг улсын баталгаажуулалтад хамруулахаас өмнө 35,640,550 төгрөг, нийт 71,281,100 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь шаардлагаа нотлох зорилгоор автопүү угсарч суурилуулсан ажлын гэрэл зургийн тайланг шүүхэд гаргаж өгсөн ба уг тайланд ажлын үе шат бүрийг (автопүүний суурь байрлах талбайг сонгох, бэлдэх, үндсэн хэмжээ тавих, үндсэн даацын хэсгийн арматурчлал хийх, хэв хашмал бэхлэх, бетон цутгалт хийх, машин орох гарах хэсгийн налуу /пандус/ хийх, автопүү угсарч, суурилуулах, автопүүг туршиж, тохируулах зэрэг) хэрхэн гүйцэтгэснээ тодорхой дурдаж, гэрэл зургаар баримтжуулжээ.

6. Хариуцагч ******* ХХК нь ... гүйцэтгэгчээс ажлаа дуусгахыг шаардсан боловч ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, арга буюу өөр этгээдээр ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн, захиалагч ******* ХХК нь ажлын гүйцэтгэлийг 55,000,000 төгрөг гэж үнэлсэн ... гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг баримтаар няцааж чадаагүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг захиалагч тал хүлээхээр хуульчилсан бөгөөд үүний дагуу захиалагч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч ******* ХХК-аас шаардсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

7. Талууд 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 112/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т Төлбөрийг бүрэн хийж дууссаны дараа автопүүний улсын баталгаажуулалтын гэрчилгээг олгоно гэж тохирсон байх тул ... гүйцэтгэгч нь автопүүг улсын шалгагчаар баталгаажуулаагүй атлаа ажлын хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй ... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

8. Иймд, гүйцэтгэсэн ажлын хөлс 71,271,100 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцнэ.  

9. Талууд 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 112/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.2-т Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэн буруутай тал нь нөгөө талдаа хоногт гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх бөгөөд алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай тус тус нийцжээ.

Хууль болон гэрээнд зааснаар төлбөр төлөх 2023 оны 11 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 09 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход гүйцэтгээгүй үүрэг 71,281,100 төгрөг х 0.5% х 301 хоног = 107,278,055 төгрөг болж байх тул гүйцэтгээгүй үүрэг 71,281,100 төгрөг х 50% = 35,640,550 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

10. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх ... тодорхой бус, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй, зохигч өөрөө олж авах боломжгүй гэх байдал тогтоогдохгүй ... гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 693,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ  

Д.НЯМБАЗАР