| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/4657/и |
| Дугаар | 5439 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 5439
| 2016 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2016/05439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоотод оршин суух, 62 настай, эрэгтэй, Д.Б /Рхххххххх/, Бадамгаравын П, 52 настай, эмэгтэй, /РД: хххххххххххх/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 86.685.500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Д.Б нь тус банктай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0000 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 55.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээлсэн. Энэ гэрээнд Б.П нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Зээлийн барьцаанд Д.Бы өмчлөлийн ххххххххххх тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххдугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан бөгөөд барьцааны гэрээг зохих журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөхийг зээлдэгчид удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрөө төлөх талаар арга хэмжээ авахгүй, тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй, барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргийг зөрчиж байна.
Манай зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү 21.217.801 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.046.740 төгрөг, нийт 81.264.541 төгрөг, мөн нотариатын зардал 18.000 төгрөг, бүгд 81.282.541 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба дээрх хугацааны зээлийн хүү 4.502.466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900.493 төгрөг, нийт 5.402.959 төгрөгийг нэхэмжилсэн.
Нийт 86.685.500 төгрөгийг Д.Б, Б.П нараас гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие 55.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Харин зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд эргэлзэж байна. Үндсэн зээл 55.000.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй байна. Зээлийн хүү 21.217.801 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.046.740 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Хны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран зээлдэгч биш юм. Учир нь манай байрыг барьцаалахад л би оролцсон. Хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Д.Б, Б.П нарт зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 81.282.541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү 21.217.801 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.046.740 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 81.282.541 төгрөг/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016.04.14-2016.07.06-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 4.502.466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900.493 төгрөг, нийт 5.402.959 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нийт 86.685.500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Б, Б.П нар нь Хтай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0000 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 55.000.000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 10-18, 39 дүгээр тал/
Зээлийн барьцаанд хариуцагч Д.Бы өмчлөлийн ххххххххххх тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххдугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 10-18 дугаар тал/
Хариуцагч Д.Бы өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 13-16 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
Х болон хариуцагч Д.Б, Б.П нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Д.Б нь Хнаас 55.000.000 төгрөгийг зээлсэн талаараа маргаагүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан эсэхдээ эргэлзэж байна гэх тайлбар шүүхэд гаргасан хэдий ч гэрээ байгуулсан өдрөөс хойшхи хугацаанд нийт 11 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд 14.259.459 төгрөг төлсөн байгаа бөгөөд түүний гэрээнүүдэд гарын үсэг зурсан эсэхэд эргэлзэж байна гэх тайлбар нь үүгээр үгүйсгэгдэж байгаа болно.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байх ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү 1.811.836 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.
/ХХ-ийн 17, 18, 39 дүгээр тал/
Хариуцагч нар нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн хүүнд 1.072.863 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр зээлийн хүүнд 5.096 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүнд 1.541.500 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн хүүнд 1.682.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн хүүнд 1.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хүүнд 1.500.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүнд 1.500.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүнд 2.257.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хүүнд 1.650.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн хүүнд 31.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүнд 1.520.000 төгрөг, нийт 14.259.459 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн бөгөөд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Хариуцагч нар нь үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү 25.720.267 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.135.397 төгрөг, нотариатыг зардал 18.000 төгрөг, нийт 84.873.664 төгрөгийг төлөх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцагч нараас нэхэмжлэгч нь хохирол буюу шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт материал нотариатаар баталгаажуулсан зардал шаардах эрхтэй.
Хариуцагч Б.П нь дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хамтран хариуцна хэмээн үүнийгээ баталгаажуулан гэрээнд гарын үсгээ зурсан тул тэрээр гэрээний биелэлтийг хариуцах үүрэгтэй.
Иймд хариуцагч Д.Б, Б.П нараас 84.873.664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.811.836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Б, Б.П нарын төл өөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Б, Б.П нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 84.873.664 төгрөг гаргуулан Хинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.811.836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Б.П нараас нийт 582.318 төгрөг гаргуулан Хинд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Б, Б.П нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ххххххххххх тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххдугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН