Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 651

 

 

                                                           

 

 

 

 

 2019            8           22                                     2019/ШЦТ/651

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овгийн Жамьянсүрэнгийн Банзрагчид холбогдох эрүүгийн 1911009980732 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 17-276 тоотод оршин суух хаягтай,

-урьд 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих,

-2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Баатад овгийн Жамьянсүрэнгийн Б................

Яллагдагч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2-7 тоотод орших Д.Азжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч майхан, гар насос, куртик зэрэг 294.003 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн орчимд Дэнжийн 1000-с Хайлааст уруудаад Далайхүү төвийн орчимд явж байгаад гадна талдаа хашаагүй, хажуу талдаа хашаатай, эзэнгүй цонх нь онгорхой байшин байсан юм. Уг байшингийн цонхоор нь дотогш нэвтрэн орж, хувцас аялалын хэрэгсэл, майхан зэрэг эд зүйлийг хулгайлж аваад гарч явж байгаад Далайхүү төвийн хоёр хамгаалагчид баригдсан. Улмаар тус цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирж, хэргийн талаар ирж мэдүүлэг өгсөн юм. Тэр өдрөөс хойш намайг гадуур шалгаж байгаад Намсрайжав мөрдөгч манай төрсөн эгч, дүү хоёрт батлан даалтанд өгсөн. Харин би эхний 1-2 хоног ирээд явж байгаад амралтын хагас бүтэн сайн таараад 2019 оны 03 дугаар сарын 31-ний бүтэн сайн өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байх дүү Эрдэнэбатын гэрт очиж, улмаар тэдний малыг маллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цагдаад баригдсан...” гэх /хх-ийн 47-49х/,

Хохирогч Д.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад эхнэр над руу залгаад манай хуучин амьдарч байсан одоогоор эзэнгүй байгаа байшинд цонхоор нь хүн ороод эд зүйл авч явж байхад Далайхүү төвийн хамгаалагч нар нь хараад уг хүнийг бариад надад хэлсэн, чи хүрээд ирээ гэхээр нь би яваад очсон чинь даавуун уут болон манай гэрт байсан хар өнгийн цүнхэнд 2009 онд 100 айлын барилгын материалын төвөөс 150,000 төгрөгөөр, 2018 онд Эрээн хотоос авсан ноосон цамц 15,000 төгрөг, мөн куртик 10,000, жилетик 20,000 төгрөг, 2 хүний энгийн майхан 120,000 төгрөг, аяны гар насос 2 ширхэг нийт 20,000 төгрөг, 2019 онд Нарантуул захаас 12 хуудастай 50 ширхэг дэвтэр, нэг ширхэг нь 200 төгрөг нийт 10,000 төгрөг, өнгийн цаас 10 ширхэг, 1 ширхэг нь 2000 төгрөг нийт 20,000 төгрөг болсон эд зүйлсийг цүнхэнд хийгээд авч явахаар бэлдсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

Гэрч Б.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Далайхүү төвийн хойд талын дэлгүүр дээр хамгаалагчаар ажилд гарч байсан. Тэр өдрийн өглөө манай урд байранд гардаг хамгаалагч Ц.Эрдэнэсүрэнгийн хамт байгууллагын хойд талын гудамжаар явж байхад манай байгуулллагын ар талын гудамжинд байдаг Азжаргал гэх хүний хашаанд үл таних эрэгтэй хүн орчихсон байшингаас эд зүйл хулгайлж аваад хашаан дотор нь эд зүйлийг нь авч явахаар бэлдсэн байсан. Энэ үед би хамгаалагч Эрдэнэсүрэнгийн хамт уг хүн дээр явж очиход бид хоёрыг харчихаад уг хулгай хийж байсан хүн зугтах гэж оролдсон. Тэр үед нь уг хүнийг Эрдэнэсүрэн бид 2 барьж аваад гэрийн эзэн Азжаргал руу утсаар залгаж энэ талаар мэдэгдсэн юм. Уг хүн өөрөө ирж цагдаад дуудлага өгөөд тухайн этгээдийг цагдаад баривчлуулсан юм...” гэх /хх-ийн 78х/,

Гэрч Ц.Эрдэнэсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Азжаргал гэх хүний хашаанд үл таних эрэгтэй хүн байшингаас нь эд зүйл хулгайлж аваад хашаан дотор нь эд зүйлийг нь авч явахаар бэлдсэн байсан ...” гэх /хх-ийн 79х/,

2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №06/272 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20х/,

2019 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн №06/271 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25х/,

Шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/,

1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №356 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 54-55х/,

2007 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №56 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 56-57х/,

2010 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн №342 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 58-59х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч майхан, гар насос, куртик зэрэг 294.003 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Азжаргалд учруулсан хохиролын эд зүйлийг биет байдлаар буцаан өгч барагдуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

   Шүүгдэгч Ж.Бид ял шийтгэл оногдуулахдаа  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 55 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 зүйлийн 1 хэсгийг журамлан шүүгдэгч Баатад овгийн Жамьянсүрэнгийн Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зариулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Бид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 55 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД