| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2024/05044/И |
| Дугаар | 210/МА2025/00859 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00859
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01421 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 7,609,130 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2020 оны 08 сарын 09-ний өдөр *******ХХК-аас 12,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан, мөнгийг түүнд хүлээлгэн өгсөн. Зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч үндсэн зээлд 7,396,420 төгрөг, хүүнд 972,830 төгрөг, нийт 8,369,250 төгрөг төлсөн. Зээл төлөх хугацаа 2022 оны 02 сарын 09-ний өдөр дууссан боловч төлөөгүй 1,003 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгчид үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, мэдэгдэж, шаардсан боловч үр дүнд хүрээгүй, зээлээ төлөхгүй байна.
Иймд, *******гаас үндсэн зээл 4,603,580 төгрөг, зээлийн хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг, нийт 7,609,130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2020 оны 08 сарын 09-ний өдөр 12,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2022 оны 08 сард дууссан гэж бодсон. 2023 оны 11 сарын 01-ний өдрийн өглөө *******ХХК-ийн ажилтан ******* анх надад зээлийн үлдэгдэлтэйг хэлсэн. Хэрэв үлдэгдэл байсан бол 2022 оны 08 сараас 2023 оны 11 cap хүртэл 1,5 жилийн хугацаанд мэдэгдээгүй. Зээлийн үлдэгдэл байлаа гэхэд 4,603,580 төгрөг байх ёсгүй. Миний хувьд 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй болов уу гэж бодож байна. 2022 оны 12 сард ******* надаар улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчлүүлсэн. 3,000 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээ байсан. Би 1,500,000 төгрөгөөр гэрчилж өгч байсан. 1 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчлэхэд 2,500 төгрөг байдаг, үнэлгээгээр нь бодоход 7,500,000 төгрөг болж байсан. Би *******д ах нь ажил дээрээ байна, тооцоо нийлье гэж зөндөө хэлсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 7,609,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 160,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн 7,609,130 төгрөг төлүүлэх тухай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуралдаан болдог өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нүүснийг мэдээгүй, хуучин байранд нь очоод буцсан. Туслах ажилтанд утсаар мэдэгдсэн. Яагаад гэвэл, би хагалгаанд ороод удаагүй, явахад хүнд, алхаж чадахгүй шахам байсан тул анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй.
4.2. ******* ХХК-аас авсан зээлээ хугацаанд нь төлдөг байсан, дууссан гэж бодож явсан. Гэнэт 2023 оны 11 сарын 01-ний өдрийн өглөө компанийн ажилтан ******* над руу залгаад 7,000,000 гаруй төгрөгийн зээлийн төлбөрийн талаар анх хэлсэн. Тухайн байгууллагаас 2022 оны 08 сараас 2023 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл бүтэн 1 жил 3 сарын хугацаанд надтай нэг ч хүн зээлийн асуудлаар яриагүй, нэг ч удаа зээлээ төл гэж шаардаагүй, мэдэгдээгүй, надад сануулаагүй юм.
4.3. ******* ХХК нь дотоод зохион байгуулалт сайтай, сахилга баттай, хяналт шалгалт хийдэг газар учраас жил гаруй байтугай, улирал, cap, долоо хоног битгий хэл, өдөр бүр тооцоо нийлж, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгчид маргааш нь мэдэгдэж, зээлээ төлөхийг шаардаж, хөөцөлддөг байгууллага байсан, энэ байгууллагатай 15 жил хамтарч ажилласан. 2022 оны 11 сард ******* 3,000 ширхэг гэрчилгээ гэрчлүүлэхээр надтай уулзаж, утсаар ярихдаа надад мэдэгдээгүйд эргэлзэж байна.
4.4. Зээлийн үлдэгдэл гэх 4,603,580 төгрөг, зээлийн хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэзээ, яаж, хэдэн удаагийн үйлдлээр, хэрхэн төлж байсныг тогтоогоогүй, зөвхөн 12,000,000 төгрөг авснаар хэргийг шийдэж, нэг талыг барьсан.
4.5. ******* ХХК-ийн барьцаат зээлийн тооцооны хуудаст анз, алданги төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй шүү дээ.
4.6. Эцэст нь дүгнэхэд хэрэв зээлийн үлдэгдэлтэй бол миний бодлоор 2,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа болов уу гэж бодож байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин хариуцагч зээлийн үлдэгдэл миний бодож байснаас их байна гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эсэргүүцээгүй ба хариу тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 4,603,580 төгрөг, зээлийн хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг, нийт 7,609,130 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь дээрх шаардлагаас 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан байна.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар *******ХХК нь 12,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, ******* нь 12,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдсон.
Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин зээл төлөгдөж дууссан эсэх, зээлийн үлдэгдэл төлбөр хэд болох талаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...зээлийг цаг тухайд нь төлдөг байсан, зээлийг дууссан гэж бодсон, дуусаагүй бол 2,000,000 төгрөг л үлдсэн... гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч *******ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллыг баримтаар няцаагаагүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, нотариатын үйлчилгээний хөлсийг зээлийн гэрээний төлбөрт оруулан тооцох тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй тул ...7,500,000 төгрөгийн нотариатын үйлчилгээг 1,500,000 төгрөгөөр хийсэн... гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
6. Иймд, үндсэн зээл 4,603,577 төгрөг, зээлийн хүү 703,764 төгрөг, нийт 5,307,341 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасантай нийцнэ.
7. Харин анхан шатны шүүх талуудын хооронд анзын тохиролцоо бичгээр байгуулагдаагүй байхад хариуцагч *******гаас алданги 2,301,789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасныг зөрчжээ.
Иймд, хариуцагчийн гаргасан ...барьцаат зээлийн тооцооны хуудаст анз, алданги төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй... гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 2,301,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
8. 2025 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч *******д 2025 оны 02 сарын 07-ны өдөр мэдэгдсэн байх тул ...анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй... гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01421 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...7,609,130... гэснийг ...5,307,341... гэж, ...олгосугай гэснийг олгож, үлдэх 2,301,789 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...160,360... гэснийг ...99,867... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 136,696 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР