| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 193/2025/00088/И |
| Дугаар | 210/МА2025/00887 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00887
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 193/ШЗ2025/00878 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,001,400 төрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Анхан шатны шүүх шийдвэрийг захирамжийн бланк дээр хэвлэсэн боловч удиртгал хэсэгт Монгол Улсын нэрийн өмнөөс гэж бичсэн, тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримталсан байх тул техникийн алдаа гэж үзэж, давж заалдах журмаар хэргийг хянасан болно.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 3,001,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
4. Хэргийн 8-р талд авагдсан 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотхаягт байршилтай, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, ******* нь орон сууцны үнэд 150,000,000 төгрөг төлөхөөр тохирч, уг төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон.
Түүнчлэн, хэргийн 10-р талд авагдсан Татварын ерөнхий газрын баримт болон зохигчдын тайлбараар ******* нь 2024 оны 12 сарын 13-ны өдөр *******ийн нэрээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварт 3,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн ...хэрэгт авагдсан нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварыг *******ийн нэрээр ******* төлсөн болох нь тогтоогдохгүй байна... гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
5. Хариуцагчийн гаргасан ...гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаас хойш бий болсон ашиглалтын зардал, татвар, хураамж, бусад төлбөрийг худалдан авагч тал хариуцахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй. Учир нь:
5.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулж, орлого олсон этгээд буюу ******* нь орлогын дүнгийн 2 хувиар тооцон татвар төлөх үүргийг хүлээнэ.
5.2. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.8-д Худалдаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ... татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж, 6.3-т Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж тусгасан байна.
6. Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн төлөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг төлсөн бөгөөд ийнхүү төлснөөр хариуцагч ******* нь уг татварыг төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул хариуцагч *******оос 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан зохицуулалтад нийцнэ. Харин нэхэмжлэлд гүйлгээний хураамж 1,400 төгрөгийг татварын дүнд оруулж тооцсон байх тул энэ хэсгийг хангах үндэслэлгүй болно.
7. Өмнө дурдсанчлан анхан шатны шүүх шийдвэрийг захирамжийн бланк дээр хэвлэсэн алдаа гаргаснаас гадна хуулийн зүйл, заалт баримтлахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээн шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох зохицуулалтыг баримталсан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалтыг баримталсан боловч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж бичсэн зэрэг алдаа гаргасныг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 193/ШЗ2025/00878 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч *******оос 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1,400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...59 дүгээр зүйлийн 59.1... гэснийг ... 56 дугаар зүйлийн 56.2... гэж, ...64,373... гэснийг ...62,950... гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...тухайн шатны шүүхэд... гэснийг ...давж заалдах шатны шүүхэд... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 64,373 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР