Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Ө-д холбогдох 1916002080101 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Н-н Ө.

Шүүгдэгч Н.Ө-н 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07 нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00-00 тоот хашаанд оршин суух хохирогч М.Ж-н Монгол гэрт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн бөгж 7 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин, ембүү авч хохирогч М.Ж-д 1.320.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн “...Хүлээн зөвшөөрч байгаа... Аавынхаа 49 хоногийг дуусгаад маргааш өглөө нь хот руу явах гээд авга нараасаа мөнгө гуйсан боловч өгөөгүй. Тэгээд гэрээс нь эд зүйлийг аваад ломбардад тавиад маргааш өглөө нь хот руу явсан ... Мөнгөн эдлэлүүдийг нь бүгдийг нь нийлүүлээд 55.000 төгрөгт тавьсан. Хөөрөг ембүү хоёрыг нь алт мөнгөний дарханд 15000 төгрөгт тавьсан ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Н.Ө-н яллагдагчаар өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Жаргалантын хороо 00-00 тоот хашаанд байх авга эгч Ж-н гэрийн хаалганы цоожыг эвдэлж ороод авдарнаас нь ээмэг, бөгж, бугуйвч хөөргийг нь авсан....гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-81/, 

Хохирогч М.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-ны хооронд манай охин Г.А надтай утсаар яриад "манай гэрт хулгай орсон байна, би цагдаа дуудсан" гэж хэлж байсан... Манай гэрээс эд зүйл хулгайд алдагдсан. Миний бадмаараг шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, могойн хэлбэртэй 1 ширхэг мөнгөн бөгж, хар шигтгээтэй 1 ширхэг мөнгөн бөгж, зузаан цэцэгтэй 1 ширхэг мөнгөн бөгж, алган хээтэй 1 ширхэг мөнгөн бөгж, мэлхий хэлбэртэй 1 ширхэг мөнгөн бөгж, ягаан шитгээтэй 1 ширхэг мөнгөн бөгж, бор өнгийн зүүгээр ороосон очиртой дайлинтай дунд үеийн манан хөөрөг 1 ширхэг алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ44-46/,

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед би хадам аав Т-с өөрийнхөө гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалганы цүү нь мултарчихсан байсан. Тэгээд гэртээ
ороход гэрийн хаалга дарж цоожилсон хаалганы дараа төмөр нь муруйчихсан
байсан. … Тэгээд гэртээ орж ирээд мөлхөө тавилганы зүүн талын дээр байх шар өнгийн модон хайрцаганд байдаг ээжийнхээ үнэт эдлэлийг шалгахад үнэт эдлэлүүд нь
байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан...Манай аавын хөөрөгний даалин нь шар өнгийн хээтэй, бор өнгийн даалин байсан. Хөөрөгнийх нь нэрийг сайн мэдэхгүй байна…" гэсэн мэдүүлэг /ХХ53-54/,

Гэрч Л.Т-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 06 дугаар сарын 07-ны орчимд намайг зах дээр ажил дээрээ байхад 20 орчим насны эрэгтэй хүн орж ирээд бор өнгийн манан хөөрөг, гуулин ембүү, хуйлсан мөнгөн аяганы мөнгө гаргаж гаргаж ирээд "та эдгээр эд зүйлсийг авах уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "мөнгийг нь граммлаж авья бусдыг нь авахгүй" гэж хэлсэн. Тэгсэн манай аав нас барчихсан, хот явах гэсэн чинь зардлын мөнгө байхгүй, тухайн эд зүйлс нь миний эд зүйлс байгаа юм" гэж хэлээд гуйгаад байсан. Тэгэхээр нь нийт 65.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хөөрөг, гуулин ембүү нар нь байгаа мөнгөн аяганы мөнгөний тал орчимыг хэрэглэчихсэн бага хэмжээний мөнгө байгаа... Надад эд зүйлс худалдсан гэх хүний хамаатан гээд нэг эмэгтэй хүн ирээд хөөрөг болон гуулин ембүүний мөнгийг надад авч ирж өгсөн. Тэр хүн надад хэлэхэдээ манай гэрээс хулгай хийгээд манай эд зүйлсийг танд авч ирж зарсан байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ55-56/,

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн "... Тухайн хүн нь өөрийнхөө бичиг баримтаар эд зүйл барьцаанд тавьсан байгаа, эд зүйлсийг нийт мөнгөн эдлэл гэсэн утгаар нь жинлээд барьцаанд авсан, тоо ширхэгээр нь бичээгүй... Бугуйвч 2 ширхэг, бөгж 7
ширхэг, ээмэг 1 хосыг барьцаанд тавиад нийт 75.3 грамм гэж мөнгөний жингээр нь
барьцаанд тавьсан байсан...." гэсэн мэдүүлэг /ХХ59-60/,

 “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ТҮХ/401/402 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ65-68/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-7/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ө-н 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07 нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00-00 тоот хашаанд байрлах монгол гэрийн цоожыг нь эвдлэн орж хохирогч М.Ж-н өмчлөлийн мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн бөгж 7 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин, ембүү зэрэг эд зүйлсийг авч хохирогч М.Ж-д 1.320.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн байр, орон сууц, байшин, монгол гэр, урц, зуслангын байр, зочид буудал, амралт сувилалын газрын хаалга, цонх, хамгаалалтын хэрэгсэлийг багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр эвдэх, түлхүүр тааруулах, хамгаалалтын кодыг эвдэх, онгорхой байхад нь сэм орох нуугдах зэрэг аргаар нэвтрэн орох үйлдлийг ойлгоно.

Иймээс шүүгдэгч Н.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн толгойтой хөөрөг 1 ширхэг, шар эмжээртэй, хээ хатгаж өёсон хөөрөгний даалин 1 ширхэг, гуулийн гэх ембүү 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн гэх бугуйвч 1 ширхэг, хээтэй мөнгөн гэх бугуйвч 1 ширхэг, хээтэй мөнгөн гэх бөгж 2 ширхэг, могойн дүрстэй мөнгөн гэх бөгж 1 ширхэг, яст мэлхийн дүрстэй мөнгөн гэх бөгж 1 ширхэг, хар шигтгээтэй мөнгөн гэх бөгж 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн гэх бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн гэх бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн гэх ээмэг 1 хос зэргийг хохирогч М.Ж-д буцаан олгож, шүүгдэгч Н.Ө-н ДО00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Н-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ө-г 1 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн толгойтой манан хөөрөг 1 ширхэг, шар эмжээртэй, хээ хатгаж өёсон хөөрөнгий даалин 1 ширхэг, гуулийн гэх енбүү 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, хээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, хээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, могойн дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэг, яст мэлийн дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэг, хар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос зэргийг хохирогч М.Ж-д буцаан олгож,  шүүгдэгч Н.Ө-н ДО00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг  Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор               Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА