Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00888

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 193/ШШ2025/00171 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга:

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр *******ХХК-аас 637,100,197 төгрөг гаргуулж, *******ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч *******ХХК, захирал *******ын өмчлөлд бүртгэлтэй, миний төрсөн охин *******гийн эзэмшилд байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг тогтоож, 2023 оны 04 сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, 131,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ******* нь уг орон сууцыг 2019 оны 01 сарын 21-ний өдөр *******аас зээлээр худалдан авч, 2024 оны 05 сарыг хүртэл амьдарч байсан бөгөөд охин минь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хүчин төгөлдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 183/Ш32023/12347 дугаар захирамжаар тогтоогдсон. ******* нь уг орон сууцанд амьдарч байгаад 2024 оны 05 сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан. ******* миний бие талийгчийн хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд ач охины хамт орон сууцанд амьдарч байна. ******* биднийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд гэдгийг мэдсээр байж бидэнд мэдэгдэхгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж бусдад худалдан борлуулсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 4-188/16660 дугаар мэдэгдлээр бидэнд мэдэгдсэн. Уг мэдэгдлийг гардаж аваад хариуцагч *******ыг хууль зөрчиж худалдсан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 07 сарын 18-ны өдөр гомдол гаргасныг 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 9-1/2201 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй тухай надад мэдэгдсэн. *******ын зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байгааг ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд, эцсийн өмчлөгч надад мэдэгдээгүй. ******* миний охиныг амьд байхад албадан худалдах бүрэн боломжтой байсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааг өнгөрсөн хойно орон сууцыг худалдан борлуулсан байна. Уг орон сууцыг хариуцагч ******* 2023 оны 04 сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Тухайн үед анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 02 сарын 07-ны өдрийн 210/МА2024/00291 дугаар магадлалаар шийдвэр хүчин төгөлдөр болсныг хариуцагч мэдэж байсан. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хугацааг тоолж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж *******ын ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг сэргээж, 2024 оны 03 сард хоёр дахь албадан дуудлага худалдааг товлох, ёстой байсан. Гэтэл хариуцагч хуулийн хугацааг өнгөрөөж, 4 сарын дараа үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 07 сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж худалдсан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасныг зөрчсөн.

Иймд, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хууль бусаар худалдсан *******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр *******ХХК-аас 637,100,197 төгрөг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 22310106 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч *******ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэр бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 сарын 19-ний өдөр битүүмжилж, 2023 оны 02 сарын 27-ны өдөр хураасан. Тус хураах ажиллагаанд ******* оролцсон. Тус үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцож 180,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг хөрөнгийг *******ын нэг хүний өмчлөлтэй хөрөнгө гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 183/Ш32023/12347 дугаар захирамжаар *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр захирамжилсан дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 09 сарын 15-ны өдрийн *******дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу ******* ХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 183/Ш32023/12347 дугаар захирамжийг биелүүлнэ.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хоёр дахь албадан дуудлага худалдааг бидэнд мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргаж байна. Шуудангийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн баримтад 2024 оны 07 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******д гардуулсан гэсэн байгаа. Өв хүлээн авагч ******* дуудлага худалдааны товыг мэдсэн. Өмчлөх эрх шилжиж болох ч барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэл хэвээр байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох *******ын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

5.1. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ******* болох талаар ******* мэдэж байсан. *******аас 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 4-188/16660 тоот мэдэгдлээр орон сууц дуудлага худалдаагаар зарагдсан талаар *******д хаяглаж мэдэгдэл явуулсан. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 12347 дугаартай захирамжийг тус шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 14779 дугаартай албадан гүйцэтгэх тухай захирамж, 1349 дугаартай гүйцэтгэх хуудас гарч, уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч ******* хариуцаж байгаа.

5.2. Миний бие *******гийн өв залгамжлагчийн хувиар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоол гарах үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль ч шатанд оролцох эрхтэй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 12347 дугаар захирамжаар ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад уг хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

5.3. Хариуцагч нь *******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн "Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/11 дугаар тогтоолыг мэдвэл зохих этгээд болох нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн. Учир нь, хариуцагч миний охиныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд гэдгийг мэдсээр байж мэдэгдэлгүй маргаан бүхийн орон сууцыг худалдсан бөгөөд охиныг нас барсан болон бусдад худалдан борлуулсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 4-188/16660 дугаар мэдэгдлээр бидэнд мэдэгдсэн.

5.4. Хариуцагч нь 2024 оны 05 сарын 04-ний өдрөөс өмнө миний охиныг амьд байхад албадан дуудлага худалдаа явуулж, орон сууцыг худалдах боломжтой байсан. Миний охин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон бөгөөд *******т Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 183/ГХ2023/01349 дугаар албадан гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгааг хариуцагч мэдэж байсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд би оролцох эрхтэй байсан бөгөөд миний эрхийг санаатай ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 06 сарын 18-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХК нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

3. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн тойргийн нотариатч Н.Ганхуягаас 2024 оны 07 сарын 23-ны өдөр олгосон 0010 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Өвлүүлэгч: *******, Өвлөгч: *******д өвлүүлэгчийн эзэмшилд байсан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* /17120/, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******тоот орон сууцны маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх эрх болон хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухай дурджээ.

4. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр хариуцагч *******ХХК-аас 637,100,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч *******ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* /17120/, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 04 сарын 19-ний өдөр битүүмжилж, 2023 оны 02 сарын 27-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасантай тус тус нийцжээ.

6. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 180,000,000 төгрөг гэж үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч ******* 2023 оны 02 сарын 28-ны өдөр санал гаргасныг үүрэг гүйцэтгүүлэгч *******ХК 2023 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийг тохиролцож тогтоосон гэж үзнэ.

7. Үүний дараа, ******* нь 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 4113 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 сарын 14-ний өдөр явуулахаар шийдвэрлэснийг ******* эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 210/МА2024/00291 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлалд ...Ү-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуулбараар тогтоогдсон..., ...нэхэмжлэгч уг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй тохиолдолд түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэхгүй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарч байна.

8. Иймд, анхан шатны шүүх ...нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлээгүй, өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш..., ...шүүхэд шаардлага гаргах эрх нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд буюу *******т байна... гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар ...******* нь 25,510,000 төгрөгийг *******т 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах, ******* нь өөрийн өмчлөлийн Ү-*******дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* /17120/, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд 2023 оны 06 сарын 26-ны өдрийн дотор шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан... байх боловч энэ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд ******* бүртгэлтэй байгаа үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.

9. ******* нь 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 7/11 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 07 сарын 05-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, үүний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад 131,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

10. Нэхэмжлэгч ******* нь ...хариуцагч байгууллага нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг түүнд мэдэгдээгүй... гэж тайлбарлах боловч уг тайлбар нь Монгол шуудан ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 18/81 дугаартай албан бичгээр няцаагдаж байна. Тодруулбал, тус албан бичигт ...******* нь 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 4-188/3349 дугаар мэдэгдлийг *******д хаягаар нь илгээснийг ******* нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр гардаж авсан... тухай дурджээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч *******д Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон 2024 оны 07 сарын 23-ны өдрөөс өмнө буюу 2024 оны 07 сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан байх тул хариуцагч *******аас түүнд мэдэгдэх үүргийг хүлээхгүй юм.

11. Нэхэмжлэгч ******* нь ...хариуцагч байгууллага нь 2024 оны 07 сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасан хугацааг тус тус зөрчсөн... гэж тайлбарлах боловч хариуцагч *******ын гаргасан ...Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 210/МА2024/00291 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн... гэсэн тайлбарыг баримтаар няцаагаагүй тул хуульд заасан хугацаа зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 193/ШШ2025/00171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР