Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч З.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Л-д холбогдох 1916001870089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овгийн З-н Л.

Шүүгдэгч З.Л-н  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гоөь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоотод оршин суух иргэн Э.Н-н гэрт хууль бусаар нэвтрэн   орж,   4   кг  ноолуурыг  үргэлжилсэн  үйлдлээр  хулгайлан   авч   340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч З.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эрчмийн тэнд архи ууж байгаад дээшээ өгсөөд хүргэн Н-ээр дайрсан хүн байхгүй ууттай ноолуур байхаар дээрээс нь 1 киллограмм ноолуур аваад тушаасан. Дахиж тэднийд ноолуур авах гэж очоод цагдаад баригдсан... Би нэг киллограммыг авсан. 4 киллограмм гэхээр нь тэргүүгээр нь төлсөн. Би тэр ноолуурыг бүгдийг нь авъя гэсэн санаа оноо байгаагүй, байсан бол эхэлж очоод бүгдийг нь авах байсан ... Цагдаагаар үнэлгээ тогтоодог газраар тогтоолгосон нэг хилийг нь 85000 төгрөгөөр тогтоосон. Тэгээд 340000 төгрөгийн хохирол барагдуулаад нотариатаар батлуулсан гээд нэг бичиг өгсөн... Миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.Ц  мөрдөн байцаалтад өгсөн“...2019 оны 05 сарын 23-ны орой 22 цаг болж байхад манай охин Г нь  гар утсаараа над руу залгаад танай бүл ах Л нь манай гэрийн тооноор ороод ноолуур хулгай хийж байгаад баригдлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр сандраад ямаа самнах ажлаа орхиод шууд аймагт ирсэн ... 20 кг ноолуур байсан... ямаануудаа 2019 оны 05 дугаар сарын 10-нд самнаж ноолуурыг нь гэртээ авч ирсэн. Тэр үед ямааны ноолуурын ханш унаад байхаар нь ханшийг нь өстөл хадгалж байсан юм. ...Нөхөр бид хоёр ирээд гэрийнхээ цоож цуургыг үзтэл бүрэн бүтэн байсан. Манай гэрийн тооноор орсон гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /ХХ21-24/,

Гэрч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 05 сарын 23-ны орой 21 цагийн үед манай дүү Б 88888888 дугаарын утаснаас миний 99999999 дугаарын утас луу залгаад би Ц эгчтэй хамт гэрт хичээл ялгах гээд ирсэн чинь манай гэрт байсан шуудайтай ноолуур дээрээс хүн авчихсан юм шиг дундарсан байна. Та хүрээд ир, би гэрийн зүүн талын тасархай гудамжинд хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйд нь Индэрт багийн 0-00 тоотод байх өөрийн гэр лүүгээ явсан бөгөөд гэрийн зүүн талын тасархай гудамжинд манай дүү Б, Ц нар намайг хүлээж байсан. Тэгээд бид 3 гэрт ортол манай ээжийн бүл ах Л гэх хүн манай гэрийн баруун талын модон орон дээр суучихсан гэрийн баруун талд байсан цагаан өнгийн ууттай ноолуураас авч шар өнгийн шуудайнд ууталж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн ... ээж, аав хоёр 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө гэрт хулгай орсныг мэдээд хөдөөнөөс ирсэн бөгөөд ноолуураа жинэлэж үзтэл 16 кг байсан. Гэтэл ээж, аав хоёр 20 кг ноолуур байсан юм. 4 кг дутсан байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ25-27/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... гэрийнхээ эд хогшилыг бүртгэчихээд гарах гэтэл гэрийн баруун талд байсан цагаан өнгийн шуудаатай ноолуур дундарсан байх шиг харагдсан. Тэгэхээр нь би ээжийнхээ 88888888 дугаарын утсыг авч үлдсэн байсан бөгөөд тус утсаараа эгч рүүгээ залгаж хэлтэл чи гэрийн зүүн талын тасархай гудамжинд гараад ир, би одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд Ц эгч бид хоёр гэрээс гараад зүүн талын тасархай гудамж руу алхаж байгаад эргээд хартал манай хашааны урд талын хаалгаар нэг хүн орчих шиг болсон. Гэтэл эгч маань урдаас хүрээд ирсэн. Бид 3 гэрт ирээд гэрийн хаалганы түгжээг эгч маань түлхүүрээрээ онгойлгоод дотогш ортол манай ээжийн бүл ах Л гэх хүн манай гэрийн баруун талын модон орон дээр суучихсан гэрийн баруун талд байсан цагаан өнгийн ууттай ноолуураас авч шар өнгийн шуудайнд ууталж байсан. Тэгээд манай эгч цагдаагийн газарт мэдэгдсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ28-30/,

Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 05 сарын 23-ны орой 22 цаг болж байхад манай охин Гэрэлсүрэн нь гар утсаараа манай эхнэр Ц руу залгаад танай бүл ах Л нь манай гэрийн тооноор ороод ноолуур хулгай хийж байгаад баригдлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр сандраад ямаа самнах ажлаа орхиод шууд аймагт ирсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ31-34/

“Ашид билгүүн” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /ХХ49-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-5/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-10 зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Л-н  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоотод оршин суух иргэн Э.Н-н өмчлөлийн Монгол гэрийн гэрийн тооноор нэвтрэн орж 4 кг ноолуурыг авч бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

“Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн байр, орон сууц, байшин, монгол гэр, урц, зуслангын байр, зочид буудал, амралт сувилалын газрын хаалга, цонх, хамгаалалтын хэрэгсэлийг багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр эвдэх, түлхүүр тааруулах, хамгаалалтын кодыг эвдэх, онгорхой байхад нь сэм орох нуугдах зэрэг аргаар тухайн орон байранд түр болон удаан хугацаагаар оршин суух, байрлах эрхгүй этгээд нэвтрэн орж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг хамааруулан авч үздэг ойлголт юм.

Иймээс шүүгдэгч З.Л-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Л нь тухайн гэрт нэг өдөрт 2 удаа нэвтрэн орж ноолуур авч байгаад сүүлийн үйлдлээ хэрэгжүүлэх үедээ баригджээ. Үүнийг нь прокурор Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар нэг гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч С.Ц шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа буюу хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн болох хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч З.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч З.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт З-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Л-г 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг тус тус журамлан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7/долоо/ сар 10/арав/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 7/долоо/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-д оногдуулсан 1/нэг/ жил 7/долоо/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч З.Л-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч З.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА