Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00223

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, Овоот 1-р гудамж, 12 тоотод оршин суух, Говь-Алтай аймгийн Цагаан олом гэх газар 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Еншүү овогт ******* /РД:СБ-/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Шарав овогтой Чимэддагва нь 1956 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 15 наснаасаа Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт орж ажилласан. 1970 онд аав ээж хоёр маань Хэнтий аймгийн Бат Ширээт сумын модны үйлдвэрт илгээлтээр очиход нь цуг дагаж очсон. 1971 оны 10-р сарын 01-нд тус модны үйлдвэрийн зүсмэлийн цехед орж ажиллаж байсан. 1976 онд цэрэгт яваад 1979 оны оны 07-р сарын 18-нд халагдаж ирээд модны үйлдвэрийн зүсмэлийн цехед буцаад орсон. 1983 онд тракторын курст яваад 1985 оны 05-р сарын 28-нд модны үйлдвэрийн мод бэлтгэлийн цехед тракторчин болсон. 1971 оны 10-р сарын 01-ээс 1992 оны 05-р сарын 22-ны өдөр хүртэл нийт 20 жил  7 сар тасралтгүй модны үйлдвэрт ажиллаж байсан. Бат Ширээт сумын архив нь шатаад тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан Еншүү овгийн Шаравын Чимэддагвын иргэний үнэмлэхийн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 559 дугаар тодорхойлолт, Шаравын Чимэддагвын 188297 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол ардын хувсгалт намын гишүүний бат илэрхийлэх дугаар 094912, ажлын хамт олны гэрэл зураг, Ш.Чимэддагвын дурсамж, гэрч Л.Батдэлгэр, Н.Нарангэрэл, Д.Доржсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1971 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт нормчин, тракторчин, хөрөө рамчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд ******* нь Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт 1971 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нормчин, тракторчин, хөрөө рамчнаар ажилласан байсан болох нь гэрч Л.Батдэлгэрийн: ...Би Чимэддагватай Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт 1973 оноос 1983 он хүртэл хамт ажилласан. Би энэ үед цэрэгт явсан юм. ******* нь хөрөө рамчин хийдэг байсан... гэх  мэдүүлэг

-Гэрч Д.Доржсүрэн: ...Намайг 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Барилгын техникумын сургууль төгсөөд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт цехийн мастерээр ажилд ороход ******* нь рамчинаар ажиллаж байсан. тэгээд намайг Техникийн их сургуулиа 1985 онд төгсөөд ирэхэд мод бэлтгэлд тракторчноор ажиллаж байсан.  Дараа нь Модны үйлдвэр дотороо Замын ангид тракторчноор ажиллаж байсан байх.  1991 юм уу 1992 онд ******* нь Сэлэнгэ аймгийн Хөтөл рүү шилжээд явсан... гэх мэдүүлэг,

-Гэрч Н.Нарангэрэл: ...Чимэддагва нь 1971 оны намар Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт нормчноор манай ээлжинд ажилд орж байсан. 1992 оны 01 дүгээр сард ажлаасаа гарсан шиг санагдаж байна... гэх мэдүүлэг болон Ш.Чимэддагвын 1956 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн 188297 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Батширээт суманд ажиллаж байхдаа авхуулсан гэрэл зураг, Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн хамт олны болон 50 жилийн ойг зохион байгуулах комиссоос олгосон дурсамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ш.Чимэддагвыг Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1971 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нормчин, тракторчин, хөрөө рамчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан 094912 дугаар бүхий Ш.Чимэддагвын Монгол ардын гишүүний бат илэрхийлэх нь Ш.Чимэддагвын гаргасан хүсэлттэй холбоотойгоор уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд иргэн Л.Батдэлгэр, Н.Нарангэрэл, Д.Доржсүрэн нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир дээрх баримтыг шүүх үнэлж дүгнээгүй болно.

Харин Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн хамт олноос 2013 оны 09 дүгээр сарын 14-15 өдөр олгосон Дурсамж, Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн 50 жилийн ойг зохион байгуулах комиссоос 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Дурсамж нь цаг хугацааны хувьд Ш.Чимэддагвыг ажиллаж байх үеэс хойш олгогдсон, хүсэлт гаргагчийг тус модны үйлдвэрт ажиллаж байх хугацааг нотлохгүй боловч Ш.Чимэддагвын Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт ажиллаж байсан болохыг нотолсон нотлох баримт гэж үзэж үнэлж дүгнэн шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

          1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Еншүү овогт Шаравын Чимэддагвыг Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт 1971 оны 10-р сарын 01-ээс 1992 оны 05-р сарын 22-ны өдөр хүртэл нормчин, тракторчин, хөрөө рамчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Чимэддагвын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН