| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/08042/И |
| Дугаар | 210/МА2025/00889 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00889
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02009 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 21,908,362 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2023 оны 05 сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг барьцаалж, 36 сарын хугацаатай 38,500,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч *******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2024 оны 11 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Барьцааг худалдсан дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрээгүй. Барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч бодит эзэмшил нь хариуцагчид байсан. Бид тээврийн хэрэгслийг 2024 оны 01 сард хурааж аваад 11 сард бусдад худалдсан болно.
Иймд, зээлдэгч *******ас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 17,348,022 төгрөг, зээлийн хүү 1,682,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,878,122 төгрөг, нийт 21,908,362 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох автомашиныг хариуцагчаас хураан авч, бусдад худалдан борлуулснаар зээлийн гэрээ дуусгавар болсон. Үүнээс хойш хариуцагч зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй, хуваарийн дагуу төлсөн нийт 5 сарын төлбөр болон худалдан борлуулагдсан автомашины төлбөрөөр зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дууссан. Хариуцагч ******* нь зээлийн төлбөрт 5 сарын хугацаанд 8,898,098 төгрөг төлсөн байдаг. Хариуцагчийн төлөх ёстой cap бүрийн төлбөрөөс илүү гарсан төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс 3,194,660 төгрөг хасагдах ёстой байсан. Хариуцагч *******ын зүгээс өөрийн төлсөн зээлийн төлбөр болон автомашин борлуулсан мөнгийг нийлүүлэхэд нийт 38,898,000 төгрөг төлөгдсөн байна. Нэхэмжлэгч тал гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан учир түүнээс хойш зээлийн гэрээний хүүгийн төлбөр бодогдохгүй гэж үзэж байна. Гэхдээ хариуцагч нь анх авсан зээлээс төлсөн төлбөрөө хасаж тооцон үлдэх 30,300,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтийн зөрчил гарч эхэлснээс одоог хүртэл нийт 10 сарын хугацааны хүүнд 9,090,000 төгрөг /нэг сарын 3 хувийн хүү/-ийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй.
Харин бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч *******ас 9,090,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,818,362.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 160,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ын эзэмшилд байхаар гэрээнд заасан байсан ******* улсын дугаартай автомашиныг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шалтгаанаар 2024 оны 04 сард хураан авсан. Энэ талаар нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж, тэмдэглэлд тусгагдсан. 2024 оны 04 сард хураан авсан автомашиныг мөн оны 11 cap хүртэл хугацаанд өмчлөгч өөрийн мэдэлд байлгаж, бусдад худалдан борлуулахдаа мэргэжлийн байгууллагын зах зээлийн бодит ханшид тулгуурлан гаргасан үнэлгээнээс доогуур үнээр худалдаж, гэрээний биелэгдээгүй үлдсэн хэсэг нэрийдлээр *******ас хохирол, хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагчийн төлбөр төлөх үүрэг дууссан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний үүргээс үүдсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэрээний нэг талд хохиролтой байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний нөгөө тал үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэж үзэн автомашиныг хураан авч, улмаар худалдан борлуулснаар ******* нь гэрээ ёсоор хуваарийн дагуу төлөгдөх байсан хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн гэрээ цуцлагдсанаас үүдсэн хохирлын асуудал яригдах учиртай.
4.3. Хариуцагчийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөр, автомашин борлуулсан үнэд нийт 38,898,000 төгрөг төлөгдөж, нэхэмжлэгч тал хохиролгүй болсон байхад дахин үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулж буй шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч анхнаасаа хариу тайлбартаа 10 сарын хүү төлөхөөс татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад уг 10 сарын хүүг бодож үзэхэд 9,090,000 төгрөг болсон. Хариуцагч тал өөрөө зөвшөөрсөн атлаа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 17,348,022 төгрөг, зээлийн хүү 1,682,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,878,123 төгрөг, нийт 21,908,362 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 05 сарын 28-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ХХК нь 38,500,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, уг зээлийг *******ын өмчлөлд шилжүүлжээ.
Талууд мөн өдөр ******* дугаартай Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай, ******* маркийн автомашинаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, уг автомашиныг *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
Хэдийгээр талууд Барьцааны гэрээ гэж нэрлэсэн боловч автомашины өмчлөл *******ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн тул уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нд хамаарна.
5. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тооцооллоос үзвэл, хариуцагч ******* нь 2023 оны 06 сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 21,151,978 төгрөг, зээлийн хүүнд 18,990,331 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 315,691 төгрөг, нийт 40,458,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, уг тооцоололд хариуцагч маргаагүй.
Хариуцагч ******* нь 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.
6. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ХХК нь ******* улсын дугаартай, ******* автомашиныг 2024 оны 01 сард бодитойгоор гаргуулан авч, улмаар 2024 оны 11 сарын 20-ны өдөр бусдад 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, үүний дагуу зээлдэгч буюу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасантай нийцжээ.
7. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад хариуцагч талын гаргасан ... 9,090,000 төгрөгийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа ... гэсэн агуулгатай тайлбарыг үндэслэн уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй, ийнхүү шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.
8. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ... анхан шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн атлаа зээлийн хүүгийн төлбөрт 9,090,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд болон талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй ... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад анхан шатны шүүх фидуцийн гэрээний зохицуулалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрт холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02009 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт ... гэснийг ...451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 160,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ.
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР