Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 515

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,   

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, 

Шүүгдэгч Ж.М түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Б овогт Г.А,     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Ж.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708019820333  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өвөрхангайн аймгийн Сант 4 дүгээр баг, Залаа  гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, Тахилтын .......... тоотод түр оршин суух, урьд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Г-гийн А, регистрийн дугаар ЙФ...............

Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хороо Хилчин ......... тоотод оршин суух, урьд 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг ял хойшлуулсан, 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Б овогт Ж.М, регистрийн дугаар ИД.................  

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.О толгой руу чулуугаар цохиж ухаан алдуулж мөнгөн гинж, савхин куртик, самсунг нөүт-2 гар утас, малгай зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авч 297.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Б-н толгойн тус газарт тоосгоор шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.А, Ж.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн орчим иргэн А.М эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж нүүрэн тус газар нь цохиж, прада маркийн гар утас, мөнгөн гинж, мөнгөн даруулга, биет 400.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар : 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.О толгой руу чулуугаар цохиж ухаан алдуулж мөнгөн гинж, савхин куртик, самсунг нөүт-2 гар утас, малгай зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авч 297.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь : 

- хохирогч Х.О:..2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц гэрт нь 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан...Ц намайг автобусны буудал дээр хүргэж өгсөн ба хоол идэх гээд Саппорогийн буудлын хажууд байрлах Ким баб чон гүг хоолны газар орох санаатай алхаж байтал 3 залуу зогсож байсан. Тэгтэл нэг залуу нь гал байна уу гэхээр нь халаасаа ухтал байхгүй байсан...Алга гэтэл миний хүзүүнд байсан гинжнээс татаж үзсэн, би наадах чинь амар тасрах эд биш шүү гэж хэлэхэд хэрүүл болсон ба нөгөө залуутай барьцалдаад авсан...боовон чихтэй залуу хүзүүнд байсан гинжнээс гараараа ороогоод барьсан боож байсан ба тас гээд явсан, би ухаан алдсан, сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн...Миний кепкен малгай, мөнгөн гинж, нөүт-2 гар утас алдагдсан...гэх мэдүүлэг /1х, х-21-22, 2х, х-11-15/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”...Миний мөнгөн гинж, эд зүйлийг авч намайг зодсон залуу энэ 2 дугаартай залуу яг мөн байна. Би энэ царайг хараад шууд таньж байна. Мөн биеийн ерөнхий байдлаар нь харахад жижиг биетэй хар царайтай боовон чихтэй болохоор их содон байна.../1х, х-35-36/, 

- шүүгдэгч Г.А-ын :...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би 3 найзын хамт Кимбаб чонгүг дотроос гарч ирэхэд хаанаас ч юм нэг ах хамт явж байсан хүмүүсээс гал асуусан юм байна лээ. Тэгээд маргаан эхэлсэн, би очоод тэр хүнтэй заамдалцаад авахад хүзүүнд байгаа гинж нь гарт баригдахаар нь гинжнээс нь бариад тэр хүний хоолойг нь боогоод унагаасан. Тэгээд бид хоёр газар унасан. Тэр үед тэр хүний гинж газар унасан байсан. Тэгэхээр нь би аваад Хархорин захын урд явуулын танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан...Би гартаа гарын атганд багтахаар чулуу барьчихсан байсан, гэхдээ чулуугаар цохиогүй санагдаж байна...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1х, х-42-43/, 

- эд зүйлийн үнэлгээ /1х, х-25-26/ зэрэг нотлох баримтуудаар, 

2. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б толгойн тус газарт тоосгоор шидэж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :   

- хохирогч Д.Б:..2018 оны 03 дугаар сарын 12-ны орой хадам ах Баасанжавтай уулзахаар Саппоро дээр 20 цагийн үед уулзсан. Бид хоёр гэрлүүгээ явахаар Саппорогийн аркаар гараад явж байтал А, Улсболд, Мөнхцолмон, Орших нар тааралдаад ганц юм аваад өг гээд Мөнхцолмон хэлэхээр нь би надад мөнгө төгрөг алга гэхэд Мөнхцолмон чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд А наадахад чинь архины мөнгө байгаа гээд дэмжээд байсан...Бид 2 тэднээс зугтах маягтай салж яваад Саппорогийн Кимбаб Чонгүг хоолны газрын гадаа очсон чинь А тоосго барьчихсан манай хадам ахыг цохих гээд далайсан. Би хөөе гээд эргээд хартал шууд миний толгойн зүүн хэсэгт тоосгоо шидэж оносон...Тархи толгойны гэмтлүүдийг А нь тоосгоор цохисноос үүссэн...гэх мэдүүлэг /1х, х-113-114/, 

- гэрч Б.Б:..тэр үед Саппоро руу буцаад Кимбаб Чонгүг хоолны газрын урд очоод байж байтал А ирээд Б “цоожоо чамайг дэлдэн ахтай чинь ална гээд тоосго аваад над руу дайрмагц би бултаад холдоход Б-гийн толгойн баруун хэсэгт онож цус гарсан...гэх мэдүүлэг /1х, х-119-120/, 

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1х,109-110/, 

- шинжээчийн дүгнэлт:..Б-ийн биед тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт язарсан шарх, шодойн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, х-122/

- шинжээч эмч Ц.О:..Иргэн Б биед тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух зулайн зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн чамархай зулайн хуухны зөөлөн эдийн няцрал цус хурал гэмтэл тогтоогдлоо. Бямбацоожийн зүүн чамархайн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг хугарлын үед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархай, хуйхны хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсэх бүрэн боломжтой.../2х, х-18-19/ гэх мэдүүлэг,

- Г.А-ын яллагдагчаар өгсөн:...2018 оны  03 дугаар сарын 12-ны өдөр...Саппоро руу явж байхад замдаа У- руу Б дайраад тэр хоёр цохилдсон....Ким баб Чон гүгийн орчим Б хүрч ирээд дахин барьцалдаж авахаар нь та боль гээд салгах гэтэл Б над руу дайрч миний савхин  куртикниий захыг ураад хаячихаар нь газраас гарын атганд багтах хэмжээний чулуу аваад түүн рүү шидчихсэн чинь тэр нүүрээ дараад доошоо суучихсан. Тэгээд л би шууд яваад өгсөн...Б-ийн толгой руу чулуугаар цохисон тул түүний тархи толгойтой холбоотой гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1х, х-136-137/ зэрэг нотлох баримтуудаар, 

3. Шүүгдэгч Г.А, Ж.М нар 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн орчим иргэн А.М эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж нүүрэн тус газар нь цохиж, прада маркийн гар утас, мөнгөн гинж, мөнгөн даруулга, биет 400.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 521.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хохирогч А. М:...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Саппорогийн үйлчилгээний төвийн арын пабад найз Ганаагийн хамт 0,5 литрийн 1 шил архи хувааж уучихаад найзынхаа хамт тус пабаас гараад найзыгаа таксинд  суулгаж өгсөн. Тэгээд дэлгүүр орохоор Саппоро үйлчилгээний төвийн арагшаа явж байтал 2 залуу өөдөөс ирж яваад хоёр талаас  шууд бариад авсан. Цэнхэр дээлтэй өндөр залуу буюу М  байсан, харин ногоон куртиктэй боовон чихтэй буюу намхан бор залуу нь А байсан. Цаанаас бас 4 залуу ирж байсан. Гэхдээ тэр залуус хэрэгт оролцоогүй. Намайг бариад авсан залуу цохиод унагасан бөгөөд халаасанд нь байсан гар утас түрүүвч аваад явсан. Түрүүвчинд 400.000 төгрөг, мөнгөн даруулга байсан тэрийг 50.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн бөгж 40.000 төгрөг, гар утас 100.000төгрөгөр үнэлж байна. Би хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /3х, х-1-3, 1х, х-226-227/, 

- Г.А, Ж.М нарыг хохирогч А.Мтаньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3х, х-6-9, 15/

- эд хөрөнгийн үнэлгээ /1х, х-235-236/, 

- Ж.М-ын яллагдагчаар өгсөн:...”2017.09.30-ны өдөр Саппоро орчим явж байтад...нэг согтуу хүн явж байхаар нь Ариука наадхыг чинь сэгсэрчихье гэж хэлсэн. Би нилээд согтуу байсан учраас зарим юмыг сайн санахгүй байна,  ямар ч байсан Ариука бид хоёр очоод тэр залууг өргөж аваад ЛЖ-100 маркын гар утас, түрүүвчийг нь шууд халааснаас нь авсан. Түрүүвчинд нь 400.000 төгрөг байхаар нь архи авч уугаад покер тоглоод дууссан. Би гар утсыг нь яасныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан архи уух зорилгоор дээрэм хийсэн...гэх мэдүүлэг / 2х, х-9, 3х, х-48-49/,

   - Г.А-ын гэрчээр өгсөн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн үед би Балжка, Хамар Энхээ, Зааны Тугал, Баягаа ах, Шагай ах, Өндөрөө ах нарын хамт бид хэд явж байсан...бид хэд  Саппорогийн автобусны хажууд нэг эрэгтэйг 2 талаас нь барьж байгаад нэг цохиод, түрүүвч, гар утас авсан...гэх мэдүүлэг /1х-ийн 247/, 

- шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар тус тус холбогдох гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт холбогдох тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэх ба шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.     

Шүүгдэгч Г.А, Ж.М нар хохирогч А.М эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдэхээр гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу бүлэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг нэгэн зэрэг гэмт хэргийн гүйцэтгэгчид гэж үзнэ.  

Харин шүүгдэгч Г.А нь дээрэмдэх гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх ба нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдснийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй, мөн “нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл” оногдуулахыг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй тул тухайн шүүгдэгчийн үйлдсэн дээрэмдэх гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.       

Иймд шүүгдэгч Г.А-ыг хохирогч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хохирогч Х.О, А.М нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Мыг хохирогч А.М эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар :                                                                                                                    

            Нотлох баримтаар гэмт хэргийн улмаас хохирогч Х.О-д  учирсан хохирлын 297.000 төгрөг /1х, х-25-26/, хохирогч Д.Б-д учирсан хохирлын 181583 төгрөг /1х, х-125-126/-ийг шүүгдэгч Г.А хариуцан төлөх үүрэгтэй байх ба хохирогч А.М-д учирсан хохирлыг шүүгдэгч Ж.М бүрэн төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд гаргажээ. 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлж дуусгавар болсон, 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь ялтай байдлыг хассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

Шүүгдэгч нар тус тусын холбогдох гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний ар гэрийн амьдрал бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Ж.М-ын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Г.А нь 2018.4.15-ны өдөр хойшлуулшгүй баривчлагдсан /1х, х-50/, 2018.04.17-ны өдрөөс хойш /1х, х-51, 2х, х-36, 39, 42, 45, 162, 175, 178, 195, 202/ 2019.01.15-ний өдөр хүртэл нийт 275 хоног /2-р хх-ийн 175-195/,  2019.03.04-ний өдрөөс /2х, х-244-247, 3х, 60-61/ хойш шүүх харалдаан хүртэл буюу 2019.05.10-ны өдрийн байдлаар нийт 67 хоног нийт 342 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.М 2019.04.03-ны өдрөөс /3х, х-64/ хойш шүүх хуралдаан болтол буюу 2019.05.10-ны өдрийг хүртэл нийт 37 хоног цагдан хоригдсон, яллах дүгнэлтийн хавсралтаас үзэхэд тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Г.А”г хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,

хохирогч Х.Отгонбаяр, А.Мөнхсайхан нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Мыг хохирогч А.Мэд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.А-ын биечлэн эдлэх ялыг нийт  6 жилийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын эдлэх 6 жилийн хорих ялыг, Ж.М-ын эдлэх 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон 342 хоногийг, Ж.Мын цагдан хоригдсон 37 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.А-аас нийт 478583 төгрөг гаргуулж, хохирогч Х.О-д 297.000 төгрөг, хохирогч Д.Б-д 181583 төгрөг тус тус олгосугай.   

7. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шүүгдэгч Г.А, Ж.М нарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.   

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                                 Г.ГАНБААТАР