Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2025/0055

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын

татварын улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     Г.Банзрагч

Танхимын тэргүүн                   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                       М.Батсуурь

                                                          Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                           П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0837 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0079 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Г.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-********** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “С” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 504,786,017 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 оны 06 сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төмрийн хүдрийг улсын хилээр гаргасан, энэхүү гэрээний  худалдагч тал: “ДТҮ” ХК, эрх шилжүүлэгч: Э экспорт импортын ХХК, Эрх хүлээн авагч: “С” ХХК байсан буюу худалдагч нь үндсэн гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүнийг Төмөртолгойн уурхайн ам нөхцөлөөр худалдсан тул бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш үүдэн гарах гаалийн болон бусад татвар, хураамж зардлыг эрх хүлээн авагч болох нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцахаар тохирсон байна.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “ ... Тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэсэн, ашигт малтмал ашигласны төлбөр төлөх үүрэггүй, ачилтын асуудал үүсээд гэрээ байгуулсан. Хилээр гаргахдаа “ДТҮ” ХК-ийн нэрээр гаргах байсан. Цэцийн дүгнэлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, үндсэн төлбөр төлөгч биш тул нэмэлт төлбөр төлөгч биш, “ДТҮ” ХК дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй тул манайх төлөхгүй” гэж,

4.Хариуцагчаас: “ ... Нэхэмжлэгч нь “ДТҮ” ХК-аас төмрийн хүдрийг худалдан авч эскпортолсон болох нь гэрээ болон гаалийн мэдээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь худалдан авагч буюу Хятад талын компанийн өмнөөс бүх эрх үүргийг шилжүүлэн авсан. “ДТҮ” ХК-иас давхардсан хэсгийг хасаад, зөвхөн нэхэмжлэгчийн хилээр гаргасан хэсэгт татвар тооцсон, төмрийн хүдэр болон дагалдах бүтээгдэхүүний борлуулалтын орлогод ногдох нэмэлт төлбөрийг лабораторийн дүгнэлтийг үндэслэн зах зээлийн үнээр тооцсон” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Гаалийн хилээр мэдүүлэг гаргасны үндсэн дээр төмрийн хүдрийг хилээр нэвтрүүлсэн нэхэмжлэгчийг экспортлогч гэж үзсэн нь хууль зөрчөөгүй.

5.2.Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болсон хууль анх батлагдсан цагаасаа эхлээд үйлчлэлээ алдах нь гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд хамаарахаар байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу татвар төлөгч эсэхээ зөв тогтоогоогүй татвараа үнэн зөв тайлагнаагүйгээс татварын хууль тогтоомжид үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны нөхөн татвар ногдуулахад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт хамаарахгүй.

5.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бүтээгдэхүүний төрлийг заахдаа төмөр, төмрийн хүдэрт ногдуулахаар тогтоосон, харин төмрийн баяжмалыг бүтээгдэхүүний төрөл болгож оруулаагүй байгаа тул шинжилгээгээр тогтоосон төмрийн хүдэр дотор агуулагдах төмөр, хөнгөн цагаан, зэс, цайр, хар тугалга, хүхэр зэргийг агуулагдсан хэмжээгээр нь тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар тооцсон энэ хуулийг зөрчөөгүй болно.

5.4.Ийнхүү шинжилгээгээр төмрийн хүдэр доторх элементүүд ингэж тодорхой хувь хэмжээгээр нэгэнт тогтоогдсон байхад хариуцагч Татварын улсын байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т заасныг баримтлан эдгээр бүтээгдэхүүнүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хувь хэмжээг элемент тус бүрд харгалзуулан тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээсэн:

6.1.Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй ашигт малтмал экспортолсон этгээд гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгчийн тухайд 50.000 тн төмрийн хүдрийг худалдан авч, улмаар тээвэрлэж, экспортод гаргасан байх тул дээрх хуульд заасан үүргийг хүлээнэ.

6.2.“ДТҮ” ХК-иас дээрх гэрээнүүдийн дагуу худалдан авч экспортолсон нийт 94.631,056,6 кг төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг зөвхөн төмрийн хүдрийн тооцооллоор хийж, дагалдах бүтээгдэхүүний агуулгад уг төлбөрийг тооцож ногдуулалгүйгээр 2019, 2020 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнаж, татварын удирдлагын нэгдсэн системд баталгаажуулсныг татварын хяналт шалгалтаар илрүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.6, Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах журам”-д тус тус заасны дагуу “ДТҮ” ХК-ийн анх худалдахдаа суутгасан 402.0 сая төгрөгийг хасч, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төмрийн хүдрийн дагалдах бусад ашигт малтмалд ногдох төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

6.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн анхны зохицуулалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байсныг уг заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2019 оны 03 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна ашигт малтмал экспортолсон этгээд байхаар болсон тул “С” ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний бүх эрх, үүргийг шилжүүлж авах байдлаар, мөн Худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулах байдлаар тус тус “ДТҮ” ХК-иас олборлосон нийт 94.631,056,6 кг төмрийн хүдрийг 2019, 2020 онд экспортолсон нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон энэ тохиолдолд төмрийн хүдрийн дагалдах бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн.

6.4.Төмрийн хүдрийн дагалдах ашигт малтмалын бүтээгдэхүүнд борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулсан төлбөрийн тал буюу 2.5 хувьд хамаарах хэсгийг төмрийн хүдрийг дотооддоо худалдсан “ДТҮ” ХК-иас шаардах эрхтэй гэж үзвэл иргэний журмаар маргах эрхийг энэхүү шийдвэр, магадлалаар хязгаарлахгүй болно.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Төмрийн хүдэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан “нэхэмжлэгч хуулийн тэгээд” биш, харин түүнийг гадаад улсад бүртгэлтэй компанид худалдсан этгээд, эсхүл дотоодын зах зээлээс худалдан авч өөрөө экспортод гаргаж байгаа этгээд буюу тухайн ашигт малтмалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тул “... төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг бүхэлд нь экспортлогч” гэж үзсэн нь хуульд нийцээгүй.

7.2.Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт нь “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-ийг тодорхойлсон агуулгагүй, борлуулалтын үнэлгээг хэрхэн тогтоохыг журамласан агуулгатай тул уг зохицуулалт нь мөн хуулийн 47.1-д тодорхойлсон “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-д хамааралтай буюу тухай цаг хугацаанд ашигт малтмал худалдаагүй, худалдахаар ачуулаагүй, ашиглаагүй этгээдэд хамаатуулан хэрэглэхгүй.

7.3.Ашигт малтмал экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалт 2019 оны 6, 7 дугаар сард байгаагүй, хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол” гэснийг үндэслэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу төлсөн гэх агуулгаар акт тавьсан нь үндэслэлгүй байна.

7.4.Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр “үндсэн хуулийн заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр, үйлчлэлийг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хуулийн энэ хэсгийн “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ....нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон байна.

7.5.Үндсэн хууль зөрчсөн аливаа хууль, бусад эрх зүйн баримт бичиг агуулгын хувьд “анхнаасаа үйлчлэлгүй” буюу хүчин төгөлдөр бус байх тул түүнд үндэслэж гаргасан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны үндэслэл бүхий бус” байх үр дагавартай. Иймд шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг бүхэлд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

7.6.Тус маргаан бүхий хугацаанд “ДТҮ” ХК нь олборлосон бүтээгдэхүүнээ нэг ч төгрөгийн дагалдах бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй ба уг төлбөрийг байгааг татварын улсын байцаагч нар хууль ёсны гэж үзсэн бөгөөд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй ба дүгнэлт хийхээ татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл тус компани олборлосон бүтээгдэхүүний зөвхөн төмрийн хүдэртээ л АМНАТ төлсөн байгааг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан аливаа хуулийн этгээдэд бусад дагалдах бүтээгдэхүүнд төлбөр ногдуулж байгаа нь хуульд заасан тодорхой байх, болон шударга байх зарчимд нийцэхгүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий татварын актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

9.Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Дархан-Уул сумын Хонгор суманд байрлах Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайгаас гэрээний үндсэн дээр 2019 онд 40,787 тонн, 2020 онд 53,843 тонн төмрийн хүдрийг улсын хилээр гаргасан, энэхүү тоо хэмжээтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

10.Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь “гэрээний дагуу тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэсэн, төмрийн хүдэр худалдаж аваагүй, дамжуулан борлуулаагүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, мөн дагалдах баялгийн төлбөрийг төлөх үүрэггүй” гэж маргаж байна.

11.Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/ гаргахдаа 2019 онд борлуулалтын нийт үнэлгээнээс 608,244,293 төгрөгийн үндсэн төлбөр, 2020 онд 403,935,742 төгрөгийн үндсэн төлбөр төлөхөөр тайлагнаснаас 808,244,293 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

12.Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр төлөх үүрэгтэй эсэх, мөн дагалдах баялагт ашигт малтмалын нөөц ашигласны  нэмэлт төлбөрийг хэрхэн тооцох агуулгатай байна.

13.Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг энэхүү маргаанд хэрэглэх тухайд:

14.Ашигт малтмалын тухай хуулийн (2006 он) 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчилсан байсныг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ...” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр өргөжүүлэн зохицуулсан.

15.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Үндсэн хууль зөрчсөн” болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус зүйлийг хүчингүй болгож, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-ийг “ашигт малтмал экспортолсон этгээд” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр өөрчлөн найруулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тус зохицуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

16.Үүнээс үзвэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашигт малтмал экспортолсон этгээд” гэх зохицуулалт тусгагдах хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

17.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар тогтоолтой, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дүгээр тогтоолтой “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг, 132 дугаар тогтоолтой “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт “… нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэсэн татвар төлөх үүрэг үүсэхгүй, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй” гэж дүгнэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн байна.

18.Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй, харин 2019 оны 10 дугаар сарын 30-наас хойшхи хугацаанд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх  үүрэгтэй, энэ цаг хугацааны шалгуурыг баримтлан татварын улсын байцаагч нараас тооцооллыг хийж, татварын нөхөн ногдуулалтын актыг дахин үйлдэх шаардлагатай.

19.Хариуцагчийн “төлбөртэй холбоотой гэрээний 2.1.9-д зааснаар нэхэмжлэгч бүх төлбөрийг хариуцахаар тохирсон байсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх гэрээний 2.1.9-д “Худалдагч нь Үндсэн гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүнийг Төмөртолгойн уурхайн ам нөхцөлөөр худалдсан тул бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш үүдэн гарах Гаалийн болон бусад татвар, хураамж зардлыг Эрх хүлээн авагч хариуцна” (“С” ХХК) гэж заасан нь хуулиар тогтоосон татвар төлөх үүргийг өөрчлөх, өөр бусдад шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, нөгөө талаар татварын улсын байцаагч нараас хуульд нийцүүлэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлбөл зохих этгээдэд холбогдуулан төлбөр тогтооход шүүхийн энэхүү тогтоол саад болохгүй.

20.Нэхэмжлэгчийн “тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэсэн” гэх тайлбар бодит байдалд нийцээгүй, “ДТҮ” ХХК-ийн төлбөрийн жагсаалт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, харилцагчийн дансны хуулга зэргээс[1] үзэхэд “С” ХХК нь “хүдрийн үнэ” гэж мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх тул тээвэрлэгч гэж үзэхгүй.

21.Дагалдах баялагт ногдох төлбөрийн тухайд,

22.“С” ХХК нь 2019 онд 40,787 тонн ашигт малтмал экспортод гаргаснаас итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд 27,296 тонн нь 56%-ийн агуулгатай төмрийн хуурай хүдэр, 13,490 тонн нь 60%-ийн агуулгатай хуурай хүдэр, 2020 онд 53,843 тонн ашигт малтмал экспортод гаргаснаас 30,428 тонн нь 56%-ийн агуулгатай хуурай хүдэр, 23,415 тонн нь 60%-ийн агуулгатай хуурай хүдэр[2] байсан, харин дагалдах баялгийн тухайд, хилээр гаргасан хэмжээ тус бүрээр, жишээлбэл, Гаалийн төв лабораторийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд[3] “тус төмрийн хүдэрт хөнгөн цагаан 0.76 хувь, зэс 278.45 мг/кг, цайр 167.85 мг/кг тус тус агуулагдаж байна”, АМНАТ-ын тооцоололд[4] “зэс 340.50 мг/кг, цайр 142.00 мг/кг, хөнгөн цагаан 0.73%” гэх зэргээр тодорхойлсон, хариуцагчаас “нэмэлт төлбөр 455,474,077 төгрөг” гэсэн байх боловч шинжээчийн дүгнэлтэд[5] “2019 он, мөнгө 75,625, зэс 13,729,956, хар тугалга 56,026, цайр 3,450,434, хөнгөн цагаан 73,354,582, 2020 онд мөнгө 2,382,336, зэс 22,008,795, хар тугалга 136,200, цайр 3,078,154, хөнгөн цагаан 106,732,181, нийт төлбөр 225,004,294 гэсэн, тооцоолол[6] гэсэн баримтад “нэмэлт төлбөр 473,743,479” гэжээ.

23.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “дагалдах баялагт ногдох төлбөрийг яаж бодсон аргачлал, тооцоолол тодорхойгүй, актад энэ талаар заагаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд дагалдах баялгийн төлбөрийг төлөх үүрэгтэй, манай компанийн үүрэг биш” гэж маргасан байх бөгөөд маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актад дагалдах бүтээгдэхүүний төлбөрийг хэрхэн тооцсон аргачлал тодорхойгүй, үндэслэлээ маргаан бүхий актад тодорхой заагаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

24.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын дагалдах баялагт төлбөр тогтоосон аргачлал, зарчим тодорхойгүй, дагалдах бүтээгдэхүүний нэгж агуулгын хувь, нэгжийн үнэлгээ, борлуулалтын үнэлгээ тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

25.Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж, 3.2-д “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн “эцсийн бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна” гэж заажээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 322 дугаар тушаалаар баталсан Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалыг энэхүү маргаанд хэрэглэх эсэх, хэрэв хэрэглэх бол хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлах шаардлагатай байна.

26.Тодруулбал, энэ тохиолдолд дагалдах бүтээгдэхүүний ангиллын хувь хэмжээний тооцоолол тодорхойгүй буюу хилээр гаргасан төмрийн хүдэрт дагалдах Баялгийн хувь, жишээлбэл “хөнгөн цагаан 0.76”-ийг тооцохдоо олон улсын зах зээлийн 100%-ийн ангилалтай хөнгөн цагаанаас тооцсон, эсхүл 0.76%-аас тооцсон, эсхүл нийт төмрийн хүдрийн 100%-иас тооцсон эсэх, энэ тооцоолол нь 94,630 тонн төмрийн хүдрийн нийт хэмжээнд нэмэгдсэн, эсхүл хасагдсан эсэх нь ойлгомжгүй, жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, хилээр гаргасан бүтээгдэхүүний агуулгын хувь, хэмжээнд хэрхэн хувь тэнцүүлж бодсон, энэ нь Засгийн газраас тогтоосон журам болон аргачлалд хэрхэн нийцэж байгаа талаар тодорхой үндэслэлийг актад бичих нь “татвар ойлгомжтой тодорхой” байх зарчимд нийцнэ.

27.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас энэхүү маргааныг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн буюу “дагалдах баялгийн төлбөрийг хэн төлөх, төлбөр төлөх зарчим, аргачлалыг хэрхэн тооцох” талаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох шаардлагатай гэж үзсэн, тухайн тохиолдолд “хилээр гаргасан дагалдах баялагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй, гэвч төлбөрийн хэмжээг хэрхэн тооцсон журам, аргачлалыг тодруулах шаардлагатай, уг нөхцөл байдал тодорхой бус байх тул хууль хэрэглээний хувьд хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй байна.

28.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0837 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0079 дүгээр магадлалыг “тогтоох” хэсгийн дэх 1 заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 47.8 заасныг баримтлан Татварын ерөнхий газрын, том татварын төлөгчийн газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинээр акт үйлдэхийг хариуцагчид даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ

   Ц.ЦОГТ

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 103-115 дугаар тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 34 дүгээр тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 111 дүгээр тал

[4] 2 дахь хавтаст хэргийн 151-152 дугаар тал

[5] 3 дахь хавтаст хэргийн 4 дүгээр тал

[6] 3 дахь хавтаст хэргийн 27 дугаар тал