Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2017/0016

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, ******* нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ******* нарт холбогдох “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж, Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан цалин, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс 12 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6,05,696 төгрөг нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлэхээр Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч *******, хариуцагч засаг даргын Тамгын газрын дарга ******* нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч *******ийн 2016 оны цалин 6,057,969 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж Засаг даргын тамгын газраас цалинг олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж, Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан цалин, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нар харилцан буулт хийж, эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн зарим хэсэг буюу “Ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан цалинг гаргуулах” шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.

Нэхэмжлэгчийн үлдэх “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны гадагш чиглэсэн захиргааны актыг хянахаар байна. Хүчингүй болгуулахаар маргаж байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж нь сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчилсөн дотогш чиглэсэн акт байх тул захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсгийг баримтлан ******* нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******-т холбогдох “Хөх морьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсгийг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******-т холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан цалинг гаргуулах” захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжийн захирамжлах хэсгийн 1, 2 дахь хэсэгт гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан уг шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсгийг нэхэмжлэгч, хариуцагч нар эс зөвшөөрвөл захирамжийг бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН