Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 009

 

Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

                                                                     

                Хэргийн индекс 132/2016/00034/и

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийдвэртэй,

Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй Б.Даваа, Г.Ганжаргал нарт холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 31.425.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Г.Ганжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа,

Хариуцагч Б.Даваа

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гочоо

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цэцэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Могод сумын төвд оршин суугч Г.Ганжаргалын архи ууж согтуу хариуцлага болгоомжгүйн улмаас 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 2015 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Г.Ганжаргалын зуухнаас гарсан галын улмаас Г.Ганжаргалын өөрийнх нь гэр зуны байшин залгаа хашаанд байсан миний өмчлөлийн 1990 оны үед ашиглалтанд орсон 5.5х7.5-ын харьцаатай өвлийн дүнзэн байшин шатаж миний насаараа хөдөлмөрлөж олсон эд хөрөнгө, эцгээс нь өвлөж үлдсэн эд зүйл, хүүгээ айл болохоор хэрэглэх эд зүйл зэрэг бидний тооцоогоор 50 орчим сая төгрөгийн эд зүйл маань шатаж устсан. Манай шатсан эд зүйлийг сумын комиссын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үнэлсэн үнэлгээг үндэслэн учирсан хохирлоо иргэн Г.Ганжаргал болон галыг унтраах тодорхой арга хэмжээ аваагүй Засаг дарга Б.Даваа нараар төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ хэрэг болохоос хоёр хоногийн өмнө тус сумын төвд аюул гамшигаас сэргийлэх үзүүлэх сургуулилалт аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж сумын төвийн хүмүүс галын цохиур гэх мэт зүйл авч яваад байсан боловч яг гал гарахад хувин ус хүрз, шороо цацаж унтраах арга хэмжээ аваагүй цугларсан иргэд хий л харж байгаад шатааж дуусгасан гэж олон хүн ярьж буй тул үүнд маш их гомдолтой бөгөөд тодорхой арга хэмжээ аваагүй сумын Засаг дарга Давааг иргэний хариуцагчаар татуулах хүсэлттэй байна. Учир нь уг галыг зуны байшин шатаж байхад хогийн машинаар түрж зайлуулах боломж байсан сумын Тамгын газрын галын хорыг авчирахад хор цэнэггүй, ус шүрших гэхэд мотор нь асахгүй гэх мэт галын талаар үзүүлэх сургалтын дараах өдөр гэхэд ямар ч бэлтгэл зохион байгуулалтгүй байсан нь шатаж дуусахад нөлөөлсөн. Манай хүргэн Г.Ууганбаяр нь Могод сумын 3 дугаар багт гэрт оршин суудаг. Тухайн цаг хугацаанд хэрэглэхгүй буюу байнга өмсөөд хэрэглээд байдаггүй эсвэл гамнаж хамгаалах эд зүйлээ манай байшинд хадагладаг тул нэхэмжлэлд дурьдсан үнэ түүний нэр дээр үнэлүүлсэн 7431500 төгрөгийн эд хөрөнгө манай байшинд байсан нь үнэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2-т заасныг үндэслэн Могод сумын Засаг даргын Тамгын газрын үнийн комиссын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээгээр тогтоосон шатсан эд зүйлийн үнэ болох 31425700 төгрөгийг иргэн Г.Ганжаргалаас болон Могод сумын Засаг дарга Б.Даваа нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Цэцэгээ нь дөрвөн өнчин хүүхдээ өсгөж хүмүүжүүлж яваа өрх толгойлсон эмэгтэй. Миний эцгээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгийг хэн нэгний хариуцлага болгоомжгүй үйлдэл, ганц шил архи ууж галдан шатаасан Ганжаргалаас болж устаж алга болсонд гомдолтой байна. Гал гарах үед Ганжаргал нь өөрийгөө шатаж байхыг мэдээд эмнэлэг явсан атлаа хажуу айлынхаа хүмүүст яагаад хэлж болоогүй юм бол гэж бодож байна. Мөн гал гарсан шөнө Засаг дарга Даваа Булган аймгаас 21 цагт ирсэн гээд утсаа унтраагаад унтаж байсан. Би Засаг даргыг Могод суманд ямар нэгэн гамшиг гарах үед удирдан хөтлөх ёстой гэж бодож байна. Танай байшин шатаж байна гэсэн дуудлагыг утсаар аваад сумын төвд байх байшин дээрээ ирэхэд байшин зүүн талын оройгоос шатаж байсан. Тэнд сумын иргэд цугларсан байсан бөгөөд тэнд байсан хүмүүс зүгээр хараад зогсож байсан. Засаг дарга удирдан зохион байгуулсан бол галыг унтраах боломж байсан. Галыг унтраах гээд Тамгын газраас галын хор авчираад ажиллуулах гэхэд галын хор нь дууссан байсан мөн ус цацах гэтэл мотопомп нь ажиллахгүй байсан. Миний ээж өөрийн эд хөрөнгөө 50 сая төгрөгөөр үнэлсэн ба Могод сумын үнэлгээний комисс зах зээлийн үнээс доогуур үнэлж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед ээжид маань эд зүйлийн болон сэтгэл санааны ямар ч дэмжлэг үзүүлээгүйд гомдож байна. Бид эд хөрөнгөө 2015 оны 6 дугаар сард үнэлгээний комисоор дахин үнэлүүлсэн. Бид зарим зүйлээ мартсан байсан тул нэмж дахин үнэлгээ гаргуулсан бөгөөд 23994200 төгрөгийг Г.Ганжаргал, Могод сумын Засаг дарга Б.Даваа нараас гаргуулахаар  нэхэмжилж байна гэв.

 Нэхэмжлэгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарны 31-нээс  04 дүгээр сарын 01-нд шилжих  шөнө Ганжаргал нь ахындаа нэг шил архи уучихаад гэртээ ирээд унтахдаа зуухандаа  дүүрэн мод чихээд унтсан байдаг бөгөөд гал гарч өөрөө түлэгдэж сэрээд  эмнэлэг  явсан байсан. Тухайн үед Ганжаргал эрүүл байсан бол галыг унтраах боломж байсан. Гал гарсан тухай утсаар сонсоод хөдөөнөөс мотоцикольтой орж ирэхэд сумын иргэд ирчихсэн ямар нэг гал унтраах арга хэмжээ аваагүй хараад зогсож байсан. Арга хэмжээ авсан бол галыг унтраах боломж байсан. Гал гарахад Баасан ах том машинаараа дуут дохио өгч сумын иргэдийг сэрээсэн байсан. Галаас цахилгаан утасны шонг авсан. Өөр эд зүйл авч чадаагүй.  Б.Цэцэгээгийн байшинд манай эд зүйл хадгалагдаж байсан бөгөөд 7431500 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг Г.Ганжаргалаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Ганжаргал  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2015 оны 03 дугаар сарын 31-ний шөнө гал түлээд унтаж байхад хав нохой маань хуцаад байсан. Сэрээд хартал гал гарч байсан бөгөөд миний гар түлэгдсэн байхаар нь би гэрээсээ гарч гүйгээд Засаг даргынд очоод хаалгыг нь нүдээд “гал гарчихлаа” гэж хэлэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Би эмнэлэг орж гараа боолгуулаад сувилагчид гал гарсан талаар хэлсэн. Би Засаг даргад дуут  дохио өгье гэхэд Засаг дарга хэрэггүй гээд дуут дохио өгөөгүй. Шатсан байшинд энэ хоёр айлын эд зүйл байсан эсэхийг мэдэхгүй  учраас нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Даваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө сумын Засаг даргын хувьд гал гарсан мэдээг хүлээж аваад гал гарсан газар очиход байшин шатаж байсан. Энэ галыг унтраахад сум ажиллаагүй биш ажилласан. Засаг даргын хувьд өөрийнхөө үүргийн хүрээнд дайчилгаа зарлаж гал унтраах арга хэмжээг авсан. Мөн гар утсан дээрээ зургийг нь авч нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Г.Ганжаргал  Засаг дарга дуут дохио өгье гэж байхад өгүүлээгүй гэж худал хэлж намайг гүтгэж байна. Гал гарсан мэдээг Г.Ганжаргал хугацаа алдаж мэдэгдсэнээс болж гал газар авч хүчтэй дүрэлзэн ассан. Суманд мэргэжлийн өндөр зэрэглэлийн машин тоног төхөөрөмж байхгүй. Их хэмжээтэй дүрэлзэж байгаа гал руу эд хөрөнгө хамгаал гэж хэн нэгэнд тушаал өгөх эрх надад байхгүй. Тэр гал руу ойртохын аргагүй байсан. Галтай ойрхон байсан цахилгааны утасны шонг буулгаж авах үүрэг өгч галаас шонг авсан. Машинаар ус авчирч байшингийн дээд тал руу цацсан боловч ус хүрэхгүй байсан. Гал их хэмжээтэй асаж байсан учраас тэнд байсан иргэд 20-30 метрийн зайтай зогсож байсан. Өөр бусад иргэдийн эд хөрөнгийг шатахаас хамгаалж галыг унтрааж дуусгах үүрэг өгсөн. Малчид  төвд  хашаа байшин бариад  хөдөө гараад явчихдаг түүнийг нь харах харуул хамгаалалт байхгүйн улмаас ийм зүйлүүд болж байгаа нь малчдын хариуцлагагүй байдлаас болж байна. Мөн хашаа, байшингаа хэт ойрхон барьсан нь ийм асуудал болоход нөлөөлсөн. Би чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийсэн учраас Б.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй Могод сумын Засаг дарга Б.Даваа, Г.Ганжаргал нарт холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн  30 хүртэлх хувийг хариуцагч Б.Даваагаас гаргуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Ганжаргалаас нийт 12206950 /арван хоёр сая хоёр зуун зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэцэгээд 7229950 /долоон сая хоёр зуун хорин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг, нэхэмжлэгч Г.Ууганбаярт 4977000 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянган/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  14792250 /арван дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,            

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэцэгээгээс улсын тэмдэгтийн хураамжинд 277921 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун хорин нэг/ төгрөг, нэхэмжлэгч Г.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 133854 /нэг зуун гучин гурван мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд, хариуцагч Г.Ганжаргалаас нийт 225211 /хоёр зуун хорин таван мянга хоёр зуун арван нэг/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэцэгээд 130629 /нэг зуун гучин мянга зургаан зуун хорин ес/ төгрөг, Г.Ууганбаярт 94582 /ерэн дөрвөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг  тус тус олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч  Б.Даваагаас 42887 /дөчин хоёр мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэцэгээд  олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Ганжаргал давж заалдах гомдолдоо: “...гал түймрийн аюулаас их хэмжээний хохирол учирсан. Хариуцагч Г.Ганжаргал надаас 15.305.500 төгрөгийг чөлөөлхөөр шийдвэрлэж 15.120.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүх гал унтраах үйл ажиллагаанд хариуцлагагүй хандсан сумын Засаг дарга Давааг уг төлбөрөөс чөлөөлж ядарсан надад их хэмжээний төлбөр ногдуулж байгаад гомдолтой байна. Би тухайн үед гал гарсныг мэдээд Засаг дарга Даваад тэр даруйд нь мэдэгдсэн. Засаг дарга нь тэр даруйд нь гад унтраах асуудлыг шийдэх ёстой байтал намайг цааш яв гэж хөөгөөд байсан. Өөрөөр хэлбэл сумын засаг дарга сумын хэмжээнд дуут дохио өгөөгүй, даруй арга хэмжээ аваагүйгээс гал асаж дууссан. Би гал унтраах ажиллагаанд гар бие оролцож өөрийн биед гэмтэл авч даруй эмчид үзүүлснээр одоо амьд сэрүүн явж байна.

Нэхэмжлэгч Цэцэгээ, Ууганбаяр нар манайд гал гарсныг далимдуулж их хэмжээний төлбөрийг үндэслэл муутай нэхэж байгаад гомдолтой байна. Манай гэрт гал гарсан нь үнэн боловч Ганжаргал, Ганбат нарын гэрт гарсан галын голомтыг унтраах бүрэн боломжтой байсан ба хүмүүс харж зогссоор байгаад галыг даймжруулсан. Тэр орон байранд гарсан галнаас болж би их хэмжээний төлбөрт орсондоо гомдолтой байна. Иймд хэргийн зөв шийдвэрлэж Ганжаргал намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Могод сумын засаг даргад холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Цэцэгээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан галын аюулгүй байдлыг хангах тухай хуулиар сумын Засаг дарга тодорхой үүрэг хүлээж, орон нутагтаа галын аюулгүй байдлыг хангах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тухайн суманд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн Онцгой байдлын газраас үзүүлэх сургууль хийгээд 2-3 хонож байхад гал гарсан боловч түүнийг унтраах ямар ч бэлтгэлгүй, галын хор цэнэггүй, мотоформ ажиллаагүй зэргээс тэнд цугларсан иргэд тухайн 2 айлын байшинг харж байгаад шатаасан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой  эс үйлдэхүй байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хариуцагч Даваа нь өмнө болсон анхан шатны шүүх хуралд өөрийн гэм бурууг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулсан боловч давж заалдах гомдолд гаргасан тайлбараа өөрөөр тайлбарлаж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй тул би буруугүй гэсэн нь дарга хүн үүргээ биелүүлээгүйгээс ард иргэд хохирч болно гэсэнтэй адил байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Могод сумын засаг дарга Даваагаас гэм хорын хохиролын 30 хувь болох 4.426.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр нар нь  иргэн Г.Ганжаргал, Б.Даваа гараас гэм хорын  хохиролд 31.425.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 22.994.200 төгрөг болгон багасгасан байна.

 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар баг 1 дүгээр хороонд байрлах хариуцагч Г.Ганжаргалын гэр шатсаны улмаас хажуу хашааны айл болох Б.Цэцэгээгийн 5,5х7,5 харцаатай өвлийн байшин шатаж иргэн Б.Цэцэгээд 14755000 төгрөгийн, иргэн Г.Ууганбаярт 7110000 төгрөгийн хохирол учруулсан нь зохигчдын тайлбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 4 дүгээр сарын 7-ний өдрийн 10/018 дугаар акт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчдийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. /х.х-ийн 17, 13-15, 56-57, 74-80, 92 дугаар тал/     

Монгол Улсын Иргэний хуульд ” ...бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх тухай зохицуулжээ.

Тухайн гал түймэр хариуцагч Г.Ганжаргалын буруутай үйлдлийн улмаас гарсан нь тогтоогдсон, гэм буруугүй болохоо баримтаар нотлож чадаагүй тул бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасан хэсгийн зорицуулалтыг зөв тайлбарлан хариуцагчаас, нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол нийт 15305500 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин хариуцагч Г.Ганжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нар Могод сумын засаг дарга Б.Даваа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гал унтраах арга хэмжээг  цаг алдалгүй аваагүйгээс бусдын эд хөрөнгө бүрэн шатсан тул гэм хорын хохирлыг зохих хэмжээгээр хариуцах талаар мэтгэлзэж байгаа боловч Засаг дарга хуулинд заасан ямар үүргээ биелүүлээгүйгээс хариуцлага хүлээх эсэх талаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Сумын засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд галын дуудлагыг авсан даруйдаа галыг унтраах бүхий л арга хэмжээг авсан боловч галын тархалт их хэмжээтэй байсны улмаас унтраах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хариуцагч Б.Даваа, гэрч Ж.Оюунболд, Т.Нарантуяа, Б.Баасан нарын мэдүүлэгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул сумын засаг дарга Б.Даваа нь гэм хорын хохиролыг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын дээр дурьдсан үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна   гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                     М.ХҮРЭЛБААТАР