Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183

 

Ч.Хүрэлбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаар магадлалтай, 201603000039 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Гөрөөчин овогт Чойжхорлоогийн Хүрэлбаатар нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Хүрэлбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд Ч.Хүрэлбаатарт холбогдох хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ч.Хүрэлбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.840.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх тухай өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ч.Хүрэлбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогч Б.Батжаргал, шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэг бүртгэгч хүлээн авч, Ч.Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг Аймгийн прокурорын газарт хүргүүлсэн боловч хяналтын прокурор Ш.Наранчимэг Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн шинжтэй” байна гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ч.Хүрэлбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хэрэв шүүх ингэж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл торгуулийн ялаас багасгаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” бааранд Б.Батжаргалтай маргалдан түүний махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Батжаргал /хх-11/, гэрч Э.Мөнхзул /хх-60/, Б.Циенхорол /хх-61/ нарын мэдүүлгүүд, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт /хх-14/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ч.Хүрэлбаатарыг дээрх үйлдэлд гэм буруутай болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Ч.Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг “давтан” үйлдсэн гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүх “Ч.Хүрэлбаатарт холбогдох 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Батнасанг зодож хөнгөн гэмтэл учруулсан хэргийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй...” гэж дүгнэн Ч.Хүрэлбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчилсөн нь зөв байна.

Хохирогч Б.Батжаргал хэрэг бүртгэлтийн шатанд “надад гомдол санал байхгүй, би Ч.Хүрэлбаатартай хуулийн дагуу сайн дураараа эвлэрч байна” /хх-12/, Ч.Хүрэлбаатар нь сэжигтэн, яллагдагчаар “Батжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй”, анхан шатны шүүхэд хохирогч нь “Ч.Хүрэлбаатараас нэхэмжлэх зүйл болон хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн, гэм хорын хохирол нөхөн төлөгдсөн, Ч.Хүрэлбаатар нь ялгүй үедээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулан Ч.Хүрэлбаатарт ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Ч.Хүрэлбаатар нь 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаны дараа 2011 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 10 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь заалтад зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ялтайд тооцогдох таван жилийн хугацаа нь Монгол Улсын Их хурлаас Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгогдох хууль зүйн үндэслэл бий болсны дараа Ч.Хүрэлбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Ч.Хүрэлбаатарт холбогдох хохирогч Б.Батжаргалыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ч.Хүрэлбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаар магадлалын тогтоох хэсэгт Ч.Хүрэлбаатарт ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Ч.Хүрэлбаатарт холбогдох Б.Батжаргалыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ч.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                              Б.БАТЦЭРЭН