Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00922

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01710 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн захирамжаар *******аас 1,551,000,000 төгрөг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид тодорхой хэмжээний төлбөрийг төлж барагдуулсан. Мөн эвлэрлийг баталсан захирамжид дурдсан хөрөнгөөр төлбөрийг барагдуулж байсан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, *******ын ******* байрыг 279,420,000 төгрөгөөр 2023 оны 06 сарын 12-ны өдөр үнэлснийг 2023 оны 06 сарын 12-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Төлбөр төлөгч дээрх үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн хариуцагч талаас өөр этгээдийн өмчлөлд шилжсэн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй.

Иймд, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил болон ойр орчмын бусад барилгуудтай харьцуулан үзээгүй үнэлгээ гаргасан тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 2788 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс 1,551,616,000 төгрөг гаргуулж, *******д олгож шийдвэрлэсэн. Уг ажиллагааны явцад Ү-******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, *******ын ******* байрыг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгоход 279,420,000 төгрөгөөр үнэлснийг 2023 оны 06 сарын 12-ны талуудад танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хууль болон хэрэгт цугласан нотлох баримтад нийцээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь үнэлгээний тайлан гаргахдаа ...Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартын дагуу ... өртгийн хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 хандлагыг ашиглаж байна гэх боловч үнэлгээчин орлогын аргыг ашиглаагүй, зах зээлийн хандлагын аргыг ашиглаж хөрөнгийн үнэлгээг гаргахдаа ижил шинж чанар бүхий ойролцоо байрлалтай жишиг хөрөнгөтэй огт харьцуулалт хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

4.2. Тайланд үнэлгээ хийхдээ ашигласан харьцуулсан хөрөнгүүдийн мэдээлэл байх бөгөөд 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиж үзсэн. Бодит байдалд төлбөр төлөгч *******ын ******* аймаг, ******* сум ******* баг, ******* ******* брак байр хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглагддаг. Гэтэл үнэлгээчин нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, онцлогийг бүрэн гүйцэт судлан үзээгүйгээс хөрөнгийн үнэлгээ хэт доогуур үнэтэй гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь хүн амьдрахаар тохижуулсан эсэх, агуулахын зориулалтаар ашиглаж байгаагаас шалтгаалж харилцан адилгүй үнэлэгдэг. Үнэлгээ хийхдээ ашигласан 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийн зураг хэмжээг харвал жижиг байх бөгөөд ижил зориулалтаар ашиглаж буй барилгын м.кв-ыг 601,851 төгрөг байхад маргаан бүхий барилгын м.кв-ыг 482,590 төгрөгөөр тооцон үнэлгээ гаргасан нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй гэж үзэж байна.

4.3. Түүнчлэн, үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн хандлага ашигласан гэх боловч маргаан бүхий хөрөнгөд хэдий хэмжээний материал орсон барилгын бүтээц, хийцэд огт анхаарал хандуулахгүй дүгнэлт гаргасан. Дээрх үндэслэлээр үнэлгээний тайлан нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай Сангийн сайдын тушаалын 4.7-д ...үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэд шаардлагатай ...ижил буюу жишиж болох төстэй ул хөдлөх хөрөнгийн арилжааны мэдээлэл байгаа тохиолдолд хэрэглэнэ" гэж заасныг зөрчиж тухайн үнэлгээг үнэлгээний объектын шинж байдал, онцлогт үндэслээгүй гэж үзэж байна.

4.4.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2025 оны 03 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хураан авсан тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж тайлан танилцуулах тухай албан бичиг, үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар хүссэн боловч анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээчин томилохтой холбоотой ажиллагааны үе шат, хуульд заасан хугацааг заасан бөгөөд дээрх үнэлгээчний үнэлгээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тогтоолгох зорилготой, энэ баримт нь хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд, шүүхийн шийдвэрт нөлөөлөх чухал ач холбогдолтой байсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороо, ******* брак байшинг 279,420,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2023 оны 06 сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан... гэсэн үндэслэлээр нь эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар хариуцагч ******* нь 1,551,616,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороо, ******* брак байшингийн үнэлгээг тогтоолгохоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь уг брак байшингийн зах зээлийн үнэ цэнийг 279,420,000 төгрөгөөр тогтоожээ.

5. ******* нь хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 23-ны өдөр төлбөр төлөгч *******т мэдэгдсэн, уг үнэлгээг эс зөвшөөрч ******* нь 2023 оны 06 сарын 19-ний өдөр шүүхэд анх гомдлоо гаргасан байх тул ...нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчсөн... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.  

6. Нэхэмжлэгч ******* нь дээрх үнэлгээг ...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, өөр этгээдийн өмчлөлд шилжсэн хөрөнгөд ажиллагаа явуулсан... үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус брак байшинг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, албадан дуудлага худалдаа явуулсан зэрэг ажиллагаанд гомдоогүй байх тул ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг брак байшинг хураан авсан тогтоол, шинжээч томилсон тогтоол, үнэлгээ мэдэгдэж тайланг танилцуулсан албан бичиг, албадан дуудлага худалдаа явуулсан тогтоолыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар (байршил, хэмжээ, зориулалт, хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, дотоод засал г.м)-ыг тодорхой тусгасан байх тул уг үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд, ...үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалт, шаардлагатай баримтыг цуглуулж, дүгнэлт хийж хөрөнгийн үнэлгээг гаргах ёстой, барилгын бүтээц, хийцэд огт анхаарал хандуулаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 8. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ зах зээлийн үнэ цэнийн суурийг баримталсан тухай үнэлгээний тайландаа тодорхой дурдсан байх тул ...үнэлгээчин нь өртгийн хандлага, зах зээлийн хандлага гэсэн гурван аргыг ашигласан   боловч ижил шинж чанар бүхий ойролцоо байрлалтай жишиг хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй, маргаан бүхий хөрөнгөд хэдий хэмжээний материал орсныг огт анхаараагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь харьцуулж байгаа хөрөнгүүдийн насжилт, хэмжээ, зориулалт, дотоод заслыг харгалзан холбогдох тохируулгыг хийсэн байх тул ...өөр өөр зориулалт, хэмжээ бүхий хөрөнгөтэй харьцуулсан... гэх давж заалдах гомдлыг мөн хангахгүй.

9. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь брак байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь ...брак байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн..., ...хариуцагч байгууллага нь өөр этгээдийн өмчлөлд шилжсэн хөрөнгөд ажиллагаа явуулсан... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.  

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР