Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батсайхан,

           Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805040250288 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Д, 1985 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Геологич өрмийн инженер мэргэжилтэй, Ганбаялаг Дриллинг ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стройка” ХХК-ний хашаанд байрлуулан тавьсан иргэн Д.Г-ийн эзэмшлийн 87-91 УБХ улсын дугаартай Урал 375 загварын автомашиныг “...засварлаж...” өгнө гэж авч яваад буцааж өгөлгүй, бусдад худалдан залилаж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул” гэв.

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2011 онд “Ланд Дрилл” ХХК-с 28.000.000 төгрөгөөр 87-91 УБХ улсын дугаартай Урал маркийн автомашин худалдаж авсан ба тухайн үед миний бичиг баримт олдохгүй байсан учраас найз Д-гийн нэр дээр шилжүүлж авсан байсан юм. Уг машины мотор халаад ээлж хийгээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стройка” ХХК-ний хашаанд тавьсан байсан. Тэгэхэд надтай ажил хэргийн холбоотой байсан Д- 2016 оны сүүлээр 2017 оны эхээр уулзаад Уралыг минь засаад өгье гэж ярьж байсан юм. Тэгээд 2017 оны 3 дугаар сард хашаан дээрээ иртэл Урал маань алга болчихсон байхаар нь манаачаасаа асуусан чинь хоёр хүн өвөл 01 дүгээр сард ирээд “хашааны эзэнд нь хэлчихсэн байгаа гэж хэлээд аваад явсан шүү дээ” гэхээр нь би Д-тэй утсаар холбогдож “чи Урал аваад явчихсан юм уу” гэхэд Д- “тиймээ би авчихсан байгаа удахгүй засаад өгье” гэсэн боловч одоог болтол машиныг маань өгөхгүй байгаа юм. Машинаа нэхэхээр “байгаа, удахгүй янзлаад өгнө” гэж худлаа ярьж явж байгаад сүүлдээ зугтааж алга болж байгаад одоо цагдаад хандлаа гэсэн чинь “хүнд барьцаанд тавьчихсан” гэж хэлээд байгаа юм. ...Б.Д хохирлоо барагдуулаагүй байгаа. Мөнгө нэхэмжлэхээр өгнө гэж хэлээд өгөхгүй байгаа. Б.Д нь надад одоо ажил авч байна, өнөө маргаашгүй өгнө гээд худлаа яриад яваад байдаг, ажил авах гэж байгаа авчихаараа өгнө гэж хэлээд худлаа яриад байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч Г.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Д-гээс барьцааг чөлөөлж авсан 4.000.000 төгрөгөө өг гэхэд Д- “надад нэг Урал машин байгаа тэрийг та засуул засаад засахгүй бол зараад хохирлоо барагдуулаад ав” гэхээр нь би 2017 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна ДЦС-4 ТӨХК-ний зүүн талд байх хашаанаас очиж уг Урал машиныг зардал гарган чирч өөрийн хашаандаа аваачсан юм. ...Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, бичиг баримт нь компанийн нэр дээр байдаг шаардлагатай гэвэл дараа нь өгье гэж хэлсэн юм. Д- нь миний машин байгаа юм та 4.000.000 төгрөгийнхөө оронд янзлаад авбал ав, аль эсхүл задлаад зараад ав гэж надад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 86-87/,

Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 онд 87-91 УБХ улсын дугаартай Урал маркийн автомашиныг Г- ажилдаа ашиглахаар худалдан авсан юм. Тухайн үед Г-эд бичиг баримт байгаагүй учраас намайг чи өөрийнхөө нэр дээр авчхаарай гэж хэлсэн болохоор би тухайн үед өөрийнхөө нэр дээр авсан юм...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай хашаанд байсан Урал маркийн автомашинийг Г-ийн найз гэх Д- ирээд надад Г- ав гэсэн гээд бас нэг том Урал машинаар хатуу холбоо хийгээд чирээд аваад явсан. Би захирал Г- зөвшөөрсөн байх гэж бодоод өгөөд явуулсан. Тэрнээс хойш 2017 оны 5 дугаар сард захирал Г- “энэ хашаанд байсан Урал машин яасан бэ” гэхэд би “танай найз Д- таныг ав гэж хэлсэн, тэгээд машинаар чирээд аваад явсан шүү дээ” гэж хэлэхэд Г- захирал найз Д-тэй яриад дараа нь машинаа олсон гэж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Манай хашаанд байсан 87-91 УБХ улсын дугаартай Урал маркийн машины эд анги нь бүрэн байсан, зүгээр асааж ажилд явж байгаад 2017 оны 10 дугаар сарын эхээр хүйтрээд хашаанд оруулж ирж тавьж байсан болохоор зүгээр эвдрэл гэмтэлгүй зуны улиралд асаагаад ажилд явдаг машин байсан юм...” /хх-н 67-69/,

Сэжигтэн, яллагдагч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-ыг дагуулан Г-ийн Урал машин байсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стройка ХХК-ний хашаанд очиж үзүүлээд Г-тэй утсаар холбогдоод “би энэ Урал машиныг чинь засуулахаар найздаа өгьчихье, хавар засаад ажилдаа гаргъя гэхэд Г- нь зөвшөөрөхөөр нь би тухайн хашааны манаачид энэ хүн энэ Урал маркийн автомашиныг авч явна шүү” гэж хэлчихээд яваад өгсөн юм. ...Тэгээд дараа нь 2017 оны 6 дугаар сард байсан байх Б- над руу залгаад би мөнгөө авмаар байна, энэ машины бөгсийг хүн авъя гээд байна гэхээр нь би мөнгөгүй байсан болохоор болохгүй бол өгөлдөө гээд хэлчихсэн. Тэгээд би сүүлд нь 2017 оны 9 дүгээр сард Б-ы хашаанд нь очсон чинь Г-ийн Урал байхгүй байхаар нь “яасан юм бэ” гэж асуусан чинь бөгс, редүктер хоёрыг нь задалж зараад үлдэгдлийг нь төмрийн хогонд өгчихсөн хоёулаа ингээд салъя гэж хэлсэн... Яллах тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад мөнгө байхгүй өр, шир нэхэгдээд байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17, 79-80/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 18-37, 39-57, 82/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 71/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж буюу “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлаагүй байна.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх  хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх дээрх зүйл, заалтыг журамлан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүхээс  журамлаж хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стройка” ХХК-ний хашаанд байрлуулан тавьсан иргэн Д.Г-ийн эзэмшлийн 87-91 УБХ улсын дугаартай Урал 375 загварын автомашиныг “...засварлаж...” өгнө гэж авч яваад буцааж өгөлгүй, бусдад худалдан залилаж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Г-ийн: “...надтай ажил хэргийн холбоотой байсан Д- 2016 оны сүүлээр 2017 оны эхээр уулзаад Уралыг минь засаад өгье гэж ярьж байсан юм. Тэгээд 2017 оны 3 дугаар сард хашаан дээрээ иртэл Урал маань алга болчихсон байхаар нь манаачаасаа асуусан чинь хоёр хүн өвөл 01 дүгээр сард ирээд “хашааны эзэнд нь хэлчихсэн байгаа гэж хэлээд аваад явсан шүү дээ” гэхээр нь би Д-тэй утсаар холбогдож “чи Урал аваад явчихсан юм уу” гэхэд Д- “тиймээ би авчихсан байгаа удахгүй засаад өгье” гэсэн боловч одоог болтол машиныг маань өгөхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Г.Б-ы: “...Д-гээс барьцааг чөлөөлж авсан 4.000.000 төгрөгөө өг гэхэд Д- “надад нэг Урал машин байгаа тэрийг та засуул, засаад засахгүй бол зараад хохирлоо барагдуулаад ав” гэхээр нь би 2017 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна ДЦС-4 ТӨХК-ний зүүн талд байх хашаанаас очиж уг Урал машиныг зардал өгнө гарган чирч өөрийн хашаандаа аваачсан юм. ...Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, бичиг баримт нь компанийн нэр дээр байдаг шаардлагатай гэвэл дараа нь өгье гэж хэлсэн юм. Д- нь миний машин байгаа юм та 4.000.000 төгрөгийнхөө оронд янзлаад авбал ав, аль эсхүл задлаад зараад ав гэж надад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 86-87/, гэрч Б.С-гийн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай хашаанд байсан Урал маркийн автомашинийг Г-ийн найз гэх Д- ирээд надад Г- ав гэсэн гээд бас нэг том Урал машинаар хатуу холбоо хийгээд чирээд аваад явсан. Би захирал Г- зөвшөөрсөн байх гэж бодоод өгөөд явуулсан. Тэрнээс хойш 2017 оны 5 дугаар сард захирал Г- “энэ хашаанд байсан Урал машин яасан бэ” гэхэд би “танай найз Д- таныг ав гэж хэлсэн, тэгээд машинаар чирээд аваад явсан шүү дээ” гэж хэлэхэд Г- захирал найз Д-тэй яриад дараа нь машинаа олсон гэж байсан...” /хх-н 67-69/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч Д.Г- нь тухайн машины өмчлөгч биш, машин А.Д-гийн нэр дээр байдаг тул хохирогчийг нарийн тогтоох, шинжээчийн үнэлгнээ үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр тухайн Урал автомашин нь гэрч А.Б-гийн нэр дээр байх боловч гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн автомашин нь хохирогч Д.Г-ийн худалдан авсан, түүний эзэмшил, өмчлөл, ашиглалтанд байх автомашин гэдэг нь нотлогдож байна.

Мөн тусгай мэдлэг бүхий хууль сануулж гаргасан үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Г-ийн Урал автомашиныг засаж өгнө гэж хуурч, бусдад худалдан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 18.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Шижиртуяад олгох нь зүйтэй.

Шүүгдэг Б.Д нь хохирогчтой уулзаж хохирлыг төлөх талаар ярилцсан. Хамтран ажил хийж хохирлыг төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Дг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид  1 жил 5 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Дгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Дд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Дг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.Дгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх хугацааг 6 сарын хугацаатай тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 18.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-эд олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР