Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 98

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч А.О, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.О, Ж.Б нарт холбогдох 1935002260115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... оршин суух, А.О Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй.

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ... тоотод оршин суух, Ж.Б 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хорих ял шийтгэгдэж, 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.О, Ж.Б нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А. Б “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай хороололд байдаг, ... миний хуурай дүү Э.Н-ийн гэр бүрэх ёслол тэдний хашаанд болсон юм ... би эхнэр Б.Т-ийн хамт орой 19 цагийн үед тэдний найранд очсон ... Э.Н та жаахан суугаад найрлаж байгаад харьтан гэж надад хэлэхэд би эхнэрээ явуулчхаад үлдсэн ... шөнийн 00 цагийн үед Э.Н миний машин бариад намайг хүргэж өгөх гээд явах гэж байхад би машиндаа суучхаад Э.Н-тай хамт зэргэлдээ хашаанд байдаг миний хүргэн ах Ж.Б-ын гэрт орчихоод явъя гэж хэлсэн гэсэн тэгээд би хүргэн ахынхаа гэрт орсныг санахгүй байна тэр үед юу болсныг сайн санахгүй байна би нэг мэдэхэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 05 цагт ухаан ороход миний толгойны баруун шанаанаас эрүү хүртэл хавдсан байдалтай, зүүн гуяны араас нохойнд хазуулсан байдалтай 4 шүд орсон..., зүүн талын ташаа хөхөрсөн..., зүүн гар сугаараа хөхөрсөн..., баруун гарын ар хөхөрсөн..., зүүн хөлийн шагайнд нохойны 3 шүд орсон... шархтай байсан юм. Тэгээд Э.Н-г манайд ирэхэд нь би яасан юм бэ, чи намайг гэрт хүргэнэ гэсэн яасан бэ? намайг хэн зодсон юм бэ? гэж асуухад Э.Н нь... таныг таны хүргэн ах Ж.Б, Б-ын эхнэр таны төрсөн эгч А.О нар таныг зодож, нохойгоор бариулж, уруулсан гэж надад хэлсэн юм. Э.Н нь би таныг салгаж авах гэхэд намайг нохойгоороо бариулах гээд, намайг зодох гээд... байхаар нь би айгаад зугтаад явчихсан юм гэж надад хэлсэн юм.

... Би тухайн үед ... ухаангүй болтлоо согтсон байсан юм шөнө дунд нэг ухаан ороход намайг хүн зодож байгааг муухан мэдсэн бас нохой намайг хазаж байгаа өвдөлтийг мэдэрч нэг удаа ухаан орсон тэгээд буцаад ухаангүй болсон байсан, намайг миний хүргэн ах Ж.Б, төрсөн эгч А.О нар модоор цохисон гэж надад Э.Н хэлсэн юм.

... надад Ж.Б, А.О нараас нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдол байхгүй...” /хх-ийн 26-28 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

2. Гэрч Э.Н-гийн “...2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би А.Б ахын машиныг бариад тэдний гэр лүү явж байтал А.Б ах ... би хүргэн ах Ж.Б-ын гэрт ороод гармаар байна, надад хэлэх үг байна гээд ... дахин дахин хэлээд байхаар нь би яг манай арын хашаанд байдаг ... Ж.Б-ын ... гэрт орсон юм. Ж.Б-ын хашааны хаалга цоожтой байсныг А.Б ах өөрөө гаднаас нь гараараа онгойлгоод орсон юм. Тэгээд А.Б хүргэн ах Ж.Б-ын гэрт нь орсон тэдний зурагт нь асаалттай байсан юм. Тэгээд А.Б нь төрсөн эгч А.О-тай та миний ээжийг энэ хаваржин ... мод үүрүүллээ, та нар миний гэрийн хаяа руу үнс цацахаа больтон манай хүүхэд ... айлгаж уйлаад байна гэж хэлсэн юм. ...Ж.Б нь та нар гарч хэрүүлээ хийцгээ гэж хэлээд А.Б, А.О хоёрыг гэрээсээ хөөж гаргасан юм. ...би А.Б-ийг дагуулаад ... тэдний хашааны хаалганы хажууд очиж байтал араас нь эгч А.О нь чи тэр Б ламтайгаа нийлж аваад хараалаа хийгээд ирэхгүй юу гэж хэлсэн тэр үед А.Б би тэр хүнийг чинь мэдэхгүй, би гурван охинтой ганц хүүтэй хүн та нар өөрсдөө тэр хүнтэйгээ учраа олохгүй юу гэж хэлсэн юм тэгээд эгч А.О нь чи миний ганц охиныг амандаа барилаа гэж ... гартаа мод барьж ирээд нуруу, дал орчим газарт нь 2-3 удаа цохиж байтал хойноос нь нөхөр Ж.Б нь ирээд А.Б-ийг татаж газарт унагаад дээрээс нь гараараа хэд хэдэн удаа А.Б-ийн нуруу, гар, дал, мөрний орчим ... цохиод, толгой руу нь 4-5 удаа өшиглөөд тэгээд цааш яваад алд орчим урттай, ...гарын бугуйны дайтаа бүдүүн мод авч ирээд А.Б-ийн дал, нуруу, сээр орчим газарт 3-4 удаа ... Ж.Б зодсон юм. Тэгж байтал тэдний нохой нь гүйж ирээд А.Б-ийн шагай орчим газраас ...хазсан юм. Эхнэр А.О нь нохойгоо салгаад цааш хөөсөн ...тэр үед А.Б яа яа нохой хазчихлаа гэж орилж байхад ... Ж.Б нь нохойгоо дуудаад барь барь гээд хэлсэн юм. Тэгээд уг нохой нь намайг барих гээд хөөхөд би зугтаад тэдний хашаанаас гараад хашааны хаалгыг нь дарсан байхад ... Ж.Б нь хойноос ирээд ... авч ирсэн хүнээ авч яв гэж надад хэлсэн юм. Тэгээд би танай нохой сул байна намайг таны нохой барина гэж хэлэхэд хуцаад бай чи авч ирсэн хүнээ авч яв гэж надад дахин хэлсэн юм тэгээд Ж.Б ах намайг модоор цохих гэхэд би цааш зугтаад явчихсан юм. Уг мод намайг онож цохиогүй, миний хувцас шүргээд өнгөрсөн юм тэгээд би цааш гэр лүү явтал тэдний нохой ... хашаанаас гараад ирсэн юм тэр үед би А.Б-ийн машинд орж суусан тэгээд тэдний нохой нь хашаа руугаа буцаад орсон юм. Тэр үед А.Б тэдний хашаан дотор нь том хаалганыхан хажууд байсан юм. ...би А.Б-ийг нааш хүрээд иртэн гэж дуудахад намайг нохой барьчихлаа гэж хэлээд суучхаад босож чадахгүй байсан юм. Тэгээд би ах дүү хүмүүс учраа олох байлгүй гэж бодоод хаячхаад явж гэр лүүгээ орсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Т-ийн “....манай нөхөр гэртээ ирж хоноогүй юм. Манай доод талын хашааны О гэдэг эгчийн гэрт орж хоносон байсан тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 05 цагт тэдний гэрт орж би нөхөр А.Б-ийг авсан юм тэр үед миний нөхөр А.Б нь толгой нь хавдсан, биеийнхэн олон газарт хөхөрч, шархалсан байдалтай, зодуулсан бас нохойнд хазуулсан байдалтай байсан юм. Тэгээд би нөхөр А.Б-ийг гэртээ авч ирээд асуухад намайг миний төрсөн эгч А.О, нөхөр Ж.Б хоёр хоёулаа дэмнэж зодлоо бас нохойгоороо намайг ид ид гэж хэлээд ... бариулсан гэж надад хэлсэн юм ...” /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

4. Гэрч Д.О-ын “...2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би гэртээ ганцаараа унтаж байтал шөнийн 00 цагаас 01 цаг үед манай гэрт манай дээд талын хашаанд оршин суудаг манай хөрш айлын А.Б нь манай гэрт гаднаас ганцаараа орж ирсэн юм. Тэр үед А.Б-ийн хамар, ам нь хавдсан байдалтай, гуяндаа нохойн бариулсан байдалтай, гуя орчим газраас нь цус гарсан байдалтай манайд ирсэн юм. ...Тухайн үед А.Б нь намайг хүн зодлоо, намайг нохой барьчихлаа, та гэрч бол би үхлээ, миний 4 хүүхэд өнчирч үлдэх юм байв гэж хэлж байсан юм...” /хх-ийн 33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.О-ын “Би 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн А.Б-ийн биеийг үзэж 412 дугаартай дүгнэлт гаргасан. Би тухайн үед А.Б-ийн биеийг үзэхэд биед нь баруун зүүн өгзөг, зүүн гуянд урагдсан шарх, зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун завж, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд учирсан байсан. Үүнээс баруун, зүүн өгзөг, зүүн гуянд урагдсан шарх, зулгаралт гэмтлүүд нь нохойнд хазуулсны улмаас үүссэн байсан мөн баруун, зүүн бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн тухайн үед А. Б нь нохойн эзэнд зодуулсан нохойд нь хазуулсан гэж ярьж байсан тул нохойнд хазуулсан гэмтлүүдийг /нохойн шүд орж урагдсан шарх бүхий гэмтлүүд/ ялгаж гэмтлийн зэргүүдийг тогтоосон юм..." /хх-ийн 37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "....Үзүүлэгч А.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун, зүүн өгзөг, зүүн гуянд урагдсан шарх, зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун завж, доод уруулын салстад зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ /баруун, зүүн өгзөг, зүүн гуянд урагдсан шарх, зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь нохойд хазуулсны улмаас үүссэн байна/. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинээр үүссэн гэмтлүүд байна. Баруун, зүүн өгзөг, зүүн гуянд урагдсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун зүүн бугалга, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно ..." /хх-ийн 13 дугаар хуудас/ гэх 412 дугаартай дүгнэлт,

7.Шүүгдэгч Ж.Б-ын “... би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, би энэ хэргийг үйлдсэн үнэн. ... А.Б  манай бага хүүхдийг ламаар хараалгаж ална гээд орилоход манай эхнэр уурлаад А.Б дээр явж очоод маргалдаад зодолдоод эхэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд гэрээс гарч А.Б дээр очиход А.Б газар уначихсан ... байхаар нь би А.Б-ийг чи миний хүүхдийг заналхийллээ гэж хэлээд тавчиктай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, цээж, гэдэс, хөл хэсэг рүү нь өшиглөсөн нь үнэн юм.

...Тухайн үед намайг гэрээс гараад манай эхнэр А.О, А.Б-тэй барьцалдаж аваад зодолдож байсан яг яаж зодсон эсэхийг нь анзаараагүй юм. Маргааш нь манай эхнэр надад хэлэхдээ манай жижиг хүүхдийг хараан гэхээр нь миний уур хүрээд А.Б-ийг жижиг модоор хүзүү, нуруу руу нь цохиод ам руу нь гараа оруулж байгаад завжнаас нь татаад цус гаргасан гэж хэлсэн ...” /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

8. Шүүгдэгч А.О-ын “... А.Б, Э.Н нар манай хашааны үүдэн дээр очоод гарч яваад А.Б хариу эргээд над руу хандаж гарсан ганц охиныг чинь хараал хийлгэж иднэ гэж хэлэхээр нь гэнэт миний уур хүрэхээр нь газар хэвтсэн хавтгай мод аваад уурандаа очоод А.Б-ийн нуруу, хүзүү, толгой хэсэг рүү нь 2-3 удаа модоороо зодоод, А.Б над руу эргээд намайг зодох гэж байгаад газар уначихаар нь би гараа ам руу нь оруулж байгаад татчихсан чинь амнаас нь цус гарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/зэрэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№412/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч А.О, Ж.Б нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-ийг урьдын таарамжгүй харьцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч А.Б, гэрч Э.Н, гэрч Б.Т, гэрч Д.О нарын мэдүүлгээр болон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 412 дугаар дүгнэлт, шинжээч эмч Н.О-ын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.О, Ж.Б нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр хохирогчтой эвлэрсэн нь хохирогч А.Б-ийн “... надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ... 157.500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна... ” гэх мэдүүлгээр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.О, Ж.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч А.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсны улмаас 157.500 /нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийн хор уршиг учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 96-98 дугаар хуудас/ тогтоогдож  байна. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч А.Б нь шүүгдэгч нартай эвлэрсэн, гомдол саналгүй тул 157.500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болно. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч А.О, Ж.Б нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч А.О, Ж.Б нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэвч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанарыг харгалзан прокуророос сонсгосон шүүгдэгч тус бүрд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.О, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Ж.Б-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА