Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01250

 

 

 

 

 

 

 

 

*******ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06764 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч байгууллагаас хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2025 оны 01 сарын 29-ний өдөр гаргасан ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******оос 64,394,988 төгрөгийг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,705,012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр ******* 2019 оны 10 сарын 04-ний өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байх эзэмших эрхийн ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий газрыг тус тус битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ.

Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилжээ.

 

4. Дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч байгууллага, шинжээчийн хооронд хөрөнгийн үнийг тогтоолгохоор ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохиролцдог тул шинжээч хөндлөнгийн байх боломжгүй, шинжээчийг хэрхэн ямар журмаар томилсон нь тодорхойгүй гэсэн агуулгаар үндэслэлээ тодорхойлсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн ******* дугаартай Түр журам батлах тухай тушаалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам-ыг, мөн шинжээчийг сонгон шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг баталжээ. Тус журамд зааснаар комисс нь шинжээчийн сонгон шалгаруулалтыг жил бүр зохион байгуулж шалгаруулахаар /журмын 3-р зүйл/ заасан бөгөөд ийнхүү шалгаруулсан шинжээчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн харьяа шийдвэр гүйтэтгэх газар, хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд /журмын 4-р зүйл/ оролцуулахаар заажээ.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээчин *******ыг шинжээчээр оролцуулахдаа хууль болон дээрх журмыг баримталсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй буюу шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, шинжээч хөндлөнгийн байж чадаагүй гэсэн үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

Төлбөрт хураагдсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон хариуцагчийн ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасан ба үүнд мөн хуулийн 44.2.9-т битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах ажиллагаа хамаарна.

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх арга хэмжээ, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тал гомдлоо мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болох бөгөөд мөн шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах зохицуулалттай. Нэхэмжлэгч энэхүү урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч талаас энэ талаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2025 оны 05 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл уг хариуг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч талын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж дүгнэх боловч хуульд тусгайлан заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Мөн анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцуулахтай холбоотой зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүйн зэрэгцээ хуульд байхгүй заалтыг мөн тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 125 дугаар зүйлийн 125.5 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 125 дугаар зүйлийн 125.5-д ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ