| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 103/2019/0103/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/103 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар Хуурч овогт Р.Бд холбогдох эрүүгийн 1907002500093 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 2-11 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн ********** дугаартай, Хар хуурч овогт Р.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 6-14 тоот хашаанд өөрийн эзэмшлийн 95-86 УНМ улсын дугаартай Сузуки Свифт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны 1 нас 6 сартай М.Мөлдиркаусарыг мөргөж зүүн дунд чөмөг ясны далд хугарал, толгойн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтэй бүгдийг ярьсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мулгуйлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 сарын 21-ний орой 20 цагийн үед манай эхнэр над руу яриад “охин машинд дайруулсан” гэж хэлсэн. Ослын улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.
гэрч К.Жансаулегийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлгийн 6-14 тоотод байх айлд очоод хашааны хаалга онгорхой байсан учир такси шууд хашаа руу орсон. Тэгээд машинаас бүгдээрээ буугаад тороо арын суудлаас нь аваад хаалгыг нь хаагаад нөгөө машин хөдөлсөн. Энэ үед нэг эмэгтэй хүүхэд дайрчихлаа гээд орилсон тэр үед машин зогссон байхаар нь доогуур хүүхдийг татаж гаргасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүгдэгч Р.Бат-Эрдэнийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 5 дугаар сарын 21-ний 20 цагийн үед хүн хүргэж өгөөд нөгөө хүмүүс машины хаалга хаахаар нь урагш дөнгөж хөдөлтөл халуун савтай цай бариад байшингаас гарч ирсан эмэгтэй хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №08 шэ/287 дугаар:
“1. М.Мөлдиркаусарын биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Налайх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Даштогтохын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаар: “95-86 УНМ Улсын дугаартай SUZUKI SWIFT маркын тээврийн хэрэгслийн жолооч Р.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 ““Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Явган зорчигч М.Мөлдиркаусарын нь ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл байхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10 дугаар хуудас/ иргэний үнэмлэхийн лавлагаа, Налайх дүүргийн 3 р хорооны тодорхойлолтзэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 6-14 тоот хашаанд өөрийн эзэмшлийн 95-86 УНМ улсын дугаартай Сузуки Свифт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бага насны 1 нас 6 сартай М.Мөлдиркаусарыг мөргөж зүүн дунд чөмөг ясны далд хугарал, толгойн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мулгуйлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 сарын 21-ний орой 20 цагийн үед манай эхнэр над руу яриад охин машинд дайруулсан гэж хэлсэн. Ослын улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг гэрч К.Жансаулегийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлгийн 6-14 тоотод байх айлд очоод хашааны хаалга онгорхой байсан учир такси шууд хашаа руу орсон. Тэгээд машинаас бүгдээрээ буугаад тороо арын суудлаас нь аваад хаалгыг нь хаагаад нөгөө машин хөдөлсөн. Энэ үед нэг эмэгтэй “хүүхэд дайрчихлаа” гээд орилсон тэр үед машин зогссон байхаар нь доогуур хүүхдийг татаж гаргасан.” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Р.Бат-Эрдэнийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 5 дугаар сарын 21-ний 20 цагийн үед хүн хүргэж өгөөд нөгөө хүмүүс машины хаалга хаахаар нь урагш дөнгөж хөдөлтөл халуун савтай цай бариад байшингаас гарч ирсан эмэгтэй “хүүхэд дайрчихлаа шүү дээ” гээд орилсон...” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №08 шэ/287 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даштогтохын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Р.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Хар хуурч овогтой Раашийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд мөрдөн байцаалтанд тохиролцсон гэх 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь тохиролцсон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн тухай санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд уг зүйлд заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч хохирол төлбөрийг төлсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хавсаргагдсан шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар Хуурч овогт Раашийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД