Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00923

 

  *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 193/ШШ2025/00167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөг тус тус гаргуулах, ******* улсын дугаартай, Приус-20 маркийн автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 3,360,000 төгрөг, илүү олгосон ажлын хөлс 12,648,930 төгрөг, түрээсийн төлбөр 4,573,600 төгрөг, хэрэглээний зардал 1,701,500 төгрөг тус тус гаргуулах, автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, автомашины торгууль 130,000 төгрөгийг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2021 онд ******* ХХК-ийн захирал *******тай анх зарын дагуу холбогдож ******* аймагт цэцэрлэгийн барилгын өрлөг, шавар, плитаны ажил хийхээр амаар тохирсон. Хоол, байрны зардлыг хасч тооцоод плита 1 м.кв нь 12,000 төгрөг, ханын шавар 1 м.кв нь 12,000 төгрөг, өрлөг 1 м.кв нь 15,000 төгрөг, бетон шал 1 м.кв нь 10,000 төгрөг байхаар тохирсон. Туслах ажилтан гаргаж өгнө, цалинг нь компани хариуцна гэхээр нь би зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны 04 сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 сарын 05-ны өдөр, 2022 оны 05 сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сар хүртэл нийт 11 сарын хугацаанд ******* аймаг, *******сумын Гурван сайхан хороололд баригдаж байсан 200 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга дээр очиж ажилласан. Дээрх хугацаанд туслах ажилтан ******* /миний ах/, ******* /*******гийн нөхөр/ нарын хамт хана, шалны плита наах, хамар хана, 00, довжооны өрлөг, ханын шавар, бетон шал, гадна тохижилт, довжоо, хаяавч зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Миний гүйцэтгэсэн нийт ажил, түүний хэмжээ, ажлын хөлсийг тооцвол хана, шалны плита наах 300 м.кв х 12,000 = 3,600,000 төгрөг, ханын шавар 1,000 м.кв х 12,000 = 12,000,000 төгрөг, өрлөг 300 м.кв х 15,000 = 4,500,000 төгрөг, бетон шал 1,800 м.кв = 18,000,000 төгрөг, гадна тохижилт 8,000,000 төгрөг, бүгд 46,100,000 төгрөг болсон. Плитаны ажлын хувьд нийт 600 м.кв, үүнээс ******* бид хоёр хувь тэнцүү буюу аль аль нь 300 м.кв наасан, шаврын ажлын хувьд нийт ажлын хэмжээ 2,000 м.кв, үүнээс н.Гантулга бид хоёр хувь тэнцүү буюу аль аль нь 1,000 м.кв хийсэн, өрлөг, бетон шалны ажлын хувьд би дангаар гүйцэтгэсэн, гадна тохижилтын ажлын хувьд ******* бид хоёр хийж гүйцэтгэсэн. Дээрх бүх ажилд миний ах ******* туслах ажилтнаар ажилласан.******* ХХК нь миний ажлын хөлсөнд 2022 оны 07 сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл ажлын хөлс 29,100,00 төгрөг. Үүнээс хасагдах өөр нэг дүн нь нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 3,120,000 /13 сар х 240,000/ төгрөг. Иймд үлдэгдэл 25,980,000 төгрөгийг хариуцагч******* ХХК, ******* нараас гаргуулна. Мөн 2023 оны 05 сард******* ХХК-ийн захирал ******* надтай холбогдож ******* аймагт эмнэлгийн барилга дээр ажиллаач гэхээр нь би зөвшөөрсөн. Санхүүжилтээ авахаар өмнөх ажлын хөлсний үлдэгдлийг өгнө гэсэн. Үүний дагуу 2023 оны 05 сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл ******* аймаг, ******* сумын төвд баригдаж байсан эмнэлгийн барилга дээр ажилласан. Миний гүйцэтгэсэн нийт ажил, түүний хэмжээ, ажлын хөлсийг тооцвол ханын шавар 600 м.кв х 12,000 = 7,200,000 төгрөг, өрлөг 50 м.куб х 70,000 = 3,500,000 төгрөг, бүгд 10,700,000 төгрөг болсон. Нийт гүйцэтгэсэн ханын шаврын ажил 1,800 м.кв, гуравны нэгийг манай баг гүйцэтгэсэн. Нийт гүйцэтгэсэн өрлөг 150 м.куб, үүнийг гуравны нэгийг манай баг гүйцэтгэсэн. Үүнээс******* ХХК миний ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг өгсөн. Иймд, үлдэгдэл 9,700,000 төгрөгийг хариуцагч******* ХХК, ******* нараас гаргуулна.

Миний бие *******д 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 сарын 14-ний өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр нийт 14,260,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. ******* нь тэрээр одоо хэр нь авсан зээлээ өгөөгүй өдийг хүрч байна. Иймд хариуцагч *******гаас 14,260,000 төгрөгийг гаргуулна.

2022 оны 11 сард ******* надад Налайхад түрээсийн байранд 1 сар бай, байрыг чинь би ярьсан, түрээсийн хөлсөнд өгөх 300,000 төгрөгийг надад өгчих гээд 300,000 төгрөг авсан. Миний хувьд түрээсийн гэх байранд нэг ч хоноогүй. Мөн ******* нь жолооны үнэмлэхгүй болохоор чинь чамайг жолооны курсэд бүртгүүлсэн, төлбөр нь 600,000 төгрөг, энэ мөнгийг нь би өгсөн, мөнгөө өгөөрэй гэхэд нь өөрийн данснаас 600,000 төгрөг авч өгсөн. Сүүлд мэдэхэд ******* нь намайг жолооны курсэд огт бүртгүүлээгүй байсан гэдгийг мэдсэн. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулна.

2022 оны 11 сарын 25-ны өдөр******* ХХК, ******* нар цэцэрлэгийн барилгын ажлын хөлс 12,000,000 төгрөгт тооцож Приус-20 автомашиныг надад өгсөн. Уг автомашин нь 9 сар гаруй хугацаанд миний эзэмшил, ашиглалтад байсан хэдий ч нэр дээрээ шилжүүлж аваагүй тул уг автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч******* ХХК, *******, *******эс гаргуулна гэжээ.

2. Хариуцагч******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ******* нь ажил гүйцэтгэх гэрээг *******тай амаар тохиролцсон.******* ХХК-ийн зүгээс *******тай ямар нэг байдлаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Огт үндэслэлгүй худлаа зүйлийг нэхэмжлэлдээ бичжээ. Хийсэн ажлынхаа м.кв, үнэлгээ, ажлын хөлс зэргийг нэмж, бүтэн нугалж тооцоо гаргаж өгсөн байна. ******* аймаг, ******* сумын ажлыг авахын өмнө өмнөх тооцоог бүгдийг нь дуусгасан байсан. Ингээд 2023 оны 05 сарын сүүлээр *******, ******* сумын ажлыг тохиролцоод ажлын хөлс 1,000,000 төгрөг аваад, мөн наадмын өмнө миний хүү *******ийн автомашиныг 2-3 хоног авч яваад ирнэ гээд тэр чигтээ алга болсон. Иймээс ажлын хөлс гэх 23,680,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин би илүү 4,900,000 төгрөг төлсөн байна.

Миний бие *******аас 8,000,000 төгрөг зээлж авсан ба үүнийгээ 2022 оны 01 сарын 07-ны өдөр 850,000 төгрөг, 02 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 02 сарын 17-ны өдөр 2,260,000 төгрөг, 03 сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, *******ын нийгмийн даатгалд 2022 оны 06 сараас 2023 оны 07 сарыг дуустал 3,360,000 төгрөг төлж тус зээлээ дуусгасан.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 900,000 төгрөгийг миний бие аваагүй. Байрны түрээс гэсэн утгатайгаар ******* гэх хүний данс руу 600,000 төгрөгийг ******* өөрөө шилжүүлсэн тул *******гээс нэхэмжлэх ёстой байх. Жолооны курсэд сурах гээд *******гэх хүний данс руу 600,000 төгрөгийг ******* өөрөө шилжүүлсэн тул *******аас нэхэмжлэх ёстой байх.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

4. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: ******* гэх хүнтэй миний бие ямар нэг гэрээ хийгээгүй, автомашинаа түүнд өгөөгүй. ******* нь 2023 оны 07 сарын 09-ний өдөр ээжээс миний өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг 2-3 хоног аваад өгье гэж гуйгаад авч явсан. Гэтэл ******* нь уг автомашиныг ажлын хөлсөндөө авсан гэж худал нэхэмжлэл гаргасан байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь *******ын тавьсан саналын дагуу түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Тухайн төлбөрийг *******ын ажлын хөлснөөс суутгахаар тохирсон байсан. Үүний дагуу *******ын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн нийт 3,360,000 төгрөгийг манайд төлөөгүй байна.

Иймд *******аас 3,360,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

6. Хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч миний нийгмийн даатгалын шимтгэлд******* ХХК-аас төлсөн 3,120,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт авах ажлын хөлснөөс хасч тооцож тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

7. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Анх *******тай миний бие ажил хийлгэх гэж амаар тохиролцож, урьдчилан ажлын хөлс олгож байсан ба ******* нь сүүлдээ ажил хийхгүй хүний эхнэртэй холбогдож, хийж байсан ажлаа хаяад явсан байдаг. 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 сарын 07-ны өдрийн хооронд нийт 27,648,930 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. *******ын хийж гүйцэтгэсэн ажил нь 15,000,000 төгрөг хүрэхгүй. Би эхлээд удаан ажиллах юм чинь гээд хувцас, хоол, тамхи, зээл, байрны түрээс гээд бүгдийг өөрөөсөө төлж, сүүлд ажлын хөлснөөс нь суутгахаар тохиролцоод төлөөд явсан. Ажил хийх хугацаанд миний зүгээс *******ын амьдарч байсан байрны түрээсийн төлбөрт 2021 оны 12 сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 4,573,600 төгрөгийг төлсөн. Иймд, *******д олгосон 27,648,930 төгрөгөөс ажлын хөлс 15,000,000 төгрөгийг хасаад илүү олгосон ажлын хөлс 12,648,930 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 4,573,600 төгрөг, хэрэглээний зардалд төлсөн 1,701,500 төгрөг, нийт 18,924,030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Байрны түрээсийг анх ******* төлнө гэж хэлээд өөрөө төлж байсан. ******* нь манайд ажиллаж байгаа тохиолдолд хоол, унаа, техникийн зардал, өмсөх хувцас бүгдийг даана гэж ярьж байсан. Эхний жилд хоол ундны мөнгийг надаас хассан. Тэр үед *******, ******* бид гурав ажиллаж байсан. Ажлын хөлс илүү өгсөн зүйл байхгүй. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

9. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2023 оны 07 сарын 09-ний өдөр ээжээс миний өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг 2-3 хоног аваад өгье гэж гуйгаад авч яваад одоог хүртэл өгөөгүй. Иймд, *******ын хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулна. Мөн ******* нь миний өмчлөлийн автомашиныг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж нийт 130,000 төгрөгийн торгууль гаргаж намайг хохироосон тул *******аас 130,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

10. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: ******* нь сөрөг нэхэмжлэлдээ 2023 оны 07 сарын 09-ний өдөр уг автомашиныг намайг авч явсан мэтээр тайлбар ирүүлсэн нь огт худлаа бөгөөд миний бие тухайн автомашиныг 12,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож аваад өнөөдрийн байдлаар 10 сар гаруй хугацаа өнгөрч байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 27,780,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,060,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас сөрөг нэхэмжлэлд 1,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,924,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******эс Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, хариуцагч******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 296,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 28,550 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож,******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогоос гаргуулж******* ХХК-д, *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөг улсын орлогоос гаргуулж *******д тус тус олгож, нэхэмжлэгч ******* хариуцагч *******,******* ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул *******,******* ХХК нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг гаргаагүйд тооцож хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

12. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

12.1. Эмнэлгийн барилгын ажилд ханын шавар 300 м.кв х 12,000 төгрөг = 3,600,000 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн боловч ******* улсын баяр наадмын амралтаар түр завсарлаж яваад буцаж ирээгүй ба үлдсэн ажлыг дуусгаж гүйцэтгэлийн дагуу төлбөрийг авахын тулд *******, ******* нар хийж дуусган уг ажлын гүйцэтгэлийн үнийг тус бүрд 3,600,000 төгрөгийг төлсөн учир ******* ганцаараа хийж дуусгасан мэтээр нэхэмжлэн авах эрхгүй.

12.2. Цэцэрлэгийн барилгын гадна тохижилт, плитаны ажилтай хамт 7,000,000 төгрөгөөр тохиролцож уг ажлыг *******, *******, ******* нартай хийсэн тул тус бүрийн цалин 2,300,000 төгрөг өгөхөөр байсан. Шүүх плита наах, гадна тохижилтын ажлыг тохирсон үнийг зөв тодорхойлсон боловч 3 хүн хамт хийж цалин хөлсийг хуваахаар байхад зөв дүгнэлгүй 7,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ханын шавар анх батлагдсан төсөвт өртгөөрөө 1 м.кв үнэ 6,304 төгрөг байсан ба *******, ******* нар 1,352.36 м.кв ажил хийж 1 м.кв-ын үнийг 9,000 төгрөгөөр тооцож 12,171,240 төгрөгийг *******, ******* нар авахаар ажил гүйцэтгэж тус бүр 6,085,620 төгрөг авах байсан. Энэ хөлсийг төлсөн боловч шүүх 300 м.кв ханын шавар хоёр хүн хувааж хийгээд 1,506.5 м.кв х 12,000 = 19,032,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ханын өрлөг анх батлагдсан төсөвт өртгөөрөө 1 м.кв 6,150 төгрөг байгаа ба 41.68 м.кв нь тухайн үед 11,000 төгрөгөөр тохиролцон хийлгэж 458,480 төгрөг болсон боловч шүүх 510.68 м.кв х 15,000 = 7,660,200 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Бетон шалны ажил анх батлагдсан төсөвт өртгөөрөө 1 м.кв 5,680 төгрөг ба *******, *******, *******, ******* нартай хамт 1,294.51 м.кв-ыг тухайн үед 8,000 төгрөгөөр тохиролцон хийж нийт 10,332,080 төгрөг болсон ба 4 хүн хийж хувааж авахаар байсан ба ******* 2,589,020 төгрөг авах байсан боловч 1,294.51 м.кв х 10,000 = 12,945,000 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. Хариуцагчаас нэхэмжилсэн хэмжээний үнэ бүхий ажил хийгээгүй, анх тохиролцсон ажлын чанар, хэмжээ, үнэ, гүйцэтгэлд төлбөрийн хэмжээг зөв тодорхойлсон ба тохиролцсон ажлыг гүйцэтгэхгүй орхиж явснаас өөр хүнээр гүйцэтгүүлэн төлбөрийг тухайн хүнд бүрэн төлсөн, нэхэмжлэгч тухайн ажлыг бүрэн хийж үүргээ биелүүлээгүй буюу хийж гүйцэтгэх ёстой ажлын зарим хэсгийг хангалтгүй хийсэн бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.6, 350.1-д заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас авах байсан цалин хөлсийг шаардах эрхгүй байхад энэ талаарх талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй.

12.3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ямар нэгэн баримт, тоо, тооцоололгүй явцын дунд 4 удаа хэмжээ, чанар, үнийг өөрчилсөн. Үүгээрээ зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, ямар ажлыг, хэр хэмжээний үнээр гүйцэтгэсэн талаар эргэлзэж, шаардлагаа байнга өөрчилж байсан нь түүний нэхэмжилсэн үнийн дүн, гүйцэтгэсэн ажил хэр бодитой байсан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байсан ба шүүх үүнийг анхаарч үзээгүй. Хариуцагчаас *******ын гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан ба тухайн ажлын төсөвт өртөг, авто зургийг баримталж хэмжээг үгүйсгэсэн ба хариуцагчийн гаргасан тайлбар, баримтуудад дүгнэлт хийгээгүй.

12.4. Мөн ганцаараа гүйцэтгэсэн гэж нэхэмжлээд байгаа хэмжээ, үнийг зөвхөн нэхэмжлэл, гэрчийн мэдүүлгээр тогтоосон нь учир дутагдалтай дүгнэлт болсон. Гэрчүүд дунд нэг нь нөгөөгөө үгүйсгэх тогтвортой бус, мэдүүлгийн эх сурвалжууд нь тодорхойгүй мэдүүлгүүд авагдсан байхад дээрх зөрүүтэй өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******гийн төлсөн төлбөрөөр ******* аймагт ажил гүйцэтгэх хугацаандаа Улаанбаатар хотод түрээслэн гэр бүлээ байлгаж байсан байрны төлбөрийг хариуцагчаар төлүүлсэнд маргадаггүй, харин төлөх ёстой байсан мэтээр маргадаг ба тухайн түрээсийн төлбөр төлөх үүргийг хариуцагч төлсөн, шүүх түрээсийн төлбөрт шилжүүлсэн дансны хуулга хариуцагч, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангах бүрэн боломжтой байсан ч хангаагүй. *******, хүү ******* нарын дансаар *******ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс руу 2021, 2022 онд цалин 18,148,930 төгрөг, мөн 9,500,000 төгрөг нийт 27,648,930 төгрөг шилжүүлсэн боловч нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 23,200,000 төгрөгийн цалин хөлсийг тооцсон нь талуудын зарчимд нийцэхгүй. 27,648,930 төгрөгийг ******* аймгийн эмнэлгийн болон цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байх үеийн цалин хөлсийг олгож байсан талаар баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч өөрийн дансаар тухайн мөнгийг авсан талаар маргадаггүй ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь дансны хуулгаар баталгаажсан, нотлох баримтын шаардлага хангасан сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч няцааж чадаагүй ба хариуцагчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

12.5. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн эмнэлгийн 600 м.кв ханын шавар, өрлөг 50 м.куб, цэцэрлэгийн барилгын ажилд плита наах, гадна тохижилт 7,000,000 төгрөгөөр ганцаараа хийхээр, гадна ханын блокон өрлөг 14 м.куб, 3,010 м.кв ханын шавар хоёр хүн хувааж хийгээд 1,506.5 м.кв х 12,000 = 19,032,000 төгрөг, цэцэрлэгийн дотор хананы тоосгон хананы өрлөг 510.68 м.кв х 15,000 = 7,660,200 төгрөг, бетон шал 1,294.51 м.кв х 10,000 = 12,945,000 төгрөгөөр хийсэн уг ажлын хийсэн талаарх бичгийн баримт байхгүй, шинжээч дүгнэлт гаргахад тоо, хэмжээ, үнэ, гүйцэтгэлтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй. Угтаа шинжээчийн дүгнэлт хэргийн бусад нотлох баримтаар давхар нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан дүгнэх ёстой байсан ба шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний объектод үндэслэгдсэн байх шаардлагатай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд үзэхгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т зааснаар бодитой тогтоосон гэж үзэхгүй буюу хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй гэж дүгнэхээр байхад шүүх зөвхөн төсөвт өртгийг үндэслэн *******ын гаргаж өгсөн үнэ, хэмжээнд үндэслэн гаргасан шинжээчийг дүгнэлтээр төлбөр гаргуулсан нь учир дутагдалтай үндэслэлгүй шийдвэр болсон.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

13. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төсвийг үндэслэсэн. ******* аймгийн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын төсөв, ******* сумын эмнэлгийн барилгын ажлын төсөв зэрэг нь хэрэгт авагдсан байх тул тухайн төсвийн тоо хэмжээ өртгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар талуудын хэн аль нь маргаж байсан тул нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд үндэслэж ажлын хөлсний нэгж талбайн үнэлгээг тооцож хэргийг шийдвэрлэсэн. Ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч тал доголдол гаргаагүй. Гэтэл хариуцагчаас доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж маргадаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр *******гийн захиалагч болох ерөнхий гүйцэтгэгч компанийн өдөр тутмын ажлыг хянаж байсан инженер ******* гэрчийн мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэрийн 11.3-т ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн талаар тусгасан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч ************** ХХК-аас татгалзаж, хариуцагч *******д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасныг хариуцагч талын зүгээс хариу тайлбар гаргах эрхийг нь хангаагүй гэж маргадаг. Нэхэмжлэгч ******* анх нэхэмжлэл гаргахдаа******* ХХК, ******* нарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд******* ХХК-аас татгалзсан. Нэхэмжлэлийн мөнгөн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Хариуцагч нь ******* аймгийн ******* сумын эмнэлгийн барилгын ханын шаврын ажилд нэхэмжлэгч *******ыг нийт гүйцэтгэх шаврын ажлын талыг нь хийж гүйцэтгээд үлдсэн ажлаа орхиж явсан гэж маргадаг. Энэ асуудлын тухайд нэхэмжлэгч тал маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 300 м.кв талбайд ханын шаврын ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлаа орхиж явсан гэх байдлаар дүгнэсэн гэж хариуцагч тал маргадаг. Энэ асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ******* аймгийн ******* сумын эмнэлгийн барилгын ажлын төсвийг үндэслэсэн байдаг. Түүнчлэн төсвийн 215-р талд дотор ханыг сайн чанартай шавардах нийт талбай 3,104 м.кв, багана шавардахад 169 м.кв, цонхны амлагаа шавардахад 65.7 м.кв, нийт 3,338.7 м.кв талбайн ханын шаврын ажлын тал хэсгийг нь хийсэн гэж үзвэл 1,669 м.кв талбайн ажлыг ******* гэх хүнтэй өмнө нь хийж байсан буюу үүний тал хэсэг нь гэвэл 800 гаруй м.кв талбай байна гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүх 300 м.кв талбайн ажлыг нэхэмжлэгчийг хийж гүйцэтгэсэн гэж үзсэн бөгөөд 500 гаруй м.кв талбайн ажил нь орхигдсон. Ажлын объем хэмжээг нь авч ажлын төсвийн хэмжээ болон плитаны ажлын тоо хэмжээ авагдсан. Чулуун хавтан 38 м.кв, вааран хавтан 479.18 м.кв, ариун цэврийн өрөөнд 135.53 м.кв, ариун цэврийн өрөө, гал тогоонд 355.43 м.кв нийт 1,008 м.кв талбайд плита наасан. Мөн нэхэмжлэгч нь дотор плита наах ажлаас гадна бетонон довжоо хийх, борооны ус зайлуулах бетонон хаяавч хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Плита наасан ажлыг 1 м.кв талбайг 12,000 төгрөгөөр тооцвол 12,000,000 төгрөг болно. Гэтэл плита наах ажлаас гадна бусад ажил болох гадна тохижилтын ажил, мөн бетонон хучилтын ажлыг хийсэн. Бетонон дэвсгэр үе хийх 110 м.кв талбайтай шаланд 30 см зузаан бетон хучаас хийх ажлууд орж 7,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж хариуцагч тал хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь надтай тохиролцсон плитаны ажлын хувьд ******* нь туслах ажилтан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдахдаа би туслах ажилтнаар ажилласан ба цалингаа ******* захирлаас тусдаа авдаг байсан, плитаны мэргэжлийн ажилтан нь ******* захирлын нөхөр ******* болон нэхэмжлэгч ******* нар бөгөөд тухайн 2 хүн плитаны ажлыг хийсэн гэж хэлдэг. Тиймээс 1,000 гаруй м.кв талбайг 2 хүнд хуваахаар 500 гаруй м.кв болох бөгөөд энэ ажлын үнийн дүн нь 6,000,000 гаруй төгрөг болно. Бусад дагалдаж байгаа бетонон шалны хучаас болон гадна тохижилтын ажлуудыг нэмж тооцвол 7,000,000 төгрөгөөс илүү авахаар буюу шинжээчийн дүгнэлтийн үнэлгээгээр харьцуулж үзвэл илүү мөнгө авах үндэслэлтэй харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх талуудын хооронд яригдсан 7,000,000 төгрөгийн үнийн дүнг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн барилгын ажилд 1,352 м.кв талбайд ханын шаврын ажил хийсэн байхад анхан шатны шүүх 3,010 м.кв талбай гэж 2 дахин илүү хэмжээгээр дүгнэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ажлын хөлс өгөх тоо хэмжээнд өөрчлөлт орсон тул анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж хариуцагч тал маргадаг. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн нэгж талбайн үнийг төсөвт орсон баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн өдөр тутмын ажлыг захиалагч талаас хянаж байсан ******* гэх инженерийн төсөв болон гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ зөрөөгүй, тохирч байгаа гэх мэдүүлэг шүүхийн шийдвэрийн 11.3-т тусгагдсан байгаа. Иймд, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ төсөвтэй тохирч байгаа нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Хариуцагч нь ханын өрлөгийн ажил 41.68 м.кв байхад анхан шатны шүүх 510.68 м.кв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнээс үүдэлтэй үнийн зөрүү гарч байна гэх үндэслэлээр гомдол гаргасан. Хэрэгт авагдсан төсөвт тусгагдсан тоо хэмжээг авч үзвэл ханын өрлөгийн асуудал буюу хамар хана өрөх 448.8 м.кв, ариун цэврийн өрөөнд хамар хана өрөх 61.88 м.кв нийт 510.88 м.кв гэж гарсан бөгөөд анхан шатны шүүх төсвийг үндэслэсэн. Төсөвт тусгасан тоо хэмжээний хүрээнд ажлаа гүйцэтгэсэн гэж хариуцагч тал санхүүжилтээ авсан. Бетонон шалны 1,294.5 м.кв талбайн ажлын талаар талуудын хэн аль маргаагүй. 1,294.5 м.кв талбайн бетонон шалны ажлыг *******, *******, ******* нар хийх боломжгүй. Учир нь тухайн ажлыг доголдолгүй хийхийн тулд мэргэжлийн хүн хийх ёстой. Мэргэжлийн хүн буюу нэхэмжлэгч нь зохих журмын дагуу тэгшилж нөгөө 3 туслах нь бетон зуурч, зөөх, асгах, буулгах гэх мэт ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлын талаар гэрч *******, ******* нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба мөн өдөр тутмын ажилд хяналт тавьж байсан ******* инженер нотолсон. *******, ******* нар хариуцагч *******гаас цалин хөлсөө туслах ажилтны хуваарь авдаг. Нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн ажилтны хувьд ажлын хөлсөө үнэлүүлж, тухайн үнэлсэн үнийн дүнгийн буюу шинжээчийн дүгнэлтээр гарсан хэмжээнд шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар ажлын хөлсөнд илүү олгосон 12,648,930 төгрөгийг шаардсан. Энэхүү хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсан гүйцэтгэсэн ажлын баримтуудаар няцаагддаг. Хариуцагч нь илүү олгосон гэх асуудлыг өөр ямар нэгэн баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч ******* нь Улаанбаатар хотод ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ орон сууц түрээсэлж ажилчдаа байрлуулж ажиллуулдаг байсан. Тухайн гүйцэтгэж байгаа ажлын ойр орчимд буюу Яармагт ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд Яармагт орон сууц түрээсэлж ажилчдаа тухайн ажлын ойр орчимд амьдруулдаг байсан. Яармагт 2 удаа 16 давхрын ажил хийж гүйцэтгэж байсныг *******гэх Яармагийн барилгын ажлын инженер нотолдог. Өөрөөр хэлбэл, түгжрэл зэрэг асуудалд цаг алдахаас сэргийлж хариуцагч тал орон сууцыг өөрөө түрээсэлж зардлыг нь төлж байсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөг тус тус гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан ******* улсын дугаартай, Приус-20 маркийн автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах шаардлага тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* ХХК, ******* нарт холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

3. Хариуцагч нар дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 3,360,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* нь илүү олгосон ажлын хөлс 12,648,930 төгрөг, түрээсийн төлбөр 4,573,600 төгрөг, хэрэглээний зардал 1,701,500 төгрөг тус тус гаргуулах, хариуцагч ******* нь ******* улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, автомашины торгуульд төлсөн 130,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага тус тус гаргажээ. 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК, ******* нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан тул хариуцагч******* ХХК, ******* нарын сөрөг шаардлагыг гаргаагүйд тооцож, хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг гаргуулах, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

6. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар ******* аймгийн *******суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгад хана, шалны плита наах, ханын шавар, өрлөг, бетон шал, гадна тохижилтын ажлыг хийх, мөн ******* аймгийн ******* суманд баригдаж буй эмнэлгийн барилгад ханын шавар, өрлөгийн ажил хийхээр тус тус амаар тохиролцож, үүний дагуу ******* нь 2021 оны 04 сараас 2021 оны 09 сар, 2022 оны 05 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацаанд ******* аймгийн *******суманд, мөн 2023 оны 05 сараас 07 сар хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* суманд ажил гүйцэтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан фото зураг, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

7.  Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй боловч гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үр дүн, тохирсон ажлын хөлсний хэмжээний талаар маргажээ.

Талууд ийнхүү харилцан адилгүй тайлбар гарган маргах боловч ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, актаар баталгаажуулаагүй байх тул зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар өөрийн шаардлага, татгалзлыг нотлох зорилгоор тус тусын дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч цэцэрлэг болон эмнэлгийн барилгын ажлаас өөр бусад ажилтай холбоотой, өөр харилцаатай холбоотой гүйлгээнүүд орсон, тэдгээрийг шүүх ялгаж, зааглах боломжгүй тул тэдгээр дансны хуулга нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

8. Цэцэрлэгийн барилгын ажил, эмнэлгийн барилгын ажлын хөлсний хэмжээг нэхэмжлэгч нь нийт 56,800,000 төгрөгөөр (46,100,000+10,700,000) тодорхойлсон нь шүүхээс томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 57,793,609 төгрөгтэй (шинжээч нь нэхэмжлэлд дурдагдсан ажлын тоо хэмжээгээр тооцож дүгнэлтээ гаргасан) ойролцоо байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлд дурдагдсан ажлын хөлсний үнэлгээг маргааныг шийдвэрлэхэд баримтлах нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй ... бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасантай нийцнэ гэж үзэв.

Хариуцагч ******* нь ажлын хөлсний хэмжээ нийт 15,000,000 гаруй төгрөг байгаа гэх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.

9.  Цэцэрлэгийн барилгын ажлын тухайд:

9.1. Хана, шалны плита наах, гадна тохижилтын ажлын хөлсийг талууд нийт 7,000,000 төгрөгөөр тохирсон, уг ажлыг *******, *******, ******* нар хамт хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон тул ажлын хөлсийг 2,333,333 төгрөгөөр (7,000,000 : 3) тооцох нь зүйтэй.

9.2. Ханын шаврын ажлын хэмжээ 1,352.36 м.кв, уг ажлыг *******, ******* нар хамт хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдсон тул ажлын хөлсийг 12,000,000 төгрөгөөр (1,000 х 12,000) тооцох нь зүйтэй.

Гэрч ******* нь шаврын ажлыг *******тай адил тэнцүү хэмжээгээр хийгээгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон тул 1,352.36 м.кв-ыг хоёр хуваах боломжгүй, улмаар нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцсон болно.

9.3. Өрлөгийн ажлын хэмжээ 510.68 м.кв, уг ажлыг ******* дангаар хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдож байх тул ажлын хөлсийг 4,500,000 төгрөгөөр (300 х 15,000) тооцох нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад гэрч ******* нь ...өрлөгийн ажлыг *******аас бусад нь хийж чадахгүй... гэсэн агуулгатай мэдүүлгийг өгсөн тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцсон болно.

9.4. Бетон шалны ажлын хэмжээ 1,294.51 м.куб, уг ажлыг *******, *******, ******* нар хамт хийсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон тул ажлын хөлсийг 12,945,100 төгрөгөөр (1,294.51 х 10,000) тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан ...бетон шалны тэгшилгээг мэргэжлийн хүний хувьд би дангаар хийж гүйцэтгэсэн, бусад нь бетон зуурч, зөөх, асгах г.м ажлыг гүйцэтгэсэн... гэх тайлбар нь гэрч *******ийн ...тэгшилгээг ******* хийж гүйцэтгэсэн... гэсэн мэдүүлгээр дэмжигдсэн тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцсон болно.

Иймд, 31,778,433 төгрөгөөс (2,333,333 + 12,000,000 + 4,500,000 + 12,945,100) нэхэмжлэгчийн авсан гэх 22,900,000 төгрөгийг хасч, үлдэх 8,878,433 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

10. Эмнэлгийн барилгын ажлын тухайд:

10.1. Ханын шаврын ажлын хэмжээ нийт 1,800 м.кв, уг ажлын 50 хувийг *******, *******, ******* нар хийж гүйцэтгэсэн, хүн тус бүр 300 м.кв хэмжээтэй ажил хийсэн болох гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул ажлын хөлсийг 3,600,000 төгрөгөөр ((1,800 х 50%) : 3 х 12,000) тооцох нь зүйтэй.

10.2. Өрлөгийн ажлын хэмжээ 42 м.куб, уг ажлыг *******, *******, ******* нар хийж гүйцэтгэсэн, хүн тус бүр 14 м.куб хэмжээтэй ажил хийсэн болох гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул ажлын хөлсийг 980,000 төгрөгөөр (14 х 70,000) тооцох нь зүйтэй.

Анхан шатны шүүх эмнэлгийн барилгын ажлын нэхэмжлэгчид ногдох хэсгийг 4,580,000 төгрөгөөр (3,600,000 + 980,000) тооцсон нь зөв байх боловч эмнэлгийн ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг өгсөн, авсан гэсэн зохигчдын тайлбарыг анхаараагүй байна.

Иймд, 4,580,000 1,000,000 = 3,580,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

11. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

11.1. Даатгалын шимтгэлд төлсөн 3,360,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, уг дүнг ажлын хөлснөөс хасаж тооцож, үлдэх дүнг нэхэмжилсэн байх тул уг сөрөг шаардлагыг хангахгүй.

11.2. Хариуцагч *******гийн төлсөн гэх түрээсийн төлбөр 4,573,600 төгрөгийг нэхэмжлэгч ******* буцаан төлнө гэсэн тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч *******ын гаргасан ...манайд ажиллаж байгаа тохиолдолд түрээсийн төлбөрийг ******* хариуцна гэж анх тохирсон... гэсэн тайлбарыг хариуцагч ******* баримтаар няцаагаагүй тул уг сөрөг шаардлагыг хангахгүй.

Харин анхан шатны шүүх хувцасны үнэ гэх 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээнэ.

11.3. Давж заалдах шатны шүүх ажлын хөлс 12,458,433 төгрөг (8,878,433 + 3,580,000) хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор илүү төлсөн ажлын хөлс 12,648,930 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангахгүй.

12. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой буюу ажлын хөлс тооцохтой холбоотой шаардлага байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан сөрөг шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй. 

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 193/ШШ2025/00167 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...27,780,000... гэснийг ...12,458,433... гэж, ...23,060,000... гэснийг ...38,381,567... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...318 дугаар зүйлийн 318.1... гэснийг ...343 дугаар зүйлийн 343.1... гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...7.1.1, 7.1.2-т... гэснийг ...7.1.1... гэж, ...296,850... гэснийг ...214,285... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 296,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР