Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00924

 

 *******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02091 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч компанийн захирлын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар *******тэй өртөөний жолооч *******ыг 2024 оны 04 сарын 20-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр надад мэдэгдэж, 2024 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тушаалд дурдсан боловч миний бие тухайн өдөр архи огт уугаагүй, тухайн өдөр тандагч багаж спиртийн агуулгыг яг хэд зааж байсныг шалгуулагч нарт үзүүлж танилцуулаагүй. Миний бие 2024 оны 04 сарын 05-ны өдөр өртөөний дарга *******тай ажил хэргийн шугамаар маргалдаж муудалцсан. Гэтэл хувийн харилцааны улмаас өс санаж ямар нэгэн шалтаг гарган ажлаас халсанд гомдолтой байна. Улмаар тухайн өдөр тандагч багаж үлээлгэн архи уусан гэж намайг гүтгэж байна гэж үзэж байна.

Иймд, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь "******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн Б/561 дугаар тушаалаар Төслийн нэгжид жолооч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Түүнийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тухай өртөөний удирдлага нь холбогдох нэгжид мэдэгдэж, улмаар өртөөний орлогч дарга *******, эмч *******, замчин ******* нар жолооч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тодруулах зорилгоор 2024 оны 04 сарын 20-ны өдөр өртөөний технологийн байрны 8 тоот өрөөнд 12 цаг 20 минутад тандах багажаар сорил тавьж, тэмдэглэл үйлдэхэд согтолтын зэрэг 0,16 гэсэн хариу гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл тул ажил олгогчоос 2024 оны 04 сарын 23-ны өдрийн Б/307 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* ТӨХК-ийн жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 30,415,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, хариуцагч ******* ТӨХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 310,025 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. *******тэй өртөөнд гарсан хэрэгт, архины тухай асуудлын талаар, зөрчлийн акт үйлдэхэд байлцсан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй комиссын гишүүд буюу тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа 3 гэрч байлцан, гарын үсэг зурсан байтал нэг гэрчийг оролцуулж, уг хэргийг шийдсэн нь хэргийг эргэлзээгүй үнэн зөв ач холбогдолтой тал бүрээс үнэлж дүгнэж шийдвэрлэх журам зөрчигдсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 зүйлийн 48.1-д заасныг зөрчиж шийдвэрлэсэн байна.

4.2. Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо *******ны хөдөлмөрийн гэрээний 2.9-д зааснаар үндсэн цалин 1,400,000 төгрөг, 10 сар 12 хоногийн цалин 14,763,600 (10*1,400,000=14,000,000, 12 хоног *63,636= 763,600 төгрөг) байхад хэтэрхий зөрүүтэй, алдаатай тооцож нийт 30,415,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд тэгш боломжтой оролцох, мэтгэлцэх зарчмыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч гэрчээс чухам ямар асуудлын талаар тодруулах нь тодорхойгүй байсан. Тухайн үед байлцсан гишүүн уг асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүнчлэн, гэрчийн мэдүүлгээр тандах ажиллагаа тухайн үед процессын дагуу явагдсан эсэх, мөн тухайн багажтай холбоотой асуудлыг тодруулсан бөгөөд нэг гэрчийн хувьд хангалттай гэж үзсэнээр гомдлыг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин хөлсний тухайд шүүхээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь тандалт багажаар хийсэн сорилтоор тогтоогдож, тэмдэглэлээр баталгаажсан... гэж тайлбарлажээ.

3. Хэргийн 46-р талд 2024 оны 04 сарын 20-ны өдрийн 12:20 цагт үйлдсэн гэх Согтууруулах ундааны зүйл хэрэглэх эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай тэмдэглэл гэсэн баримт авагдсан, уг баримтад ******* өртөөнд жолооч ажилтай ******* нь тандах багажаар сорил тавихад артерийн даралт 130/90, пульс 88, тандагчаар 0.16, согтууруулах ундаа уусан байна гэж тэмдэглэж, өртөөний эмч *******, орлогч дарга *******, ҮЭ-ийн хорооны дарга ******* гэж гарын үсэг зуржээ.

4. Анхан шатны шүүх дээрх баримтад гарын үсэг зурсан гэх *******г гэрчээр асуусан байх ба ...гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн ...архи огт уугаагүй... гэх тайлбар үнэн зөв болох нь тогтоогдож байна... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.  

Тодруулбал, хэрэгт авагдсан 2024 оны 04 сарын 20-ны өдрийн Согтууруулах ундааны зүйл хэрэглэх эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай тэмдэглэл гэсэн баримтад өртөөний эмч *******, орлогч дарга *******, ҮЭ-ийн хорооны дарга ******* нар гарын үсэг зуржээ.

Анхан шатны шүүх тухайн баримтыг үйлдэх үед байлцсан орлогч дарга *******ос гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаагүй атлаа ҮЭ-ийн хорооны дарга *******гийн өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэл муутай болжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх баримтад гарын үсэг зурсан этгээд болох *******ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...тэмдэглэл үйлдэхэд байлцсан *******гээс гэрчийн мэдүүлэг авч байх тул хүсэлтийг хангахгүй... гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3-т заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэснийг зөрчжээ.

6. Иймд, ...зөрчлийн акт үйлдэхэд гурван гишүүн байлцаж гарын үсэг зурсан байтал нэг гэрчийг оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 320,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР