| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00391/И |
| Дугаар | 181/ШШ2016/00409 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00409
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00409 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны 3-4 тоот, Ар бадрах ХХК /РД:2721511/-ийн хүсэлттэй,
Каяак конкрет ХХК /РД: 5050626/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ар бадрах ХХК-ийн захирал Т.Эрдэнэбулган, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай багууллага 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Каяак конкрет ХХК -тай элс, хайрга худалдах худалдан авах гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Каяак конкрет ХХК нь тухайн үед Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,Олимпийн гудамж, Ди Би Бийлдинг 502 тоотод байсан. Төлбөр төлөх хугацаа болсныг сануулж удаа дараа нэхэмжилсэн боловч төлбөрөө төлөлгүй өнөөг хүрсэн. Нийт төлбөрийн хэмжээ алдангийн хамт 17 263 000 төгрөгийг Каяак конкрет ХХК -иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд одоо оршин байгаа хаяг нь тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Каяак конкрет ХХК-ийн хаягыг олж шүүхэд хандах шаардлагатай байх тул Каяак конкрет ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Каяак конкрет ХХК -иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 263 000 төгрөг гаргуулах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах гэхэд Каяак конкрет ХХК ийн оршин байгаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Каяак конкрет ХХК /РД: 5050626, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,Олимпийн гудамж, Ди Би Бийлдинг 502 тоот, РД:5050626/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Каяк конкрет ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО