| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/00101/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/101 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б
өсвөр насны шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Хургадай овогт Т.Эд холбогдох эрүүгийн 1907001070073 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 14 нас 11 сартай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүрэг 119 дүгээр сургуульд сурдаг, Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 35-244 тоотод аав, ээж, 2 эгч, 3 дүүгийн хамт оршин суух, Хургадай овогт Т.Э /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман Монголын хамтарсан сургуулийн дотуур байрны 109 тоотод нэвтэрч Б.Лгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би орой 22 цагийн үед өлсөөд байхаар нь гадуур гарч яваад уг сургууль орж үзмээр санагдсан. Тэгээд дотуур байрных нь нэг давхарын тагтаар нь ороод мөнгө, компьютер авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Т.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Герман-Монголын хамтарсан сургуулийн хашааны голоор гараад алхаж яваад сургууль руу нь орж үзмээр санагдаад онгорхой хаалгаар нь дотогшоо явж ороход нэг залуу хаачих гэж байгаа юм хамаагүй хүн оруулдаггүй юм гар гэхээр нь гараад байрных нь араар тойрч очоод нэг давхарын тагтаар авираад дээш нь гараад цонхоор нь хартал хүнгүй юм шиг хөшиг нь хаалттай, гэрэл нь унтраастай байхаар нь цонхыг нь тогшиж үзэхэд хүнгүй байхаар нь балконых нь хаалгыг өшиглөөд мөн гараараа цохиж байгаад түгжээг нь эвдэж онгойлгоод дотогшоо ороход ширээн дээр Дэлл брэндийн нөүтбүүк байхаар нь аваад ширээний шургуулганаас нь бэлэн 18.000 төгрөг авсан. Ингээд буцаад тагтаараа гараад шууд “Шинэ Налайх” хороолол руу алхаад дэлгүүрт нь орж нипс, снейкерс зэрэг зүйлс аваад байрны орцонд орж идэж сууж байгаад гараад доошоо гудамжаараа алхаад явж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/
Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед гараад өрөө рүүгээ явж байтал манай өрөөний тагтны хаалга онгорхой байхаар нь хулгай орсон юм биш биз дээ гэж бодоод шууд цонхныхоо доор очоод дотор нь хүн байгаа эсэхийг хартал хүн байхгүй юм шиг байхаар нь хамт байдаг Наурызбекийг нөгөө талаар нь тойроод өрөөндөө ороод үздээ гээд явуулахад өрөөний хаалга цоожтой хэвэндээ дотор нь хүн байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Миний нөүтбүүк цүнхтэйгээ мөн түрийвчинд байсан 18.000 төгрөг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед өрөөнд цуг байдаг Б.Лгийн хамт сургуулийнхаа дотуур байранд байж байгаад гарч сургууль дотор байрлах фитнесст орж 2 цаг орчим болсон байх тэгээд буцаад дотуур байрлуугаа очоод өрөөнийхөө цонхыг гаднаас нь харсан чинь балконы цонх онгорхой байхаар нь Б.Л намайг “чи дотогшоо ороод өрөөнд хүн байна уу үзээдэх” гэхээр нь би дотуур байр руу орж өрөөнийхөө хаалгыг татаад үзтэл дотроосоо түгжээтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотуур байрны багшаас нөөц түлхүүрээ аваад өрөөгөө онгойлгоод ортол миний ширээн дээ байсан Б.Лгийн нөүтбүүк алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/
Иргэний хариуцагч Д.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хүү Энхтулга 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн. Эхээс 6 уулаа ба манай дунд хүү байгаа юм. Энхтулга бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 7 настайдаа Орхон аймгийн 5 дугаар сургуульд элсэн орж суралцаад 4 дүгээр ангид байхад нь манай нөхөр намайг зодож цохиод архи дарс уугаад байхаар нь би салаад Улаанбаатар хотод нүүж ирээд Энхтулга 30 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад дахиад шилжээд 26 дугаар сургуульд элсэн орж суралцаж байхад нь аав нь авна гэхээр нь өгөөд явуулахад Эрдэнэтэд очиж сургуульд орсон боловч аав нь архи уугаад хүүхдүүдээ харсан юм байхгүй хараа хяналт нь сулраад байхаар нь би дахиад очиж аваад энэ жил Налайх дүүрэгт 119 дүгээр сургуульд элсүүлэн оруулж сургаж байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу , үг дуу цөөтэй, хичээл номондоо сайн, биеийн тамир спортод авъяастай сагсан бөмбөг тоглох дуртай үндэсний бөхөөр хичээллэдэг, дугуйланд явдаг. Догшин ширүүн ааш авиргүй, архи уухгүй, тамхи татахгүй элдэв муу хорт зуршилгүй хүү байгаа юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/019 дугаар:
1.Хэргийн газраас ирүүлсэн 5 хэсэг 11 ширхэг гарын мөрнөөс 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь папилон санд MN000410010281 дугаарт бүртгэгдсэн Түвшинбаярын Энхтулгын /ФД04280313/ баруун гарын эрхий хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-27 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар 26-ны өдрийн №НД-19-78 дугаар: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 /нэг зуун наян мянга/-өөр үнэлэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Фото зургууд /хх-6-11 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман Монголын хамтарсан сургуулийн дотуур байрны 109 тоотод тагтаар нь нэвтэрч Б.Лгийн өмчлөлийн зөөврийн компьютер, бусад зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 198.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Энхтулгын өгсөн “...байрных нь араар тойрч очоод нэг давхарын тагтаар авираад дээш нь гараад цонхоор нь хартал хүнгүй юм шиг хөшиг нь хаалттай, гэрэл нь унтраастай байхаар нь цонхыг нь тогшиж үзэхэд хүнгүй байхаар нь балконых нь хаалгыг өшиглөөд мөн гараараа цохиж байгаад түгжээг нь эвдэж онгойлгоод дотогшоо ороход ширээн дээр Дэлл брэндийн нөүтбүүк байхаар нь аваад ширээний шургуулганаас нь бэлэн 18.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...22 цагийн үед гараад өрөө рүүгээ явж байтал манай өрөөний тагтны хаалга онгорхой байхаар нь хулгай орсон юм биш биз дээ гэж бодоод шууд цонхныхоо доор очоод дотор нь хүн байгаа эсэхийг хартал хүн байхгүй юм шиг байхаар нь хамт байдаг Наурызбекийг нөгөө талаар нь тойроод өрөөндөө ороод үздээ гээд явуулахад өрөөний хаалга цоожтой хэвэндээ дотор нь хүн байхгүй байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дотуур байрлуугаа очоод өрөөнийхөө цонхыг гаднаас нь харсан чинь балконы цонх онгорхой байхаар нь Б.Л намайг “чи дотогшоо ороод өрөөнд хүн байна уу үзээдэх” гэхээр нь би дотуур байр руу орж өрөөнийхөө хаалгыг татаад үзтэл дотроосоо түгжээтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотуур байрны багшаас нөөц түлхүүрээ аваад өрөөгөө онгойлгоод ортол миний ширээн дээ байсан Б.Лгийн нөүтбүүк алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/019 дугаар дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өсвөр насны шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Хургадай овогт Түвшинбаярын Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Т.Энхтулгын бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлүүлэх, хулгайлах зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авах талаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эхээс тусдаа амьдардаг ар гэрийн нөхцөл байдал, насны байдал, гэмт хэргийн шинжид тохируулан түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналуудыг тус тус гаргасан.
Шүүх талуудын санал дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэлээ.
Харин талуудын өсвөр насны шүүгдэгчид үүрэг хүлээлгэх болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авахуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчийн насны байдал, гэмт хэргийн шинж, эхийн асрамжинд байдаг зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан уг эрүүгийн хариуцлагыг оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны Шүүгдэгч Хургадай овогт Түвшинбаярын Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Энхтулгыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хорих ялаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД