Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00957

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 16,741,975 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагчаас зээлийн төлбөрийг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч *******, ******* нар *******" ХК-тай 2012 оны 10 сарын 29-ний өдөр ОЗГ-2012/124 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулан 44,900,000 төгрөгийг, жилийн 13.2 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч *******, ******* нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, ОБГ-2012/124 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 57.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, *******" ХХК нь "*******" ХК-тай 2012 оны 10 сарын 29-ний өдөр БДГ-2012/124 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-г байгуулан зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг, зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгааг *******" ХХК гаргасан. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 11 сарын 05-ны өдрөөс зөрчсөн бөгөөд "*******" ХК нь 2022 оны 07 сарын 06-ны өдөр, 2022 оны 08 сарын 16-ны өдөр үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдлийг зээлдэгч нарт өгч, зөрчлөө арилгах нэмэлт хугацаа олгосон боловч үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан ОЗГ-2012/124 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 9.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу ******* ХК-аас нэг талын санаачилгаар ОЗГ-2012/124 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй. Зээлдэгч нар "Орон сууцны зээлийн гэрээ-ний үүрэгт 2024 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,658,111 төгрөг, үндсэн хүү 48,864 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 35,000 төгрөг байна.

Иймд үндсэн зээл 16,658,111 төгрөг, зээлийн хүү 48,864 төгрөг, нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал 35,000 төгрөг, нийт 16,741,975 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 57.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2012 оны 10 сарын 29-ний өдрийн БДГ-2012/124 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-ний дагуу батлан даагч "*******" ХХК-ийн хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нарын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоо санхүүгийн байдал дээрдэж байгаа. Энэ зээлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хугацаа авч хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. Дансанд байгаа 2,000,000 орчим төгрөгөөс хасагдах байх гэж бодож байна гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 16,706,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 234 дүгээр зүйлийн 134.1, Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн батлан даагч ******* ХХК-аас зээлийн төлбөр болох 16,706,975 төгрөгийг нөхөн гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 377,509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу ******* ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийг ноцтой зөрчиж манай компанийн данснаас хариуцагч ******* нарын төлөх зээлийн төлбөрийг бидний зөвшөөрөлгүй 2024 оны 08 сарын 07-ны өдөр 1,820,000 төгрөг, 2024 оны 11 сарын 13-ны өдөр 8,776,477 төгрөг, 2024 оны 11 сарын 18-ны өдөр 201,891 төгрөгийг тус тус татсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн бодит байдлыг тогтоох талаар ямар нэгэн тодорхой үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

4.2. Зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримтад хэнээс хэдэн төгрөг төлүүлснийг ялгаж зааглаагүй, нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг зөрчиж манай компанийн данснаас харилцагчийн зээлийн төлбөр төлүүлсэн, хариуцагч *******, ******* нар зээлийн төлбөрийг төлсөн мэт тайлбар гаргаж, үлдэгдэл төлбөрийг зөвшөөрсөн нь хамтран хариуцагч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

4.3. Анхан шатны шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдэлгүйгээр хийж, хэргийн бодит байдлыг тогтоож, үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.  Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

...******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2012 оны 10 сарын 29-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан. Батлан даалтын гэрээний 3.1-д зээлдэгч нь зээлийн үндсэн өр, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нөхөн төлөх баталгаа гаргана, гэрээний 4.2-т батлан даагч нь дараах үүрэгтэй гэж дурдаад, 4.2.1-д зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн өр, нэмэгдүүлсэн үндсэн хүүг өөрийн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлнө гэж тус тус заасан. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж мөн адил заасан. ******* ХК-аас зээлийн батлан даалтын гэрээний 3.1, 4.2.1-д заасныг тус тус үндэслээд тухайн батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан хамтран хариуцах хэлбэртэй гэрээ гэж үзсэн. Үүний дагуу ******* ХК нь батлан даагчаас төлбөр суутгаж авсан. Тухайлбал, хариуцагчийн тайлбарласнаар ******* ХК-аас 2024 оны 08 сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн данснаас 1,820,000 төгрөг, 2024 оны 11 сарын 13-ны өдөр 8,776,478 төгрөг, 2024 оны 11 сарын 18-ны өдөр 201,800 төгрөг буюу тухайн хугацаанд нийт 10,798,368 төгрөгийг батлан даагчаас суутгаж авсан. Уг төлбөрийг суутгаж авсны дараа үлдэгдэл төлбөр болох 16,741,975 төгрөгийг зээлдэгч нараас шаардсан. ******* ХХК-аас мөн адил батлан даалтын гэрээний үүргийг шаардсан.

Иймд, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,658,111 төгрөг, зээлийн хүү 48,864 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 35,000 төгрөг, нийт 16,741,975 төгрөг гаргуулах шаардлага, хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах шаардлага, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт үндсэн зээл 16,658,111 төгрөг, зээлийн хүү 48,864 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 35,000 төгрөг, нийт 16,741,975 төгрөг гаргуулах шаардлага тус тус гаргажээ.

3. Хариуцагч *******, ******* нар өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан, харин хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

4.******* ХК болон *******, ******* нар 2012 оны 10 сарын 29-ний өдөр ОЗГ-2012/124 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 44,900,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар уг зээлийг хүүгийн хамтаар тохирсон хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. Мөн өдөр ******* ХК, ******* нар ОБГ-2012/124 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******ын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалуулжээ.

Мөн өдөр ******* ХК, ******* ХХК-иуд БДГ-2012/124 дугаартай Зээлийн батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь зээлдэгч *******, ******* нар өөрийн үүргийг гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээхээр харилцан тохиролцжээ.

5. Дээрхээс үзвэл, ******* ХК болон *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, ******* ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа, ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүсчээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

6. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлдэгч *******од хүргүүлсэн Үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай албан бичиг зэргээр зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 06 сарын 12-ны өдрөөс эхлэн удаа дараа зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэл гаргах үе буюу 2024 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээл 16,658,111 төгрөг, зээлийн хүү 48,864 төгрөг, нийт 16,706,975 төгрөгийн үүрэг хүлээсэн болох нь тус тус тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

7. Иймд, нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй, анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,706,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасантай нийцжээ.

8. Өмнө дурдсанчлан, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Зээл, зээлийн хүүгийн тооцоолол-оос зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 08 сарын 07-ны өдөр, 2024 оны 11 сарын 13-ны өдөр, 2024 оны 11 сарын 18-ны өдрүүдэд төлөгдсөн нийт 10,798,368 төгрөгийг (1,820,000 + 8,776,477 + 201,891) хариуцагч ******* ХХК-аас татсан гэж анхан шатны шүүх мэдэх боломжгүй тул ...анхан шатны шүүх хэнээс хэдэн төгрөг төлүүлснийг ялгаж зааглаагүй манай компанийн ашиг сонирхлыг зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Харин анхан шатны шүүх батлан даагч ******* ХХК-аас зээлийн төлбөр болох 16,706,975 төгрөгийг нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул нэхэмжлэгч ******* ХК-ийн гаргасан холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх шийдвэрт оруулна.

Тодруулбал, ******* ХК, ******* ХХК-иудын хооронд 2012 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан БДГ-2012/124 дугаартай Зээлийн батлан даалтын гэрээ-ний 3.1-д Батлан даагч нь ... зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд ... нөхөн төлөх баталгааг гаргаж байгаа болно гэж тусгаснаас үзвэл батлан даагч ******* ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэж дүгнэхээр байна.

10. Анхан шатны шүүхийн гаргасан дараах алдааг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ. Үүнд:

10.1. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан;

10.2. Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний үүргийг шаардсан байхад Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан;

10.3. Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 134.1 гэж бичиж техникийн алдаа гаргасан;

10.4. Нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 35,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй;

10.5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдвэл зохилтой Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 154 дүгээр зүйлийн 154.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан. 

11. Анхан шатны шүүхээс 2025 оны 03 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тов хүргүүлснийг ******* ХХК-ийн ресепшн 2025 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авсан байх тул ...шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02467 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1, 458 дугаар зүйлийн 458.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* нараас 16,706,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...хариуцагч нараас... гэснийг ...хариуцагч *******, ******* нараас... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 241,485 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР