| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2024/03108/И |
| Дугаар | 210/МА2025/00958 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00958
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02943 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 4,963,960 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний хүү *******ийг 2023 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* сургууль дээр байхад нь ******* шатан дээр зөрөхдөө мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар цохиж зодсоны улмаас *******ийн зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хоёр талын зөрүүтэй нийлмэл хугаралтай, хамрын таславч зөрүү багатай хугаралтай, хамар уруул, баруун хацар хэсэгт зөөлөн эдийн хаван хавдартай, уруул завжинд язарсан шарх, дух эрүүнд зулгарал бүхий гэмтлийг санаатайгаар учруулсан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор өсвөр насны яллагдагч *******од холбогдох ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолоор хохирогч *******т учирсан эмчилгээний зардал гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу насанд хүрээгүй *******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч *******аас гэм хорын хохирол нэхэмжилсэн. Хамрын ясны хугарлыг нь насанд хүрсэн үед нь хийхээр хойшлуулсан боловч одоо зайлшгүй хийх шаардлагатай болсон. Учир нь үнэр мэдрэхгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, эмнэлэгт үзүүлж мэс ажилбар хийлгэх боломжтой гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнээс гадна хүү минь 2 жил шүдний аппарат зүүсэн, дөнгөж аппаратаа авхуулсан үедээ хамар руугаа цохиулснаас шүднүүд нь хөдөлгөөнд орж дахин чиг тавьж эмчлүүлсэн. Бусдад цохиулаагүй байсан бол шүдийг дахин эмчлүүлэх шаардлага байгаагүй болно.
Иймд, эмчилгээ хийлгэсэн зардал 950,000 төгрөг, цаашид ******* эмнэлэгт хамар ясны хугарал засах, хамрын таславчийг тэгшлэх мэс ажилбарын төлбөр 3,993,960 төгрөг, хэргийн материалын хуулбар авахад төлсөн 20,000 төгрөг, нийт 4,963,960 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний хүү ******* Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* дунд сургуулийн ******* ангид суралцаж байхдаа 2023 оны 10 сарын 11-ний өдөр хичээлийн завсарлагаагаар сургуулийн 2-3 давхрын шатан дээр ангийн хүүхэдтэйгээ юм яриад зогсож байтал тус сургуулийн 10-р ангийн сурагч ******* хажуугаар нь зөрж өнгөрөхдөө ******* болон түүнтэй цуг зогсож байсан хүүхдийг биеэрээ санаатай мөрлөн мөргөж, улмаар өдөж хоргоон, хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Энэ үед ******* нь *******ийг 2 удаа алгадсан, ******* нь *******ын эрүү хэсэгт цохисон, үүний дараа *******ийн ангийн хүүхэд ******* нь бусад хүүхдүүдийн хамт *******ыг ангиас нь хүчээр чирч гарган нийлж зодсоны улмаас *******ын биед зүүн доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын таславчны мурийлт, эрүүнд зулгаралт бүхий гэмтлийн хөнгөн зэрэг учирсан нь 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 13014 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын дагуу Улсын ерөнхий Прокурорын газрын 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 1/2860 дугаартай албан бичгээр дүүргийн прокурорын дээрх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан болохыг мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулсан. Гэм хор учрахад *******ийн үйлдэл нөлөөлсөн, түүнээс гадна тухайн цаг хугацаанд сургуулийн ариун цэврийн өрөөнд өөр хүүхэд *******ийг цохиж зодсон үйл баримт тогтоогдсон. *******ын хувьд 2023 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн, тухайн өдөр 13 нас 9 сар, 22 хоногтой, 14 нас хүрээгүй байсныг прокурорын тогтоолд дурдсан. Тухайн үед хүүхдүүд сургуулийн орчинд байсан учраас учирсан гэм хорын хохирлыг сургууль хариуцлагыг бүрэн хариуцах ёстой. Хүүхдүүд ийм замбараагүй байгаа нь сургуулийн хяналт, хариуцлага сулаас шалтгаалсан гэж үзэж байна. Мөн хамрын мэс заслын хагалгаа хийлгэх үнэлгээг нэхсэн боловч хүүхэд маань насанд хүрэхээр хийлгэх тул ирээдүйд үүсэх хохирол, энэ нь учирсан бодитой хохирол биш байна. Тухайн үед зардал гарсан бол нэхэмжлэх боломжтой байсан. Бусад зарцуулагдсан гэх зардалд 950,000 төгрөг гэх боловч харагдаж байгаа баримтыг тооцож үзэхэд 720,000 төгрөг нь хамааралтай, харин шүдний эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн боловч шүдэнд гэмтэл учирсныг гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд дурдагдаагүй. Хохирлын хэмжээ тогтоогдсон ч гэм хорыг сургууль хариуцна гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч нар дүгнэлтдээ: Хариуцагчийн хүү ******* нь бусдын биед гэмтэл учруулсан буруутай тул тэрээр бусдын хүүхдийн эмчлүүлсэн бодит хохирол болох эмчилгээний зардал, хагалгааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 884,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,079,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, улсын орлогоос 94,373 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,785 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүх тухайн харилцааны үр дагаврыг зохицуулсан хуулийн нарийвчилсан заалтыг иш татсан атлаа түүнийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 12А дугаартай прокурорын тогтоолд ...2023 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, ******* сургуулийн дотор насанд хүрээгүй ******* нь 2 давхраас 3 давхар луу өгсөх шатаар явж байхдаа *******ыг мөрлөснөөс үүдэн, ******* нь *******ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас *******ийн хамраас цус гарч 3 давхрын ариун цэврийн өрөөнд цусаа цэвэрлэж байх үед нь *******ын найзууд болох ******* нар орж *******ийн эрүү, шанаа хэсэгт 2-3 удаа цохисон гэж, Өсвөр насны яллагдагч *******... гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас 9 cap 22 хоногтой...байсан гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, миний хүү ******* нь 14 нас хүрээгүй, сургуулийн шууд хяналтын дор байхдаа *******т гэмтэл учруулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т заасны дагуу гэм хорыг тухайн сургууль хариуцан арилгах зохицуулалттай байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сургуулийг иргэний хариуцагчаар оролцуулаагүй гэх ойлгомжгүй, үндэслэлгүй тайлбараар гэм хорыг *******т хариуцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Тодруулбал, шинжээчийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 13011 дугаартай дүгнэлтээр *******ийн шүдэнд ямар нэгэн гэмтэл учирсан талаар дурдаагүй бөгөөд шүдний эмчилгээний зардал 350,000 төгрөгийн хохирол нь шүдний чиг уртасгахад гарсан зардал байх бөгөөд *******ын үйлдэлтэй шалтгаант холбоогүй байхад шүүхээс уг төлбөрийг ******* надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.3. Мөн сургууль дээр болсон зодооныг миний хүү ******* эхлүүлээгүй, уг зодооноос хүү минь хохирсныг дурдах нь зүйтэй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүү *******ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 4,963,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Өсвөр насны яллагдагч ******* нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* сургууль дотор насанд хүрээгүй *******ийг шатаар зөрөхдөө мөргөлөө гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь цохиж зодсон;
3.2. Үүний улмаас *******ийн хамрын яс, хамрын таславчийн хугарал, духны зулгаралт, уруулын баруун булан, дотор салст, баруун завжинд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан;
3.3. Өсвөр насны яллагдагч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
3.4. Өсвөр насны яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас, 9 сар, 22 хоногтой байсан.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* сургуулийн дотор гарсан, гэмт хэрэг үйлдэх үедээ ******* 13 нас, 9 сар, 22 хоногтой байсан зэрэг нөхцөл байдлыг анхааралгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
5. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана гэж зохицуулжээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагчаа буруу тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
6. Хэдийгээр Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны ... иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан боловч уг зохицуулалт нь 7-14 насны иргэн Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т заасан хуулийн этгээдээс өөр газар бусдад гэм хор учруулсан тохиолдолд хэрэглэгдэнэ.
7. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд анхан шатны шүүх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т зааснаар хариуцагч *******т холбогдох, гэм хорын хохиролд 4,963,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 25,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР