| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00488/И |
| Дугаар | 181/ШШ2016/00835 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2016/00835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, 30/3 тоот хаягт байрлах Тэнгэр ХХК /РД:2040271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард -73 тоот хаягт байрлах Мөнхзамбала корпораци ХХК /РД:5070562/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхзамбала корпораци ХХК нь манай компанитай олон жил хамтран ажиллаж байгаа. Жил бүр гэрээгээ сунган хамтарч ажилладаг. Мөнхзамбала корпораци нь 2015-2016 онуудад “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлэхгүй 18 635 953.40 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс Мөнхзамбала корпораци ХХК-иас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр болох 18 635 953.40 төгрөг, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтад заасны дагуу алданги 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг дуустал хугацааны 17 хоногийн алданги 1 584 056.039 төгрөг, нийт 20 220 000 төгрөгийг хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-иас гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан тайлбарт дурдагдсан бараа буцаалтын дүнг хариуцагчтай дахин тооцоо нийлэхэд зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 17 029 913,4 төгрөг болсон ба уг дүнгээс 17 хоногийн алдангийг тооцоход 1 447 542,6 төгрөгийн алданги тооцогдож байгаа бөгөөд нийт 18 477 456 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мөнхзамбала корпораци нь 2006 оны 10 дугаар сард байгуулагдсан бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад анх удаа хүргэлт үйлчилгээ, онлайн худалдаа зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн энэхүү хугацаанд багагүй амжилттай ажиллаж ирсэн түүхтэй билээ. Тэнгэр ХХК-тай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд манай компанид богино хугацааны эргэлтийн хөрөнгийн хомсдол бий болж, барааны төлбөрийн асуудал хуримтлагдсан билээ. Энэ нь бидний хэрэгжүүлж буй “АТ МАРТ” жижиг сүлжээ дэлгүүрийн төсөл болон эдийн засгийн хямрал, өөрийн дэлгүүрүүдийн засвар үйлчилгээнээс үүдэлтэй юм. Нэхэмжлэлийн үнэ болон компанийн дотоод тайлангийн үнэ зөрүүтэй байна. сүүлийн 2 удаагийн бараа буцаалтын дүн нэхэмжлэлийн дүнгээс хасагдаагүй байгаа учир дахин тооцоо нийлэхийг хүсч байна. Мөн олон жилийн хамтын ажилагаагаа бодож шүүхийн өмнө харилцан ойлголцон, тохиролцох шийдлийг сонгон шүүхээс нэхэмжлэлээ татаж авахыг хүсч байна.” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тэнгэр ХХК нь хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн үнэ болон компанийн дотоод тайлангийн үнэ зөрүүтэй, сүүлийн 2 удаагийн бараа буцаалтын дүн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдаагүй байна гэж маргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчтай тооцоо нийлж үзэхэд компани хоорондын тооцоогоор 17 029 913 төгрөгний үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа төлбөрийн үлдэгдэл 17 029 913 төгрөг, алданги 1 447 542.64 төгрөг, нийт 18 477 456 төгрөг болгон багасгаж байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК болон нэхэмжлэгч Тэнгэр ХХК нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Тэнгэр ХХК нь Мөнхзамбала корпораци ХХК-д бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, Мөнхзамбала корпораци ХХК нь гэрээгээр тохиросон хугацаанд худалдан авсан бараа бүтээгдэүүний үнийг төлөх үүргийг хүлээсэн байх ба төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна /хх-7-9 тал/.
Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК нь нэхэмжлэгч Тэнгэр ХХК-иас 2015-2016 онд нийт 22 133 119 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг худалдан авсанаас 9 173 960 төгрөгийн бараа бүтээгдпэхүүнийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш авсан, бусад бараа бүтээгдэхүүн нь 2015 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүн болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-6 тал/-гээр тогтоогдож байна.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дахь заалтад заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дахь заалтад “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтад “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтад заасан 0.5 хувийн алдангийг тус тус шаардах эрхтэй байна.
Зохигчдийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр тооцоо нийлсэн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 17 029 913,4 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэд 17 029 913,4 төгрөгийг, эдгээр бараа бүтээгдэхүүний 9 173 960 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш нийлүүлсэн байх тул алдангийг гэрээ байгуулагдсанаас хойш нийлүүлэгдсэн барааны үнийн дүн буюу 9 173 960 төгрөгөөс хоногт 0.5 хувиар, нийт 17 хоногоор тооцож, /9173960*0.5%=45869.8*17=779786,6/ 779 786,6 төгрөгийг, нийт 17 809 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР