| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/03649/И |
| Дугаар | 210/МА2025/00959 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00959
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03067 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 1992 оны 11 сарын 09-ний өдрийн 54 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад 1994 оноос тус сургуулийн нягтлан бодогчоор 1996 оныг дуустал ажилласан юм. Гэтэл өнөөдөр ******* аймгийн архивт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл 1995-1996 онуудад төлснийг Нийгмийн даатгалын байгууллага баталгаажуулсан боловч тушаалаар баталсан цалин хөлс нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээс зөрүүтэй, тохирохгүй байна гэсэн хариуг өгсөн. 1997-1999 онуудад хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулж, дэвтэрт бичилт хийсэн. Гэвч одоо архивт алга байна гээд хасаж байгаа нь шударга бус байна. Нийгмийн даатгалын байгууллага хувь хүнээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлчхээд 27 жилийн дараа өөрийнхөө баталгаажуулсан дэвтрээ өөрөө үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Иймд, 1995-1996 онд 10 жилийн сургуульд ажилласан, 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, нийт 5 жилийг ажилласан жилд тооцож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******г 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогч-оор ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах тухай *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие 1963 онд төрсөн, 1983-2023 он хүртэл 40 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгосон. Нийгмийн даатгалын шимтгэлийг 1997-1999 онд төлсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл төлөлтийг баталгаажуулсан атлаа тэтгэвэр тогтоолгох үед хассан байсныг хүлээн зөвшөөрөхгүй учраас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл захиргааны хэргийг түдгэлзүүлсэн гэж тусгасан учраас ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Тухайн үед нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлтийг баталгаажуулсан атлаа одоо үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд, 1997-1999 онд ажиллаж байсан байдлыг тогтоож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, техникийн алдааг залруулж, зарим дүгнэлтийг залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь 1995-1996 онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг ажилласан жилд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
3. Хэрэгт авагдсан *******гийн нэр дээр олгогдсон *******дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1995 оны 01 сарын 05-ны өдрийн 06 дугаартай Цалин тогтоох тухай тушаал, уг тушаалын хавсралт, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 22 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл нэхэмжлэгч ******* нь 1995-1996 онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******гийн гаргасан холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...1994... гэж бичиж, техникийн алдаа гаргажээ.
Нэхэмжлэгч *******гийн гаргасан холбогдох шаардлага нь 1995-1996 онд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрт ...1994... гэснийг ...1995... гэж өөрчилж, техникийн алдааг давж заалдах шатны шүүх залруулна.
4. Харин нэхэмжлэгч *******гийн гаргасан ...1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг ажилласан жилд тооцуулах тухай... шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6-д заасан хүний ажиллаж байсан байдал тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарахгүй тул уг шаардлагыг хангахгүй.
Учир нь, аливаа этгээд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажиллаж байсан байдал гэж үзэх боломжгүй юм.
5. Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүхийн хийсэн ...1997-1999 онд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулахтай холбоотой асуудлыг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсан болно.
6. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03067 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг ажилласан жилд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлалтыг өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР