| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0107/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Гт холбогдох эрүүгийн 1907002120081 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 53 дугаар байр 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь Налайх дүүргийн 2 дугаар 48 дугаар байрны ар хэсэгт байрлах Г.Пийн гражинд 2019 оны 3 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө нэвтэрч 45 ампер цагтай аккумлятор нууцаар хууль бусаар авч Г.Пэд 98,808 төгрөгийн хохирол учруулсан,
Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 5-8 тоотод байрлах хашаанд байх Б.Бгийн байнгийн амьдрах монгол гэрийн цоожийг эвдэн орж 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг бөөгийн мөнгөн толь , 2 килограмм хүүхдийн каш, чацрагана жимс 1 кг, 7 ширхэг барааны саван, 2 шил архи, 2 литр шимийн архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч Б.Бд 545,933 төгрөгийн хохирол учруулсан,
Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 2-7 тоотод байрлах Ц.Цгийн байшинд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр вакум цонхыг нь хөшиж дотогш нэвтэрч 32 инчийн Фунай маркийн зурагт, 1 кг орчим хонины мах, 30 ширхэг өндөг, 10 ширхэг шар доктор гэх нэг удаагийн чацраганы өтгөрүүлсэн жүүс зэргийн хууль бусаар авч Ц.Цд 244,200 төгрөгийн хохирол учруулсан,
Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын хэсэгт байрлах Т.Цолмонгийн гражинд 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 3 дугаар сарын 08-нд шилжих шөнө 03 цагийн орчимд нэвтэрч 220 вольтын цахилгаан дрилл, цохилттой гар дрилл, цахилгаан харуул, плита зүсдэг хөрөө зэргийг тус тус нууцаар хууль бусаар авч Т.Цолмонд 222,000 төгрөгитус тус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүгдийг нь төлсөн. Цаашдаа өөрийгөө засаж авна. Би сүрьеэ өвчний улмаас группт байдаг. Эм тарианы мөнгө хүрдэггүй. Ээждээ хэлэхгүйгээр хүнээс зээллээ гээд гэртээ идэх юм авч очдог. Би хаалганы цоож онгойлгох аргыг хятадын фэйсбүүкээс харж байгаад сурсан.” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 08-наас 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны ард хэсэгт байрлах Г.Пийн гражинд хууль бусаар нэвтрэн орж 45 ампер цагтай аккумляторыг хулгайлан авсан өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Надад асууж тодруулах зүйл байхгүй...Би Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 5-8 тоотод Монгол гэрийн цоожийг эвдэн орж 2 ширхэг бөөгийн толь, 2 литр шимийн архийг авсан. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 145-148 дугаар тал/
Хохирогч Г.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр байх, манай Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны ард байрлах гражинд хулгай орж машины аккумлятор алдагдсан. Тухайн үедээ тоогоогүй тэгээд хаясан. ...Би аккумляторыг хүлээн авсан. Тухайн үед аккумляторыг аваад 5-6 сар болж байсан. Анх 130,000-150,000 төгрөгөөр авч байсан. яг одоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол гэх зүйл байхгүй, цаашид цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлаггүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-13 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Цогбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа “Түүхий эд авах цэг ажиллуулдаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед би ажил дээрээ байж байсан чинь миний зүс таних Б.Г гэдэг хүн хар өнгийн 45 ампер цагтай аккумлятор надад авч ирж худалдсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2019 оны 3 дугаар сарын эхээр /яг хэдийд гэдгийн нь санахгүй байна/ надад мөнгөний хэрэг гараад би шөнө 1-2 цагийн хооронд хулгай хийх зорилгоор Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны гадна талын гражуудын хажуугаар явж байсан Гражид орсон чинь нэг жижиг суудлын машины кофут үл ялиг онгорхой байхаар нь би очоод татаад үзсэн чинь онгойчихсон юм. Тэгээд би тухайн машинаас хар өнгөтэй 1 ширхэг аккумляторыг хулгайлж авсан юм....2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед гэрээсээ гараад Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлаг хэсэг орчмоор өгсөөд .... хашааны ар талаас нь хашааг давж ороод отверкаар голыг нь сугалж онгойлгоод гэр рүү нь орсон юм. Тухайн гэрт нь орсон чинь хойморт нь бөөгийн хувцас хэрэгсэл өлгөөтэй байсан юм. Би тухайн гэрээс 2 ширхэг мөнгөн толь /бөөгийн/ 1 ширхэг мөнгөн бөгж, 2 литрийн савтай 1 нэрмэл архи, тал шил 0,75 литрийн “Ерөөл” архи, 0,33 литрийн “Чингис архи зэргийг авч гарсан ... Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 2-7 тоот айлд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан. ... цонхоор дотогш нэвтрэн орж хар өнгийн зурагтыг том өрөөнд байрлах бор өнгийн тавиур дээрээс антены залгуурыг нь салгаж авсан. Тэгээд гал тогоонд байсан босоо цагаан хөргөгчнөөс чацарганы шүүс өндөгийг аваад, хөлдөөгчнөөс мах аваад буцаад орсон цонхоороо гадагшаа гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 54, 89-90 ,128дүгээр хуудас/
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 5-8 тоотод амьдардаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед би эхнэр 2 хүүхдээ дагуулаад Улаанбаатар хотод байдаг хамаатны ах Ганболдын гэрт очиж хоносон юм. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэртээ 12 цагийн үед ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай гэрээс 1 мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөөгийн толь, 2 кг хүүхдийн каш, 1 кг чацрагана, 7 ширхэг барааны саван, 7 ширхэг ариун цэврийн цаас, “Эдэн” нэртэй 0,75 литрийн архи нэг шил, 0,75 литрийн “Ерөөл” архи 2 шил, 2 литрийн хуванцар савтай шимийн архи 1 ширхэг, 2 ширхэг шүдний оо, гар нүүрийн саван 4 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан юм. Би хулгайд алдсан мөнгөн аягыг өөрөө худалдаж аваагүй манай ааваас өвлөгдөж ирсэн мөнгөн аяга байсан юм. Тухайн мөнгөн аягыг 600,000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн бөөгийн толийг 6 см диаметртэйг нь 180,000, 8 сийн диатетртэйг нь 230,000 төгрөгөөр үнэлнэ. Ахуйн хэрэглээний элд зүйлийг нийлүүлээд бүгдийг нь 20,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрт 2019 оны 6 дугаар сарын 13-ны оройноос хойш хүнгүй байсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө манай хүү Мөнхбаатар гэртээ очиж манай гэрт хулгай орсон байсныг мэдээд өөрийн эгч Батчимэг рүү ярьж хэлээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрээс 32 инчийн Фунай маркийн зурагт, 1 кг орчим хонины мах, 30 ширхэг өндөг, 10 ширхэг шар доктор гэх нэг удаагийн чацраганы өтгөрүүлсэн жүүс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 86-88 дугаар хуудас/
Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 6 дугаар сарын 14-ний оройн 18 цагийн үед гэрээсээ гарч яваад 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн чинь үүдний өрөөний хажуу талын цонх онгойчихсон байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн чинь том өрөөнд байсан 32 инчийн Фунай зурагт, 30 ширхэг өндөг, 1 кг орчим хонины мах зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 91-92 дугаар хуудас/
Хохирогч Т.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын хэсэгт байрлах 3 зэрэгцээ гражны цоожийг эвдэн дотогш нэвтрэн орсон байсан. Манай гражны цоожийг голыг нь сугалж авсан байсан. Манай гражнаас цохилттой дрилл, гар дрилл, жижиг таслагч, плита зүсэгч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Одоо би тухайн эд зүйлсийг үнэлж мэдэхгүй байна. хуучин хэрэглэж байсан эд зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 124-125 дугаар хуудас/
Гэрч Б.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Налайх дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бөгөөд манай хашаанд манай хадам дүү Цолмонгийн 3 граж байдаг. 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед би бие засах гээд гэрээсээ гарсан чинь манай хашаанд байдаг гражны үүдэнд нэг залуу зогсоод байхаар нь очоод харсан чинь гражны цоожийг эвдэх гээд зогсож байсан. Тэгэхээр нь би “хөөе яах гэж байна” гэсэн чинь нөгөө залуу зугатаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 127 дугаар хуудас/
Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-08 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 20-21, 27-28, 58-60, 95-96, 131-132, 137-138, дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08/017 дугаар дүгнэлт /хх-ийн 64-67 дугаар хуудас/, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08/015 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-106 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 46-49, 80-82 дугаар хуудас/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 83 дугаар хуудас/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 149 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн Б.Гийн Иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-150-155 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Сүрьеэ диспансер өвчтөний хяналтын картын хуулбар/ хх-159 ,175-182 дугаар хуудас/
Хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Налайх дүүргийн 2 дугаар 48 дугаар байрны ар хэсэгт байрлах Г.Пийн гражинд 2019 оны 3 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө нэвтэрч эд зүйл хулгайлан 98,808 төгрөгийн,
Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 5-8 тоотод байрлах хашаанд байх Б.Бгийн гэрийн цоожийг эвдэн орж эд зүйлсийг хулгайлан 545,933 төгрөгийн,
Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 2-7 тоотод байрлах Ц.Цгийн байшинд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэвтэрч эд зүйлийг хулгайлан 244,200 төгрөгийн,
Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын хэсэгт байрлах Т.Цолмонгийн гражинд 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 3 дугаар сарын 08-нд шилжих шөнө 03 цагийн орчимд нэвтэрч эд зүйл хулгайлан 222,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, уг хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Гийн өгсөн “...2019 оны 3 дугаар сарын эхээр /яг хэдийд гэдгийн нь санахгүй байна/ надад мөнгөний хэрэг гараад би шөнө 1-2 цагийн хооронд хулгай хийх зорилгоор Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны гадна талын гражуудын хажуугаар явж байсан Гражид орсон чинь нэг жижиг суудлын машины кофут үл ялиг онгорхой байхаар нь би очоод татаад үзсэн чинь онгойчихсон юм. Тэгээд би тухайн машинаас хар өнгөтэй 1 ширхэг аккумляторыг хулгайлж авсан юм. ...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед гэрээсээ гараад Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлаг хэсэг орчмоор өгсөөд ...хашааны ар талаас нь хашааг давж ороод отверкаар голыг нь сугалж онгойлгоод гэр рүү нь орсон юм. Тухайн гэрт нь орсон чинь хойморт нь бөөгийн хувцас хэрэгсэл өлгөөтэй байсан юм. Би тухайн гэрээс 2 ширхэг мөнгөн толь /бөөгийн/ 1 ширхэг мөнгөн бөгж, 2 литрийн савтай 1 нэрмэл архи, тал шил 0,75 литрийн “Ерөөл” архи, 0,33 литрийн “Чингис архи зэргийг авч гарсан ...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 2-7 тоот айлд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан. ...цонхоор дотогш нэвтрэн орж хар өнгийн зурагтыг том өрөөнд байрлах бор өнгийн тавиур дээрээс антены залгуурыг нь салгаж авсан. Тэгээд гал тогоонд байсан босоо цагаан хөргөгчнөөс чацарганы шүүс өндөгийг аваад, хөлдөөгчнөөс мах аваад буцаад орсон цонхоороо гадагшаа гарсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүгдийг нь төлсөн. Цаашдаа өөрийгөө засаж авна. Би сүрьеэ өвчний улмаас группт байдаг. Эм тарианы мөнгө хүрдэггүй. Ээждээ хэлэхгүйгээр хүнээс зээллээ гээд гэртээ идэх юм авч очдог. Би хаалганы цоож онгойлгох аргыг хятадын фэйсбүүкээс харж байгаад сурсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр байх, манай Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны ард байрлах гражинд хулгай орж машины аккумлятор алдагдсан гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Цогбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед би ажил дээрээ байж байсан чинь миний зүс таних Б.Г гэдэг хүн хар өнгийн 45 ампер цагтай аккумлятор надад авч ирж худалдсан юм...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэртээ 12 цагийн үед ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан Манай гэрээс 1 мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөөгийн толь, 2 кг хүүхдийн каш, 1 кг чацрагана, 7 ширхэг барааны саван, 7 ширхэг ариун цэврийн цаас, “Эдэн” нэртэй 0,75 литрийн архи нэг шил, 0,75 литрийн “Ерөөл” архи 2 шил, 2 литрийн хуванцар савтай шимийн архи 1 ширхэг, 2 ширхэг шүдний оо, гар нүүрийн саван 4 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан юм. гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө манай хүү Мөнхбаатар гэртээ очиж манай гэрт хулгай орсон байсныг мэдээд өөрийн эгч Батчимэг рүү ярьж хэлээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрээс 32 инчийн Фунай маркийн зурагт, 1 кг орчим хонины мах, 30 ширхэг өндөг, 10 ширхэг шар доктор гэх нэг удаагийн чацраганы өтгөрүүлсэн жүүс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн чинь үүдний өрөөний хажуу талын цонх онгойчихсон байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн чинь том өрөөнд байсан 32 инчийн Фунай зурагт, 30 ширхэг өндөг, 1 кг орчим хонины мах зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зэрэгцээ гражны цоожийг эвдэн дотогш нэвтрэн орсон байсан. Манай гражны цоожийг голыг нь сугалж авсан байсан. Манай гражнаас цохилттой дрилл, гар дрилл, жижиг таслагч, плита зүсэгч зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг, Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний тайлангууд , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08/017 дугаар дүгнэлт, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08/015 дугаар шинжээчийн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчаас шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс Боржигон овогтой Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд нэг гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн ял хүндрүүлэх нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн , шүүгдэгчийн эрүүл мэндийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу оногдуулах ялыг багасгаж 1 жилийн хорих ял оногдуулах санал тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний ар гэрийн болон эрүүл мэндийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн шар алаг өнгийн 40 размерийн 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгуулахаар талуудын саналыг хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гт 1 / нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн шар алаг өнгийн 40 размерийн 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД